Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Шатахууны үнэ өсөх суурь шалтгаан аль хэдийн бий болчихсон

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ням гарагаас Даваа гарагт шилжих шөнө Brent маркийн газрын тосны фьючерсийн үнэ Лондоны бирж дээр нэг баррель нь 70 ам.доллароос давж өссөн байна.

Иймд газрын тосны үнэ өсөж буй шалтгааны талаар болон энэ онд манай улсад шатахууны үнэ хэрхэх талаар эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

- Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс шалтгаалаад манай улсад үүсэх нөхцөл байдлын талаар эдийн засгийн шинжээч хүнийхээ хувьд та байр сууриа хуваалцана уу?

- Өнгөрсөн Баасан гарагт Ираны генералын амийг хөнөөсөн үйл явдалтай холбоотойгоор Америк, Иран улсуудын хоорондох асуудал улам хурцадлаа. Үүнээс гадна анхаарах ёстой гол гол үйл явдлууд байна. Үүнд,

  • Ираны Засгийн газар 2015 онд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарлаа.
  • Ираны томоохон зүтгэлтнүүд АНУ-аас өшөөгөө авна гэх мэдэгдэл хийсэн. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ генерал Солейманигийн үхлийн хариуд Тегераны зүгээс ямар нэг халдлага үйлдвэл Иран улсын 52 чухал цэгийг бөмбөгдөнө гэдгээ мэдэгдсэн.
  • Иракийн парламент АНУ-ын цэргийг нутгаасаа гаргахыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч “Хэрэв Ирак биднийг гарахыг шаардвал бид урьд өмнө хэзээ ч харж байгаагүй хэмжээний хориг тогтоох болно” гэв.
  • Мөн өчигдөр НАТО-ийн уулзалт болж, уг асуудлыг эвээр шийдэх хэрэгтэйг уриалж байна.

Эдгээр үйл явдлаас харвал нэлээд ширүүн нөхцөл байдал үүссэн гэдэг нь мэдрэгдэж байна. Хэрэв байдал улам хүндэрвэл хамгийн түрүүнд газрын тосны үнэ тэнгэрт тултлаа өснө. Яагаад гэвэл булангийн орон гэгддэг Иран, Ирак, Кувейт, Саудын Арабын нутаг дэвсгэрээс дэлхийн нийт газрын тосны 20 орчим хувь нь нийлүүлэгддэг. Наанадаж л Иран Ормузын хоолойгоор нэвтэрч буй газрын тосны танкеруудруу халдах ажиллагаа явуулахад л ханш өснө.

Газрын тосны үнэ огцом өсөх нь дэлхийн эдийн засагт маш их сөрөг нөлөө үзүүлж, бүх юмны үнэ өсөх суурь шалтгаан болно. Мөн бүх улсын инфляц өснө. Ялангуяа манайх шиг үйлдвэрлэгч биш, хэрэглэгч оронд хамгийн хүнд тусах ба 2020 он хүндхэн жил болох вий гэж эмээж байна.

- Инфляц үүснэ гэлээ. Монголбанкнаас инцфляцыг тогтвортой байлгахад эрэлт талаас нь анхаараад нийлүүлэлт талаас нь зах зээлийнх нь жамаар явна гэж байсан. Хэрэв шатахууны үнэ өсвөл нийлүүлэлт талаасаа зохицуулалт хэрэгтэй болох биш гэж үү?  

- Иран АНУ-ын харилцааг бид шийдэхгүй. Тэгэхээр газрын тосны хувьд бид зүгээр л хүлээн авагч тул удирдах ямар ч боломжгүй зүйл. Харин эрсдэл багатай хүлээж авах нөхцөлөө урьдчилж тооцоод, олон улсын арга аргачлалаас судалж, болзошгүй эрсдэлд бэлэн байх нь л чухал.  

Тэгэхээр хэджингээ ярих шаардлага гарч ирнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Засгийн газрын янз бүрийн түвшний хүмүүстэй уулзаж, хэджингийг тайлбарлан, судалгаа хийж, санал гаргаж явсан боловч энэ хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгдсэнгүй.

Хэрвээ олон улсад ашигладаг хэджингийн бүтээгдэхүүнийг зөв ашиглачихсан байсан бол 20 хувийн өсөлтийн ойролцоогоор 15 орчим хувийн эрсдлийг хаах боломжтой байлаа. 

Энэ бол олон улсад ашиглагддаг, стандартчилагдсан санхүүгийн хэрэгсэл. Би санаанаасаа зохиож олоод гаргачихсан зүйл биш. Дэлхий нийтээрээ энэ үйл ажиллагааг сүүлийн 30-40 жил гүйцэтгэж байна.  

Ер нь хэдий болтол ханш өсөхөд олсон хэдэн төгрөгөө халамжид цацаж, ханш унахаар элгээрээ хэвтэх ёстой юм бэ? Бид ойрын 10 жилдээ лав уул уурхайгаас хамааралтай эдийн засгаас салж чадахгүй. Гэтэл нөгөө талд дэлхийн эдийн засаг, том гүрнүүдийн бодлого улам ширүүсээд байдаг. Энийг дагаад түүхий эдийн үнийн савлагаа нэмэгдээд байдаг. Бид улам л их эрсдэл дундуур явах гээд байна даа.

- Одоогийн байдлаар газрын тосны өсөлт хэдэн хувьтай явж байна вэ?

- Халдлагын дараа түрүүн хэлсэн үйл явдлууд эд өрнөж байх үед Брент газрын тосны үнэ долоо хоногийн хугацаанд зургаан хувиар, жилээр нь авч үзвэл 20 хувь өссөн.

Эндээс нэг зүйлийг дүгнэх хэрэгтэй. 2019 онд Монгол Улсын хувьд шатахууны үнэ тийм ч их өсөөгүй. Гэтэл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 20 хувь өсчихсөн байгаа биз. Тэгэхээр удахгүй шатахууны үнэ өсөх суурь шалтгаан аль хэдийн бий болчихсон. Дахин ханш өсвөл шууд үнэ нэмэгдэх түвшинд аль хэдийнээ ирчихээд байна.

Монгол Улсын энэ сарын шатахуун худалдаж авах үнэ өнгөрсөн сарын Брент газрын тосны үнийн дунджид суурилж тогтдог. Манайхан одоо болтол ОХУ-ын хэлсэн үнээр Монгол авдаг гэсэн ойлголттой байдаг. Тэр цаг өөрчлөгдөөд дөрөв таван жил болох гэж байна.

- Манай улсад шатахууны үнийг зөөллөх арга бий юу. Эсвэл зүгээр л хараад суух болов уу?

-  Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөхөөр манай улс онцгой албан татвараа бууруулж зөөллөдөг байсан үе бий. Гэтэл одоо бид гол шатахууны төрлүүдийнхээ онцгой албан татварыг тэг болгочихсон тул татвараа бууруулж, үнийг зөөллөх арга хэмжээ авч чадахгүй гэсэн үг.

- Мөн газрын тосны үнийн төсөөллийг олон улсын  байгууллагууд хэрхэн харж байна вэ. Мөн манайхан өөрсдөө төсөөллөө хэрхэн хийдэг бол?  

- Бид өөрсдөө анализ хийгээд таамаглалаа гаргадаг. Гаргасан таамаглалаа олон улсын байгууллагуудын таамаглалтай харьцуулж хараад ойролцоо гарвал өөрсдийнхөөрөө явдаг. Харин зөрүү их байвал яагаад зөрүүтэй байгаа талаар дахин судлах замаар ажилладаг.

Бидний харснаар газрын тосны үнэ өсөх хоёр шалтгаан харагдаж байна.

  1. Гадаад худалдааны дайны эхний хэлэлцээр амжилттай болсон. Энэ нь эдийн засаг, эрэлт талаасаа өндөр биш ч газрын тосны үнийг өсгөх шалтгаан болж байна.
  2. Ойрх Дорнодод үүсээд буй нөхцөл байдал. Уг асуудал тийм ч амар намжихгүй байх.

Яг одоо бол Брент газрын тосны үнэ 68 ам.доллар байна. Энэ жилдээ дахиад 10 орчим хувиар өсөх магадлал өндөр гэж тооцоолж байна. Үнэндээ байдал хурцадвал сарын дотор ханш 30 хувь өсөж байсан үе байгааг мартаж болохгүй.

- Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж, аюулгүй хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдэж буй талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл алтны үнэ 2013 оноос хойших хамгийн дээд цэгт хүрээд байна гэж байна?

- Алтны хувьд арванхоёрдугаар сарын 23-нд 1,480 ам.доллар байсан алт, өчигдөр 1,590 ам.доллар болж, сар хүрэхгүй хугацаанд 110 ам.доллараар буюу 7.5 хувиар өслөө. Үүнээс 80 ам.долларын өсөлт нь сүүлийн тав хоногт гарсан өөрчлөлт байгаа юм.

Гэхдээ иймэрхүү өсөлтүүд өмнө нь ч гэсэн гарч л байсан. Тухайлбал, Жамал Хашогги сэтгүүлчийн амийг хороосонтой холбоотойгоор Саудын Араб, АНУ хооронд маргаан болох үеэр ч ийм дүр зураг ажиглагдсан.

Иймэрхүү үйл явдлууд алтны ханшийг огцом өсгөдөг. Гэхдээ алтны үнийн трэнд буюу дунд ба урт хугацааны хандлагыг өөрчилж чаддаггүй.

Дунд болон урт хугацаандаа алтны ханшийг Америкийн эдийн засаг тодорхойлдог. Богино хугацаанд асуудал үүсвэл ханш тодорхой хэмжээнд өсдөг ч буцаад гарчихдаг. Дайн байлдаан болчихдоггүй л юм бол алтны ханш энэ чигтээ галзуу юм шиг өсөөд байх магадлал бага. Бидний хувьд алтны ханш огцом унана гэж харахгүй байгаа. 1,600 ам.доллар давсан ч гайхах зүйлгүй гэж харж байна. Учир нь АНУ ба Хятадын гадаад худалдааны маргаан тийм ч амар шийдэгдэхгүй болов уу.

- Ярилцсанд баярлалаа.