Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн тэмцэгчид Хятадын далбааг урж, худалдааны төвийг түйвээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хонг Конг дахь иргэдийн тэмцэл Ням гарагт 16 дахь долоо хоногтоо үргэлжлэхдээ хүчирхийллийн шинж чанар нь улам нэмэгджээ.

Энэ удаа тус хотын Шатин дүүрэг дэх New Town Plaza худалдааны төв хохирогч болсон байна.

Ням гарагийн өглөө бага хүрээнд тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн тэмцэгчид сүүлдээ эх газрын Хятадын бодлогыг дэмждэг дэлгүүр, бизнесүүд руу дайрч эхэлжээ.

Нүүрэндээ баг зүүсэн залуус шил цонхнуудыг хагалж, автомат машинууд, цахилгаан шатыг эвдэн сүйтгэсэн байна. Хятадын төрийн далбаан дээр гишгичиж, дараа нь гол руу хаяж байгаа дүрс бичлэг сошиал ертөнцөд таржээ.

 

Цагдаа нар худалдааны төвийг, түүнтэй холбогддог метроны өртөөний хамт хааж, өөдөөс нь тоосго чулуу шидэж байгаа тэмцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Шатин дүүргийн хэд хэдэн газарт тэмцэгчид хориглолт босгож, гал тавьжээ.

Өчигдөр бас тэмцэгчид Хонг Конгийн олон улсын нисэх буудлыг довтлохоор сошиал сүлжээнд иргэдийг уриалж эхэлсэн юм. Гэвч цагдаа нар яаралтай арга хэмжээ авч, нисэх буудал хүрэх замуудад хатуу хяналт тавьснаар тэмцлийг зогсоож чаджээ.

Зургаадугаар сарын эхээр гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл Хонг Конгт эхэлж байв.

Сүүлдээ энэ тэмцэл Хонг Конгийн ардчилал, бие даасан засаглалыг хамгаалах тэмцэл болж хувирсан юм. Маргааны сэдэв болж байсан хуулийн төслийг буцаан татсан ч тэмцэл зогсохгүй байгаа бөгөөд сүүлийн үед хүчирхийлэл, өмч хөрөнгөд халдах явдал улам нэмэгдэж байна.

 

Эх сурвалж: BBC