Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж, 86 төрлийн стандарт бодисыг хандивлалаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын Мерск байгууллага Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын (МХЕГ) Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хуурамч эмийг шалгах тоног төхөөрөмж болон 86 төрлийн стандарт бодисыг өнөөдөр хандивлалаа.

Ингэснээр эмийн чанар, стандартын шинжилгээг хялбарчлах боломжтой болж байгаа юм.

"Эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан нь илүү шуурхай болно"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ тухай МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирал Б.Амар хэлэхдээ “Меркс олон улсын байгууллага Монголын хүн амын эрүүл мэндийг эрсдлээс хамгаалахад чиглэгдсэн, хуурамч эмийг илрүүлэх зөөврийн тоног төхөөрөмжийг бэлэглэж байгаад баяртай байна.

Өмнө нь эмийн шинжилгээний хариу 7-14 хоногт гардаг байсан бөгөөд хуурамч эмийг илрүүлэхэд цаг хугацаа алддаг байв.

Харин одоо зөөврийн лабораторийн багажтай болсноор шинжилгээний хариу хурдан шуурхай гарахаас гадна улсын байцаагч, мэргэжлийн хүмүүсийн цаашдын үйл ажиллагаагаа явуулахад тус дэм болно" гэлээ.

Мөн тэрбээр "Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид Монгол Улсын эмийн бүртгэлд орж буй бүх эмийг шилжлүүлдэг. Тиймээс ачаалал маш их байдаг бөгөөд стандарт бодисын хангалт харьцангуй тааруу.

Харин өнөөдөр зөөврийн төхөөрөмжөөс гадна 86 төрлийн стандарт бодис мөн хандивлаж байна" гэдгийг нэмж хэлэв.

"Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мерск компанийн Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн харилцааны захирал Рожер Элия “Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй эмийн 30 хувь нь хуурамч байдаг. Энэ нь олон мянган хүний амьдралыг эрсдэлд оруулсан асуудал болоод буй юм.

Манай байгууллага судалгаа шинжилгээнд үндэслэн хуурамч эм илрүүлэх зорилготой зөөврийн лаборатори төхөөрөмжийг хөгжүүлсэн. Энэхүү тоног төхөөрөмжөөр хаана ч шинжилгээ хийхэд хялбар бөгөөд ундны ус ашиглан шинжилж болдгоороо онцлогтой.

Тус төхөөрөмжөөр хуурамч эмийг хурдан хугацаанд, үнэ өртөг багатайгаар илрүүлэх боломжтой” гэлээ.

“Дэлхийн бүх лаборатори Мерск байгууллагын онцгой цэвэршилттэй эмийн стандарт бодисыг ашигладаг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эм зүйн шинжлэх ухааны доктор Д.Цэндээхүү “Дэлхийн бүх лаборатори Мерск байгууллагын онцгой цэвэршилттэй эмийн стандарт бодисыг ашигладаг.

Монголын лаборатори хилээр орж ирж байгаа эмүүдийг харьцуулан шинжилнэ гэдэг бол эмийн чанарт сайнаар нөлөөлнө.

Дэлхийн эмийн стандарт бүхий 86 бодис манай лабораторийн үйл ажиллагаанд маш их тус дэм болно гэж бодож байна” гэлээ.

Эмийн стандарт шалгагч бодис нэг бүр нь 1-3 сая төгрөгийн өртөгтэй аж. 

"Стандартын шаардлага хангаагүй эм 6.4 хувь, хуурамч эм 0.6 хувь болон буурсан"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эмийн хяналтын лабораторийн эрхлэгч Б.Хувьтавилан “Монгол Улсын эмийн бүртгэлд орох бүх эмийг манай лаборатори шинжилдэг учраас ачаалал их. Одоогоор манайд 4,000 орчим стандарт нэр төрлийн бодис бий. Түүнийхээ хүрээнд шинжилгээ судалгаагаа хийж байна.

Өнөөдөр нэн шаардлагатай 86 нэр төрлийн стандарт бодисоор нэмж хангаж байгаад баяртай байна. Энэ бодис байхгүй бол шинжилгээ судалгаа хийгддэггүй.

Түүнчлэн манай улс хоёр гүрний дунд оршдог учраас хуурамч эм орж ирэх эрсдэл маш өндөр.

2017 онд хийсэн тандалт судалгааны дүнгээр шинжилгээнд орсон эмийн дээжийн 0.8 хувийг эзэлж байсан бол стандартын шаардлага хангаагүй эм нь 11 хувийг эзэлж байсан.

Харин өнгөрсөн оны лабораторийн тайлангаар шинжилгээнд орсон стандартын шаардлага хангаагүй эм 6.4 хувь, хуурамч эм 0.6 хувь болон буурсан үзүүлэлт гарсан" гэлээ.

Мөн тэрбээр "Сүүлийн үед тураах болон дааврын бэлдмэл, дархлаа сэргээж тамиржуулах тариа хуурамчаар орж ирж буй тохиолдол илрэх болсон" гэдгийг онцлов.

Гэрэл зургийг Mpa.mn