Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Инчеон-УБ чиглэлийн Asiana Airlines компанийн анхны нислэг өнөө орой Монголд бууна”

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

БНСУ-ын агаарын тээвэрлэгч Asiana Airlines компани Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эрхийг авсан билээ. Тус компанийн Инчеон-Улаанбаатарын анхны нислэг өнөөдөр буюу долоодугаар сарын 9-нд албан ёсоор эхлэх тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжингөөс тодрууллаа. 

-Агаарын тээврийн өрсөлдөөнийг чөлөөлөх асуудал яригдаж эхэлснээр БНСУ-ын Asiana Airlines компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх болсон. Хоёр талын яриа хэлэлцээрийн бодит үр дүн нь анхны нислэгээ өнөөдөр хийж байгаа явдал гэж хэлж болох байх? 

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа БНСУ-д хийсэн. Айлчлалын үеэр олон чухал асуудал яригдсаны нэг нь агаарын тээврийн либералчлалын тухай байсан. Ингэхдээ Инчеон-Улаанбаатар чиглэлд нисэх нислэгийн давтамжийг нэмэгдүүлье. Хоёр дахь агаарын тээвэрлэгчийг Солонгосын талаас оруулъя гэдэг асуудал яригдсан. 

Ер нь агаарын тээврийг либералчлах, хоёр дахь тээвэрлэгчийн асуудлыг Н.Багабанди Ерөнхийлөгчийн үеэс ярьж эхэлсэн түүхтэй. Гэвч улстөрчдийн түвшинд янз бүрийн байдлаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа нислэгийн операторуудын эрх ашгийг хамгаалах асуудал гаргадаг байсан. Тухайлбал, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод Сөүл-Улаанбаатарын чиглэлд Монголоос зөвхөн МИАТ, нөгөө талаас ганцхан тээвэрлэгч байна гэсэн хамгаалалтын заалт байсан

Ерөнхий сайд агаарын тээврийг либералчлах нь зүйтэй гэдэг байр суурин дээр байдаг. Гэтэл Солонгосын талтай хэлэлцээ хийхэд дээр дурдсан бодлогын баримт бичгийн заалт саад болоод байсан. Тиймээс Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод өөрчлөлт оруулсны үндсэн дээр Солонгосын талтай агаарын харилцааны хэлэлцээр хийх эрх зүйн үндэс нээгдсэн юм. 

Түүний дараа Солонгосын тал дотооддоо сонгон шалгаруулалт явуулж, Asiana Airline компани Инчеон-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр шалгарсан. Түүнээс хойш бэлтгэл ажлууд хийгдэн, долоодугаар сарын 9-нд анхны нислэгээ Улаанбаатарын чиглэлд хийхээр болсон. 

-Asiana Airlines компанийн Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хийж буй анхны нислэг Улаанбаатарын цагаар хэдэд буух вэ. Таньд энэ талын мэдээлэл байна уу?

-Миний авсан мэдээллээр 23:00 цагт Улаанбаатарт бууна. Харин Улаанбаатар-Инчеоны чиглэлд нисэх зорчигчдыг долоодугаар сарын 10-нд шилжих шөнө аваад буцаад ниснэ

Тус компани нь долоо хоногт гурван удаа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. 

-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хоёрдогч тээвэрлэгч гарч ирснээр ямар эерэг үр нөлөөтэй вэ? 

-Нэг хэсэг нь тусгаар улсын хувьд үндэсний агаарын тээвэрлэгч компаниа хамгаалах ёстой гэдэг байр сууринд байдаг. Агаарын тээврийг либералчлахад үндэсний компани бүсээ чангалах ёстой ч үүнээс ард түмэн хожно гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Монголын иргэд Солонгосоор дамжаад цаашаа нисэхэд шинэ гарц нээж өгч байгаа. Хоёрдугаарт, Монгол руу чиглэх аялал жуулчлалын урсгал нэмэгдэнэ. Манай улс сүүлийн жилүүдэд тогтмол 400-500 мянган жуулчин хүлээж авч байгаа. Үүнээс дээш нэмэх гэхээр Монгол руу чиглэсэн нислэгийн давтамж хязгаартай учраас жуулчдын тоо өсөхгүй байгаа. Тэгэхээр энэ байдал өөрчлөгдөх байх гэж найдаж байгаа.

Одоо байгаа хоёр тээвэрлэгч дээр гуравдахь нь орж ирснээр өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөн бий болсноор зах зээлийн зарчмаараа үнэ бууна

Цаашлаад агаарын харилцаа идэвхтэй байх тусам Монгол Улс нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд дөхөм болно. 

-Агаарын тээвэрлэгч нэмэгдэж байгаатай холбогдуулан нэг зүйл тодруулъя. Хэдхэн хоногийн өмнө шинэ нисэх буудлын менежментийг хийх гэрээнд хоёр тал гарын үсэг зурлаа. Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалд орсноор бидэнд ямар боломжууд нээгдэх вэ?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Наритагийн чиглэлд МИАТ дангаараа нисэж байна. 

Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулснаар дараагийн ээлжинд Японы тээвэрлэгчийг оруулж ирэх бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг
Хөшигийн хөндийн нисэх буудал бүрэн ашиглалтад орохоос өмнө 10 орчим сарын хугацаанд аюулгүй байдлын сургалтын ажил явагдана. Төсөл маань амжилттай урагшилсны дараа Нарита-Улаанбаатарын чиглэлд Японы авиа компанийг оруулах асуудлыг ярих ёстой.

Ер нь аль аль талдаа урьдчилсан яриа хэлэлцээ хийгээд явж байгаа.