Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Африкийн хамгийн баян эмэгтэйн эзэмшдэг Португалийн банкны захирал амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Анголын төрийн өмчит газрын тосны компанийн хөрөнгийг завшиж Африк тивийн хамгийн баян эмэгтэй болсон гэгдэж буй Изабел душ Сантуштай холбоотой санхүүгийн баримтуудыг өнгөрсөн долоо хоногт олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг ил болгосон билээ.

“Luanda Leaks” гэж нэрлэгдсэн 715,000 орчим тооны бичиг баримтад өгүүлснээр Анголын экс ерөнхийлөгчийн охин тус улсын газрын тосны Сонангол компанийн өмч хөрөнгийг хувьдаа завшиж, $2.2 тэрбумын хөрөнгөтэй болжээ. Тэрээр хөрөнгийн хэмжээгээрээ Африк тивийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог.

Одоо Ангол улсын прокурор Изабелийг гэмт хэргийн сэжигтнээр зарлаж, Ангол дахь эд хөрөнгө, банкны данснуудыг нь битүүмжлээд байгаа.

 

Изабел душ Сантуш өчигдөр гаргасан мэдэгдэлдээ өөрт нь тулгасан хэргүүдийг няцааж, $2.2 тэрбумын хөрөнгөө хууль ёсны бизнесээр олсон, өөрийгөө Анголын шинэ ерөнхийлөгчийн улс төрийн өшөө авалтын золиос болж байна гэжээ.

Энэ мэдэгдэлтэй зэрэгцэн Португалийн EuroBic хувийн банкны ерөнхий менежэр Нуно Рибейро да Куньа амиа хорлосон байдалтай Лисбон хотоос олдсон байна. Португалийн цагдаагийн газар түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэж дүгнэсэн байна.

Энэхүү банкны гол хувь эзэмшигч нь Изабел душ Сантуш юм. “Luanda Leaks” нууц бичиг баримтад өгүүлснээр 45 настай Куньа нь Изабелийн эзэмшдэг компаниудын гүйлгээг хариуцдаг байжээ.

Өчигдөр Анголын ерөнхий прокурор Элдер Питта Грос экс ерөнхийлөгчийн охинтой холбоотой хэргийн мөрөөр Лисбон хотод ирж, Португалийн талтай уулзаж эхэлсэн байна.

Изабел нь төрийн өмчит Сонангол компанийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад аав нь ерөнхийлөгчийн албан тушаалаас буусны дараа шинэ ерөнхийлөгчийн шийдвэрээр ажлаа өгсөн юм. Газрын тосны Сонангол компани нь Анголын экспортын 90 хувийг эзэмшдэг. Анголын олон сая иргэн өдөрт $2 хүрэхгүй мөнгөөр амь зуудаг юм.

Өрнөдийн нэр хүндтэй санхүүгийн компаниуд Изабел душ Сантушийн мөнгө угаах ажилд тусалж байсан нь “Luanda Leaks” баримтаар ил болсон байна.

Тэдгээрийн нэг PwC компанийн топ удирдлага харилцагчдынхаа итгэлийг сэргээхийн тулд Изабелийн компаниудтай холбоотой ажиллаж байсан салбар нэгждээ аудитын шалгалт оруулахаар болжээ.

PwC-ийн ерөнхийлөгч Боб Мориц саяхан хэвлэлд ярихдаа “Бид шалгалтын үр дүнг хүлээж байна. Үүний дараа шуурхай арга хэмжээ авах болно” гэж мэдэгдсэн юм.

Изабелийн эцэг Жосе Эдуардо душ Сантуш нь 1979-2017 онуудад Ангол улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан хүн. 2017 онд түүнийг залгамжилсан шинэ ерөнхийлөгч Жоа Лоренсо өмнөх ерөнхийлөгчийнхөө үлдээсэн завхрал гажуудлыг засахаар эрчимтэй ажиллаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian