Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Эзэлсэн арлуудаа буцааж өгөхийг Их Британиас НҮБ шаардлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн далай дахь бүлэг арлуудыг уугуул эзэнд нь буцааж өгөхийг шаардсан тогтоолыг өчигдөр НҮБ-ын ерөнхий ассемблейн гишүүн орнууд дийлэнх олонхын саналаар баталжээ.

Чагосын олтриг гэгддэг эдгээр арлууд одоо Их Британий захиргаанд байдаг бөгөөд АНУ-ын цэргийн бааз байрладаг юм. Маврики улс 1968 онд Британий колоничлолоос салахдаа Чагосын арлуудыг алдсан байдаг. 1967-1973 онд Британи улс гол арлуудаас уугуул иргэдийг нь албадан нүүлгэж, Диего Гарсиагийн цэргийн баазыг байгуулж, АНУ-д түрээслүүлэх болжээ.

Өчигдөр НҮБ-ын гишүүн орнуудын 116 нь тогтоолыг дэмжиж, 71 нь санал хураалтад оролцоогүй байна. Харин АНУ, Британий талд ердөө дөрвөн улс санал өгсөн юм.

НҮБ-ын тогтоолд Британи улсыг зургаан сарын дотор Чагос арлыг орхин явах хугацаа заажээ.

Британи, АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчид санал хураалтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлцгээсэн байна. Улс хоорондын маргааныг шийддэг НҮБ-ын харьяа Олон Улсын Шүүх өнгөрсөн хоёрдугаар сард Чагос арлуудыг Маврики улсад шилжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Британи улс шийдвэрийг биелүүлээгүй тул Маврикийн засгийн газар НҮБ-ын ерөнхий ассемблейд хандсанаар асуудал ийнхүү шийдэгдэж байна.

 

Эх сурвалж: Russia Today