Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Дайн болох эсэхийг хэлж мэдэхгүй ч гэлээ эдийн засгийн хориг арга хэмжээ тавигдах нь тодорхой"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN

Ираны тал Иракт байрлах АНУ-ын хоёр цэргийн баазруу 10 гаруй пуужин харважээ. Тэд үүнийгээ генерал К.Солейманиг АНУ хөнөөсний төлөө хийж буй өшөө авалт гэж тайлбарлаж байна.

Ямар хэмжээний хохирол учирсан талаар одоогоор ямар нэгэн тодорхой мэдээлэл алга байна. Болсон үйл явдлын дараа АНУ-ын тал ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байна. Ямартай ч Трамп өмнө нь жиргэхдээ Ираны 52 цэгийг бөмбөгдөх болон урьд өмнө нь байгаагүй эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай мэдээлж байсан. Уг үйл явдлын дараа WTI төрлийн газрын тосны ханш 62.5-аас 65.5 хүртэл өсөөд байсан бол одоо 64.5 болж буураад байна.

 

Цаашид байдал намжих төлөв харагдахгүй байгааг болж буй үйл явдлаас дүгнэж болохоор байна. Ираны генералыг хөнөөсний дараа Ирак АНУ-ын цэргийг нутгаасаа гарахыг дэмжсэн шийдвэрийг парламентаасаа гаргасан. Иран 2015 оны цөмийн хөтөлбөрөөсөө гарч ураны баяжуулалтыг хянах боломжгүй болсон. Энэ бүхний хариуд Трамп хатуу арга хэмжээ авна гэдгээ аль хэдийнээ мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр өглөө Ираны тал АНУ-руу халдаж буй нь хэн хэн нь бууж өгөх хүсэлгүй байгааг тод харуулж байна. Олон нийтийн ярьж байгаа шиг дайн болох эсэхийг хэлж мэдэхгүй ч гэлээ эдийн засгийн хориг арга хэмжээ тавигдах нь тодорхой. Үүнээс үүдэн газрын тосны үнэ дахин өсөх эрсдэл өндөр байна. Энэ нь манайх шиг хэрэглэгч орны хувьд удахгүй бензиний үнэ өсөх суурь шалтгаан болох юм. 

“Хэрэв та гадаад арилжаанд оролцож буй бол хөрөнгийн зах зээлд уналт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг анхааран алдагдлаа зогсоох цэгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Харин алт болон газрын тосны ханш огцом өссөн бөгөөд тодорхой хугацаанд коррекци үүсэх магадлалтай тул яаран сандран дахин ханш өсөх хүлээлтээр лонг позиц нээхгүй байхыг зөвлөж байна” гэж Голомт банкны Гадаад арилжааны албанаас мэдээллээ.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.