Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн муж ундны усаа хэмнэх зорилгоор 10,000 тэмээг нядлахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ган гачиг, түймэрт нэрвэгдсэн Австрали улсад ундны усыг хэмнэх зорилгоор 10,000 хүртэл тооны зэрлэг тэмээг устгахаар болжээ.

Тус улсын алслагдсан өмнөд мужийн APY (Anangu Pitjantjatjara Yankunytjatjara) дүүргийн захиргаа уг нядалгааг өнөөдрөөс эхлэн таван өдрийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

Учир нь тэмээнүүд хэт их ус хэрэглэдэг нь тус газар нутагт суудаг уугуул абориген хүмүүсийн амьдралд аюул учруулж байгаа гэнэ.

Мэргэжлийн анчид тэмээ нядлах ажилд томилогдсон байна.

Австрали улсын өмнөд хэсэгт агаар олон хоногийн турш ихээр халж, ган гачиг болж байгаа. Гэхдээ Нью Соут Уэльс, Викториа зэрэг мужуудтай харьцуулахад ойн түймрийн гамшиг тохиолдоогүй байгаа юм.

APY нь өмнөд Австралийн хамгийн алслагдсан бүс нутаг бөгөөд хүн амын нягтрал хамгийн бага. АНУ-ын Кентаки мужийн хэмжээтэй газар нутагт ердөө 2,300 орчим хүн амьдардаг ажээ.

Австрали улсад тэмээний тоо толгой нэг саяд хүрдэг бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөх болсон байна. Тэмээ нь тус тивийн уугуул амьтан биш, энд нүүдэллэн ирэгсэд анх нутагшуулж байжээ.

Австралийн тэмээний ихэнх нь ганц бөхтэй бол хоёр бөхтэй тэмээ ч байдаг гэнэ.

 

Эх сурвалж: CNN