Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад дахь ЭСЯ-дад хийж буй Тагнуулын байгууллагын шалгалт удахгүй дуусна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Европын орнууд дахь ЭСЯ-дын ажилтнууд хар тамхины сүлжээнд орсон байж болзошгүй ноцтой баримтууд илрээд буй талаар зарим цахим хуудсаар мэдээлээд байгаа билээ. Тэгвэл энэ талаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Анхбаяртай холбогдож тодруулахад "Одоогоор бидэнд энэ талаар мэдээлэл алга" гээд гадаад дахь ЭСЯ-дад хийж буй Тагнуулын байгууллагын шалгалт удахгүй дуусах гэж байгааг хэллээ. 

Монголын дипломатчид хар тамхины хууль бус наймаа эрхэлж байгаа гэх мэдээллийн дагуу ГХЯ Тагнуулын байгууллагад 2019 оны нэгдүгээр сард хандаж, улмаар Тагнуулын байгууллага Европын хууль хүчний холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа талаар ГХЯ мэдээлсэн юм. Тэгвэл энэхүү хамтарсан шалгалт ийнхүү удахгүй дуусах аж. 

Гадаад оронд эх орноо төлөөлж буй ЭСЯ, консулын ажилтнууд гэмт хэрэгт холбогдож, хариуцлага алдаж буй мэдээлэл гарсаар байгаа билээ. Хамгийн сүүлд БНТУ-ын Истанбул хот дахь Консулын газрын хоёр ажилтан 70 кг хар тамхи Германы хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан билээ. Тэгвэл мөн хар тамхины хэрэгт холбогдсон Хонг Конг дахь Консулын газрын Ерөнхий консул С.Эрдэнийг өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар эгүүлэн татах шийдвэр гаргаад байна. Үүнээс өмнө Хөх хотод сууж байсан ерөнхий консулыг ажлын хариуцлага алдсан хэмээн эгүүлэн татсан билээ.  

Дипломат ажилтнуудтай холбоотой бүх мэдээллийг Засгийн газар, УИХ-д танилцуулаад явж байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг өглөө. 

Зураг
13 | 16 | 16 цаг