Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болох төсөөлөлтэй байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулах хурлын дараа Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.

- Алт тушаалтын хэмжээ нэмэгдэж байгаа юу, гадаад валютын нөөцийн талаар мэдээлэл өгөөч?

- Манай улс 4 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байгаа. Оны эцэс гэхэд 4.2 тэрбум ам.доллартай байх болов уу гэж төсөөлж байна. Харьцуулж хэлбэл импортын 8-9 сарын дүнтэй тэнцэж байгаа учраас боломжийн гэж үзэж байгаа ч нэг жилийнхтэй тэнцэх хэмжээнд хүргэх зорилттой ажиллаж байгаа.

Алтны хувьд мэдээлэл өгье. Одоогоор 15 тонн алт авчихаад байгаа бөгөөд он дуусахад 16 тонн болох болов уу гэсэн найдлага тавьж байна. Энэ нь өнгөрсөн онд 22 тонныг авч байснаас бараг 25 хувиар дутуу  гэсэн үг. Ирэх жилийн хувьд мөн энэ жилийн орчим байх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

Алт тушаалт өндөр байвал валютын нөөцийг нэмэгдүүлэхэд сайн талтай.

- Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

- Инфляцын түвшин тогтвортой байгаа одоогийн нөхцөлд төгрөг худалдан авах чадвараа алдаагүй гэж хэлж болно. Гадаад валюттай солилцох ханш өсөж байгаа нь гадаад валют эрэлттэй байгааг илтгэж байна. Импорт талаа харвал энэ оны импорт өнгөрсөн оноос өсөөгүй. Тэгэхээр гадаад валютын өндөр хэмжээний хэрэгцээ байхгүй гэж хэлж болно. Зарим нэг судлаач хүмүүсийн хайхрамжгүй маягаар хэлсэн үгнээс болоод ханш сулрах юм шиг төсөөлөөд байна. Ингээд хүмүүс төгрөгийн хадгаламжаа валютынх болгох, валютын зээлээ төгрөгийн болгох үйл явц яваад байгаа.

Иргэд маань төгрөг илүү өгөөжтэй байгааг харах хэрэгтэй байх. Төгрөгийн хадгаламж 13-15 хувийн хүүтэй байхад, гадаад валют 5 хувийн хүүтэй. Тэгэхээр хадгаламжаа гадаад валют руу шилжүүлснээр 10 хувийн өгөөжөө алдаж байна гэсэн үг.

Худалдааны дайнтай холбоотойгоор ам.долларын ханш чангарч байна. Рубль, юанийн хувьд нэлээд суларсантай харьцуулбал төгрөг маш бага суларсан.