Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Бага ангиуд тавдугаар сарын сүүл хүртэл хичээллэх бол ахлах ангийн хичээл зургаадугаар сарын 6-нд дуусна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс нийслэлийн сурагчдын амралтыг сунгах шийдвэрийн талаар тодруулаа.

-Нийслэлийн сурагчдын амралтыг сунгах шийдвэр гаргасан байна. Хөдөө орон нутгийн сурагчдын амралтыг сунгах уу?

-Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг 7-14 хоногоор сунгах хүсэлт тавьж байгаа юм билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцууллаа. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Үүнтэй холбоотойгоор манай яамны барьж байгаа бодлого бол наймдугаар  сард баталсан хичээлийн жилийн бүтэц байгаа. Нийслэлийн хүүхдүүд 21, аймаг орон нутгийн хүүхдүүд 14 хоног амарч байгаа. Нийслэлд үнэхээр тийм хүндрэлтэй байгаа бол амралтыг нь долоо хоногоор сунгаад долоо хоногийн хичээлийг агуулгаар нь нөхөөд явах шийдвэр гарсан.

Орон нутгийн сургуулиуд 13-наас хичээллээд явна. Өвөрхангай,  Сэлэнгэ аймагт томуугийн дэгдэлт өндөр байна гээд орон нутагтаа шийдэр гаргасан. Энэ удаагийн томуугийн дэгдэлт 0-4 насны хүүхдүүдийн дунд маш их байгаа юм байна. 

-Томуугийн дэгдэлт их хэвээр байвал сурагчдын амралтыг дахин сунгах уу?

-Ер нь бол сунгаж болно. Гэхдээ сурагчдын амралтыг дахин сунгах хүндрэлтэй. Хэрэв амралтыг дахин сунгах бол гуравдугаар улирлын амралтаас хасахаас өөр аргагүй болно. Одоогийн байдлаар хоёр аймаг долоо хоногоор сунгах хүсэлтээ ирүүлсэн байна. Өөр аймаг одоогоор яригдаагүй. Хэрэв дахин сунгахаар бол яаманд мэдэгдээд тухайн орон нутгийн Засаг дарга нар сунгаад явах боломжтой. 

-Амралт сунгасантай холбоотойгоор сурагчдын зуны амралт хойшлох уу?  

-Энэ жилийн хичээлийн бүтэц 32-33 долоо хоногтой. Бага ангиуд тавдугаар сарын сүүлээр хичээл нь дуусна. Ахлах ангиуд зургаадугаар сарын 6-нд дуусаад элсэлтийн шалгалт руугаа орно.