Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүн аймгийн 72 аж ахуйн нэгжид хийсэн шалгалтаар 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сайжруулсан шахмал түлш, уул уурхай, сургууль, цэцэрлэгт хийсэн шалтгалтын дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тус байгууллагаас 2019 онд шалгахаар төлөвлөсөн нийт объектын 94.8 хувь, зөвлөн тусгах үйлчилгээнд хамрагдах объектын 83.5 хувийг энэ сарын 25-ны байдлаар хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамруулжээ.  

Объектуудыг хяналтын хуудсаар үнэлэхэд,

  • 15.6 хувь нь их,
  • 41.8 хувь нь дунд,
  • 41.6 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, эрсдэл 28 хувиар буурч, хууль сахин мөрдөлт өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Байгаль орчин, геологи, уул уурхайн салбарын хяналтын чиглэлээр аравдугаар сард мэргэжлийн хяналтын байгууллагаас зүүн аймгуудад хийсэн аж.

Монгол Улсын газар нутагт олгогдсон хүчин төгөлдөр ашигт малтмалын 3,287 тусгай зөвшөөрөл энэ сарын байдлаар олгогдсон байна. Үүнээс

  • ашигт малтмалын хайгуулын 1,586
  • ашиглалтын 1701 тусгай зөвшөөрөл улсын хэмжээнд олгогдсоныг танилцуулгын үеэр МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэлэв. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр ”Уг шалгалтын хүрээнд нийт 72 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийт 1,682 зөрчил илрүүлж, газар дээр нь 230 зөрчлийг арилгуулан, хугацаатай албан шаардлагыг 71 аж ахуйн нэгжид өгч, 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон улсын орлогод нийтдээ 452.2 сая төгрөг, 1.3 тэрбум төгрөгийн торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээг авлаа.

Уул уурхайн салбаруудад хийсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн нийтлэг зөрчил нь нийгмийн хамгаалал, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр илэрсэн.

Тухайлбал, геологи уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоон олгосон, НДШ-ийг дутуу төлсөн, НДШ-ийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй,  дотоод хяналтын үйл ажиллагаа төслийн хүрээнд тогтворжоогүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлдэг, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг, илүү цагаар ажиллуулдаг атлаа илүү цагийн хөлс боддоггүй болон хөдөлмөрийн болон ил, далд уурхайн аюулгүй ажиллагааг зөрчсөн зэрэг зөрчлүүд гарсан.

Хамгийн том зөрчил илрүүлсэн объект бол Дорнод аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “Петро Чайна Дачин Тамсаг” компани байсан бөгөөд нэг тэрбум төгрөгийн арга хэмжээ авахуулсан. Хөрөнгө оруулалт, борлуулалтын орлоготой холбоотой гүйлгээг монгол улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулж, санхүүгийн тайландаа ил тод байлгах ёстой байтал БНХАУ-ын "Bank of China"-аар гүйлгээ хийж байсан зэрэг томоохон зөрчил илэрсэн юм. 

Үүнээс гадна Архангай аймгийн цэнхэр сумын Орхон багт уул уурхайн эвдэрч орхигдсон газруудыг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх үүднээс тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан зургаан аж ахуйн нэгжээр нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж байна. Энэ сарын 20-ны байдлаар 143.2 га талбайд техникийн 23.6 га талбайд биологийн нөхөн сэргээлт тус тус хийгдэж байгаа. Тухайн газарт нөөн сэргээлт хийгээгүй орхигдуулсан "Монгол газар", "Эм Жим Эйч", "Сэншивэс Монгол" ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлт хийхэд шаардагдах зардлыг мэргэжлийн байгууллага болох “Өндөр хаан трейд” ХХК”аар гаргуулж байгаа.  

Ингээд хоёр аймгийн хэмжээнд тэрбум уул уурхайн салбартай холбоотойгоор тэрбум 800 сая гаруй мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр тавьсан бөгөөд барагдуулалт 50 гаруй хувьтай явж байна" гэв. 

Харин үйлдвэрлэлийн ослын хяналт шалгалтын тухайд 2019 оны байдлаар үйлдвэрийн осолд 230 хүн өртөж, өнөөдрийн байдлаар 35 хүн нас барсан байна. 130 хүн хүнд, 92 хүн хөнгөн гэмтсэн талаар хэлэв. Нийт ослын

  • 24 хувь нь уул уурхайн салбарт
  • 12.2 хувь нь барилгын салбарт
  • 9.6 хувь нь бохир ус зайлуулах цэвэрлэх байгууламжид гарсан аж. 

Ослын гол шалтгаан нь ажил олгогч байгууллагуудын журмын хэрэгжилт нь дутуу, аюулгүй ажиллагаа, урьдчилан сэргийлэх талаар урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээ авдаггүй байдал нь ихэвчлэн нөлөөлжээ. 

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1136911983165051/