Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Хорт хавдрыг эрт оношлох хууль батлагдсантай холбоотойгоор төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан.

Уг хууль батлагдсанаар 2020 оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заажээ.

Хуулийн хэрэгжилтийн талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсад жилд дунджаар 4,400 хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо гэдгийг тодотгон хэлмээр байна.

Тиймээс хорт хавдрыг зөвхөн ХСҮТ-д биш аймаг, дүүргийн эмнэлгүүдэд оношлох шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд аймаг, дүүргийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль эрх зүйн нөхцөл ийнхүү бүрдэж байгаа.

Манай улсад хавдар дандаа хожуу шатандаа оношлогдож байна. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлага бий болж байгаа юм. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэдэг өвчин учраас эрт илрүүлэх нь чухал байна.

Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжинд тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" хэмээн хэллээ.

Эрт илрүүлгийн талаар хуулийн заалтууд:

351 дүгээр зүйл. Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо

351.1.Монгол Улсын иргэнийг хорт хавдрыг эрт илрүүлэх дараахь үзлэг, шинжилгээнд  хамруулна:

351.1.1.дөч, түүнээс дээш насны, элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1-2 удаа;

351.1.2.дөч, түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

351.1.3.гучаас жаран насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд 1 удаа;

351.1.4.тавь, түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд 1 удаа;

351.1.5.тавь, түүнээс дээш насны иргэнийг бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд 1 удаа.