Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ Канад болон Мексикээс импортлох ган, хөнгөн цагааны татвараа цуцаллаа

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 5 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

АНУ Канад болон Мексик Улсаас импортлох ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татвараа цуцлахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Канадын гангийн импортод ногдуулсан 25 хувийн нэмэлт татвар, хөнгөн цагааны импортод ногдуулсан 10 хувийн нэмэлт татвар 48 цагийн дотор хүчингүй болж байгаа юм.

АНУ өнгөрсөн онд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулсан юм. Тус улсын импортын төмөрлөгийн дийлэнхийг Канад болон БНХАУ-аас худалдан авч байгаа ган, хөнгөн цагаан эзэлдэг. Гангийн импортод ногдуулах татварыг 25 хувь, хөнгөн цагаанд ногдуулах татварыг 19 хувь болгон нэмсэн. Ингэснээр Америкийн дотоодын аж үйлдвэрлэлийг дэмжинэ гэж Цагаан ордон тухайн үед тайлбар хийсэн.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудсандаа “Шударга бус худалдаанаас АНУ хохирч байна” гэж жиргэж ч байсан удаатай. 2017 оны байдлаар АНУ-ын төмөрлөгийн импорт экспортоосоо дөрөв дахин давсан нь ийнхүү шийдвэр гаргахад хүргэж байв. Тус улс дэлхийн 100 гаруй улс орноос ган худалдан авдаг билээ. АНУ-ын төмөрлөгийн салбар 2008 оны хямралын дараа уналтад орж, арван жилийн хугацаанд төдий л сэргэж чадаагүй. Салбарын нөхцөл байдал 2000 оны эхэн үетэй харьцуулахад “тааруу” байгаа гэж хэлж болно.

2000 онд АНУ жилдээ 112 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол, 2016 онд 86.5 сая тонн болж буурчээ. Мөн энэ салбарт ажиллах ажилтны тоо 135 мянгаас 83.6 мянга болж цөөрсөн байна. 2003-2017 онуудад АНУ-д гангийн үйлдвэрлэл 13 хувиар буурсан. БНХАУ-тай харьцуулахад зургаа дахин бага хэмжээний ган дотооддоо үйлдвэрлэсэн байна.

Харин энэ хугацаанд хөнгөн цагааны үйлдвэрлэл нь хоёр дахин багасжээ. Тэгвэл Хятад Улс тав дахин илүү хөнгөн цагаан үйлдвэрлэсэн байна. Ингэснээр 2017 онд АНУ хөнгөн цагаан болон гангийн дэлхий дээрх хамгийн том импортлогч болон хувирчээ. Нийт 34.6 сая тонн ган импортолсноос, 17 хувийг Канад, Бразилаас 14, БНСУ-аас 10, Мексикээс ес, ОХУ-аас найман хувийг тус тус худалдан авчээ.

Мөн долоон сая тонн хөнгөн цагаан импортолсноос, 35.7 хувийг нь Канад, 8.5 хувийг ОХУ болон Арабын Нэгдсэн Эмиратаас, БНХАУ-аас долоон хувийг тус тус худалдан авчээ. 2002 онд АНУ Жорж Буш Ерөнхийлөгчийн үед ийнхүү татвараа нэмэгдүүлсэн ч, өндөр өртөг бүхий худалдааны дайн эхлүүлэхээс сэргийлж, хоёр жилийн дараа Цагаан ордон шийдвэрээ буцааж байсан. Харин 45 дахь Ерөнхийлөгчийн захиргаа ийнхүү нэг жил, хоёр cap хагасын дараа шийдвэрээ буцаалаа.

Ямартай ч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ шийдвэрийг сайшааж, Америкийн эдийн засгийг хөгжүүлэхэд ач холбогдолтойг онцолж байна.

Зураг