Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлсний дараагаар сэтгүүлчдийн теле хичээлтэй холбоотой асуултад хариулав.
-Теле хичээлийн үр дүнг яаж хянах вэ. Шалгалт авах уу?
-Сурагчид анх удаа урт хугацаанд гэртээ хичээлээ үзэж байна.
Бүх шатны боловсролын байгууллага, ялангуяа ерөнхий боловсролын сургуульд заах арга зүйн зөвлөмжийг сургууль бүрт хүргүүлсэн.
Гуравдугаар сарын 30-нд хичээл ороход эхний долоо хоногт нь теле хичээлийн агуулгыг бататгах хичээлийг оруулна. Бага насны хүүхдүүд урт хугацаанд завсарласнаар шинээр дасан зохицох хэмжээний хүндрэл үүсдэг. Үүнээс эхлээд хүндрэлүүд гарах тул бататгах, давтах, агуулгын хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллана.
Боловсролын салбарын үйл ажиллагаанд багш, сурагч, эцэг, эхийн хамтын ажиллагаа чухал. Хүүхдүүдэд ихээхэн ачаалал ирнэ. Хүүхдүүдийнхээ сургалтын сайжруулахын төлөө эцэг, эх, багш нар хамтрах учиртай.
Тодорхой хэмжээнд гэрийн даалгавар өгнө. Энэ бүрт төвөгшөөлгүй сургалтын үйл ажиллагааг ойлгохыг хүсье.
Энэ бүх зохицуулалт, хүчин чармайлт нь эцэстээ та бүхний хүүхдүүдийн мэдлэг боловсролыг хоцроохгүйн тулд хийж байгаа ажил юм.
-Нэг хичээл 10-20 минут үргэлжилж байгаа нь богинодож байгаа юм биш үү?
-Хичээлийн 40 минутын турш багш ганцаараа яриад байдаггүй. Хичээлээ заана, хүүхдүүдтэйгээ харилцан ярилцана, нэмж тайлбарласнаар 40 минут болдог. Үүнээс багшийн заадаг хичээлийн үндсэн агуулга нь 15-20 минутад багтдаг.
Теле хичээл зааж байгаа багш нарын заах арга барил, хандлагад олон нийт эерэг үнэлгээ өгч байгаа.
-Үүнд хэдэн төгрөгийн зардал гаргасан бэ?
-Салбарын сайдын багц дотроо зохицуулалт хийж байгаа тул төсөвт хүндрэл үзүүлэхгүй байгаа.
Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд, телевизүүд ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр боловсролын салбарын үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Одоогийн байдлаар 92 сая төгрөгийн зардал гаргасан.
-Хорио цээрийн дэглэм өмчийн хэлбэр хамаарах уу. Хувийн хэвшлийн сургуулиудын тухайд төлбөрийн асуудал сөхөгдөж байгаа?
-Өмчийн хэлбэр хамаарахгүй бүх шатны сургалтын байгууллагад үйлчилнэ. Хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацаа хэвээрээ байгаа.
Хувийн сургуулиудын заавал үзэх хичээл ч телевизээр хүрч байна. Ямар нэг санхүүжилтийн асуудал болон хувийн сургуулиудад хүндрэл гарч байгаа тухай албан ёсоор гомдол санал ирээгүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!