Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: АШУҮИС-ийн 4, Боловсролын их сургуулийн 2 тэрбум төгрөг "Капитал" Банканд байсан

С.Бадрал, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Монголбанкнаас Капитал банкийг татан буулгаж, эрх хүлээн авагч томилоод байна. Тус банкинд төрийн багагүй мөнгө байршиж байсан гэсэн. Энэ талаар тодруулна уу? 

-Монголбанкнаас Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан. Капитал банк бол банкны системд нөлөө бүхий банк биш. Ойролцоогоор 1 хувийг эзэлдэг учраас банкны салбарт том нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байна. Үндсэндээ банкны үйл ажиллагаа доголдоод 4 орчим жил болоод байсан гэдгийг онцолж хэлмээр байна. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн өрийн дарамт Засгийн газарт үүсч байгаа. Тэтгэврийн даатгалын 104 тэрбум төгрөг тэнд байршиж байсан. Мөн эрүүл мэндийн даатгалын 134.9 тэрбум төгрөг байна. Энэ хоёрыг нийлүүлэхэд 240 орчим тэрбум төгрөг нь даатгалын мөнгө байсан.

Үндсэндээ 2007 оноос эхлэн бага хэмжээтэй байршиж байгаад, 2013, 2014 онд 100, 100 тэрбум төгрөгөөр нэмэгдээд одоогийн хэмжээндээ ирсэн. 2016 оноос хойш энд ямар нэгэн мөнгө нэмж байршуулаагүй. Гуравдугаарт, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг. Хөгжлийн банкны захирлаар Мөнхбат гэдэг хүн ажиллаж байх үед 2014-2015 онд дамжуулан зээлдэхээр гаргасан мөнгө юм.

Дөрөвдүгээрт, 47 тэрбум төгрөг. Энэ бол ЖДҮС-гийн мөнгө. Эдгээрийг нэмэхээр 340 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Дээр нь АШУҮИС-ийн 4, Боловсролын их сургуулийн 2 тэрбум төгрөг Капитал банканд байсан гэдгийг хэлье. 

-Банкны үйл ажиллагаа хүндэрч байгаа үед төрийн байршуулсан мөнгийг буцаан татах боломж байсан уу. Энэ талаар хэрхэн ажилласан бэ? 

- Банкны үзүүлэлт муудаж, Монголбанкны шалгууруудыг хангахгүй болж эхэлсэн үеэс Капитал банкинд мөнгө нэмж байршуулахгүй, байршуулсан мөнгөө эргүүлж татах чиглэлтэй ажиллаж байсан. Гэвч Капитал банк үндсэндээ 2015 оноос эхлэн хүндрэлд ороод байсан учраас мөнгө гаргаж өгч чадахгүй явсаар өнөөдрийг хүргэсэн. 

Сангийн яамны зүгээс банк асуудалд орсон бол үүнийг хуулийнхаа дагуу түргэн шуурхай шийдэж, арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Асуудал байгаа үед шийдэхгүй удсанаар гарах хохирлыг улам нэмэгдүүлдэг. Нийтдээ 216.5 мянган хадгаламж эзэмшигч байсан. Үүнээс 20 сая төгрөгөөс доош дүнтэй хадгаламж эзэмшигчид Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөө авах учраас асуудал гарахгүй. Харин 800 гаруй иргэн 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламжтай байсан. 

-Цаашдаа төрийн мөнгөийг гаргуулж, хохиролгүй болгох талаар хэрхэн ажиллах вэ? 

-Монголбанкнаас Банкны эрх хүлээн авагч томилоод ажиллуулж байгаа. Өмнө нь эдийн засаг хямарч байх үед банк дампуурдаг байсан. Энэ удаад эдийн засаг сэргэж байгаа, өсөлттэй байгаа үед шийдвэр гарч байгаагаараа онцлог болов уу. Тэгэхээр муу гэгдэж байгаа ихэнх зээлүүд төлөгдөх болов уу гэсэн горьдлоготой байна. Олгосон зээлүүд нь мэдээж ууршаад алга болчихоогүй. Тэгэхээр гарсан зээлүүд эргэж төлөгдөх ёстой.

Мөн төрөл бүрийн үл хөдлөх хөрөнгүүд байгаа байх. Энэ бүгдийн хойноос сайн явж ажиллах ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нар, ялангуяа мөнгө байршуулсан байсан байгууллагуудын удирдлагуудад бичиг явуулсан. Энэ нь юу гэхээр Банкны тухай хуулийн 71.1-д энэ шийдвэр гарснаас хойш 2 сар буюу 60 хоногийн дотор нэхэмжлэхээ гаргах ёстой. Тэгэхээр нэхэмжлэхээ яаралтай гарга гэсэн чиглэлийг өгч байна.

Мөн мөнгө нь эрсдэлд орсон байгаа байгууллагуудын мөнгийг хэрхэн яаж, ямар эрэмбээр олгох вэ. Төрийн мөнгө байлаа гэхэд яаж гаргах вэ гэдэг чиглэлээр тодорхой санал боловсруулаад, ажиллаж байгаа.