Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" НҮТББ-аас ҮАБЗ-д захидал илгээлээ

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 4 сарын 30
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг

"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" НҮТББ-аас ҮАБЗ-д захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР, ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАР ТАНАА ИЛ ЗАХИДАЛ ИЛГЭЭХ НЬ 

Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэвлэлийн бага хурал хийж та бүхний шийдвэрээр хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөхгүй, харин уг мөнгийг Зүүн Баянгийн төмөр замын хөрөнгө оруулалтад зарцуулах шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ.

1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нь  Эрдэнэс тавантолгойн хувьцааг эзэмшиж буй иргэн бүрийн Компанийн тухай хуулийн 3.3-д заасан үндсэн эрх буюу ногдол ашиг авах, хувьцаагаа өвлүүлэх, өмчлүүлэх, захиран зарцуулах, хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхтэй оролцох зэрэг эрхийг хамгаалах, ногдол ашгийн өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм. 

Бид Монголынхоо ард түмэнд байгалийн баялгийн үр шимийг хүртээхээс татгалзаж, иргэдээсээ нүүр буруулсан та бүхний шийдвэрт харамсаж байна. 4-р сарын 12-ний өдөр 96 мянган гишүүнтэй “1072 хувьцаа” фэйсбүүк группд хийсэн судалгаагаар 77.6% нь ногдол ашгаа бэлэн мөнгөөр авахыг хүсэж, зөвхөн 0.5% нь Зүүн Баянгийн төмөр замд хөрөнгө оруулалт хийхийг дэмжсэн. Та бүхэн яагаад хувьцаа эзэмшигчдийн хүлээлтээс тэс өөр шийдвэр гаргаж, иргэдэд ногдол ашиг өгөхийг Үндэсний аюултай байдал гэж үзээд байгаа юм бэ?

Санал асуулга:  1072 хувьцаа эзэмшигч та алийг нь сонгох вэ?

Хариулт

Саналын тоо

%

Ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах

1686

77.6%

Тавантолгой -Гашуун Сухайтын төмөр замд хөрөнгө оруулах

219

10.1%

Баялгийн сан байгуулах

212

9.8%

Тавантолгой-Зүүн баянгийн төмөр замд хөрөнгө оруулах

11

0.5%

Бусад

45

2.1%

Нийт

2173

100.0%

Эх сурвалж: “1072 хувьцаа” фэйсбүүк групп

Эрдэнэс Тавантолгой компани нь 50 сая тонн нүүрс олборлож зарсан бөгөөд одоогоор нэг ч төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшигчдэд олгоогүй байгаа. Үндэсний аюлгүй байдлын зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх та Эрдэнэс Тавантолгойн удирдлагуудад 2019 оны 1-р улиралд багтаан иргэдэд ногдол ашиг олгох үүрэг даалгавар өгч байсанаа яагаад мартав?

“Бүтээн байгуулалт” гэдэг үгний цаана түүнд оруулсан хөрөнгө оруулалтаа хэзээ, хэрхэн нөхөх, улмаар ямар ашиг өгч чадах вэ гэдэг тооцоо судалгаа, ТЭЗҮ байнга дагалдах ёстой. Үүнд хариулт байхгүй бол энэ нь бүтээн байгуулалт бус үргүй зардал болж, түмний ногдол ашиг салхинд хийсэх эрсдэлтэй. Үргүй зардал бол ногдол ашгийн хулгай. Зүүн Баянгийн гэх төмөр зам нь нүүрсний гол зах зээлээсээ зугтаасан төмөр зам учир хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй, магадгүй хувьцаа эзэмшигч иргэдийн ногдол ашгийг дахиад арван жилээр хойшлуулах төсөл болчих юм биш байгаадаа?

“1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” нь Эрдэнэс Тавантолгойн IPO зөвлөхөд өгөх 283 тэрбум төгрөг, компьютер авах 4.5 тэрбум төгрөг, байшин барилга, оффис барих 42 тэрбум төгрөг гэх мэт үргүй зардлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, 400 орчим тэрбум төгрөгийг 2019 оны хөрөнгө оруулалтаас нь хасуулж чадсан. Уг хэмнэлт нь хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашгаар очих ёстой мөнгө юм. 

Эрдэнэс Тавантолгой нь сүүлийн хоёр жилд 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.  1ш хувьцаанд 84 төгрөг, 1072 хувьцаатай иргэнд 90 мянган төгрөг ногдол ашгаар очих ёстой. Жишээ нь 4 хүүхэдтэй, өрх толгойлсон ээжид багадаа 450 мянган төгрөг гар дээр нь очиж, амьдралд нь бага ч гэсэн дэм болох юм. Гэтэл энэ ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдээсээ асуулгүй ТЭЗҮ судалгаагүй, үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй Зүүн Баянгийн гэх 414 км төмөр замын шороон даланд зарцуулахаар дур мэдэн булааж авч байгааг бид хувьцаа эзэмшигчдийн хуулиар олгосон үндсэн эрхэд халдсан балмад үйлдэл гэж харж байна. 

Нүүрсний үнэ хамгийн өндөр байдаг БНХАУ-ын Өвөр Монгол, Тангшан, Шангси мужийн хэрэглэгчдэд хүрэх хамгийн дөт зам  Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр замын 267км шороон даланг төмөр зам болгон гүйцээх бүтээн байгуулалтад зарцуулахаар бидний ногдол ашгийг авсан бол ойлгох байлаа. Зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг бид эсэргүүцээгүй, гагцхүү Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замаас илүү богино хугацаанд хөрөнгөө нөхөж, хувьцаа эзэмшигч иргэдийн ногдол ашгаар ирэх мөнгийг өсгөж чадна гэсэн итгэл үнэмшилтэй судалгаа, тооцоогүйгээр мөнгө зарцуулах болсонд санаа зовж байна. Тавантолгой гашуун сухайтын төмөр зам шиг шороо овоолчхоод мөнгө нь хүрээгүй гээд гацвал дараа жилийн ногдол ашгийг мөн биднээс булааж авч үүнд зарцуулах уу? 

Монголын ард түмний амьдрал сайнгүй байна, өнөөдөр иргэдэд чинь талх, утааны маск авах мөнгө хэрэгтэй байна. Бид та бүхнээс хичээнгүйлэн гуйя. Иргэддээ энэ жил ногдол ашгийг нь өгчих. Бид засгийн газрын 85%-тай зууралдаагүй. Өөрсдийнхөө 15%-д ногдох ногдол ашгаа л авмаар байна. 85%-даа ногдох мөнгийг та бүхэн бүтээн байгуулалтадаа зарцуулж болно. 

Иймд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн эрхэм гишүүд та бүхнийг шийдвэрээ эргэн харж, “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэх Үндсэн хуулийн 6.1-р заалтыг баримтлан иргэддээ ногдол ашиг бэлэн мөнгөөр олгож, байгалийн баялгийн жинхэнэ эзэд гэдгийг нь мэдрүүлэх чиглэлийг Эрдэнэс Тавантолойн Төлөөлөн Удирдах зөвлөлд яаралтай өгөхийг хүсье. Өнөөдөр тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болж байгаа бөгөөд уг хурлаар ногдол ашиг олгуулах шийдвэр гаргуулах бүрэн эрх нь та бүгдэд байна. Хувьцаа эзэмшигч Монголын 2.5 сая иргэн та бүхнийг зөв шийдвэр гаргана гэж итгэж, найдаж байна.  

 

“1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХОЛБОО” НҮТББ

2019 ОН 4-Р САРЫН 30 ӨДӨР

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.