Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилготой Ерөнхийлөгчийн зарлигын дагуу Засгийн газар тогтоол гаргана

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" үндэсний хэлэлцүүлэг эхэллээ. Уг хэлэлцүүлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зургаан сургууль, хоёр цэцэрлэгийн төлөөлөл, БСШУЯ, ХНХЯ, СЯ-ний удирдлагууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байна.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/377079603114377/

"Мэргэжлийн согог зүйч багш нарын дийлэнх нь тэтгэвэртээ гарсан"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Тусгай хэрэгцээт боловсролын асуудлаар анх удаа нэгдэн нийлж хэлэлцүүлэг өрнүүлж байгаад талархал илэрхийлье. 

Согог зүйч багш нарыг 1960-1990-ээд оны дунд үе хүртэл гадаадад зохион байгуулалттайгаар бэлтгэж ирсэн түүх бий. Өнөөдрийн байдлаар дээрх багш нарын дийлэнх нь тэтгэвэртээ гарсан бөгөөд энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдаад байна. 

Оюун ухаан болон бие бялдарын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин, гарын авлага байхгүйгээс хүүхдийн сурах эрх ноцтой зөрчигдөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд сайн сайхан амьдрах эрхтэй.

Монгол Улсад 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд байгаагаас бүх шатны боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөнгөж 25 хувь нь хамрагдаж байна. Тусгай сургалттай зургаан сургуульд 1,530 орчим хүүхэд, хоёр цэцэрлэгт 170 орчим хүүхэд суралцаж байна. 

Нэг ангид олон төрлийн бэрхшээлтэй 10-18 хүүхэд суралцаж, эдгээр сурагчтай хоёрхон багш ажиллаж байгаа нь тун хангалтгүй үзүүлэлт юм. Гэтэл олон улсын жишигт нэг ангид 4-8 сурагчид 3-4 багш хичээл заадаг. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг хангуулах чиглэлд анхаарч ААН-ийн 25 хүн тутмын 1-д нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулах тухай зарлиг гаргасан. Ингэж ажиллуулаагүй тохиолдолд Улаанбаатар хот, Орхон, Дархан аймгуудад тухайн байгууллагын дундаж цалингийн хэмжээгээр, бусад аймгуудад дундаж цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх талаар тусгасан" гэлээ.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийг нээж үг хэлсний дараа  55 дугаар тусгай сургуулийн захирал Ч.Ганбилэг тусгай боловсролын талаар илтгэл тавьж байна.  

"Туслах багшийн цалинг хоёр шатлалаар бууруулсан гэх мэт бэрхшээлтэй асуудал их байна"

Гэрэл зургийг mpa.mn

55 дугаар тусгай сургуулийн захирал Ч.Ганбилэг “Суралцаж буй нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 76 хувь нь оюун ухааны бэрхшээтэй, 7 хувь нь харааны, 16 хувь нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд байна. 

Өнөөдийн байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нийт 348 багш ажиллаж байгаагаас мэргэжлийн согог зүйч багш 21, туслах багш 86, МУБИС-ийн нэг жилийн анги төгссөн 62, тус сургуулийн 3.5 жилийн анги төгссөн 5 багш байна. Үлдсэн нь энгийн сургалттай сургууль төгссөн багш нар байгаа. 

Цэцэрлэгийн тухайд нийт 214 хүүхэд хамрагдаж байгаа. Тусгай хэрэгцээт цэцэрлэгт 18 багш, 18 туслах багш ажиллаж байгаа судалгаа байна.  

Эндээс харахад согог зүйч багш улсын хэмжээнд 21-хэн ажиллаж байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт юм. 

Нэг ангид маш олон төрлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Тэгэхээр багшид маш их ачаалал үүсч байгаа. Мөн хичээлийн цаг урт байгаа. Багш, хүүхдийг үнэлэх үнэлгээ тохиромжгүй байна. 

Мөн тусгай сургуулийн есдүгээр анги төгссөн хүүхэд МСҮТ-д үргэлжлүүлэн сурах гэхээр хичээлийг гүйцэхгүй, багш нь энэ хүүхэдтэй ажиллаж чадахгүй гээд гаргаж байна. Ийм хүүхэд цаашаа ахлах анги, их, дээд сургуульд суралцахад хүндрэлдтэй түгжигдмэл байдалд орж байна. Тиймээс тусгай сургуулиуд нь мэргэжлийн сургалтыг шийдэх арга зам байвал ямар вэ гэсэн саналуудыг багш нар маань гаргасан. 

Нийт сургууль, цэцэрлэгт хэл яриа, хөдөлгөөн заслын багш нар нэн шаардлагатай. Багш нарын цалин хийж байгаа ажилтайгаа дүйцэхгүй байна. Хамгийн хүнд ажил хийдэг туслах багш нарын цалинг сая хоёр шатлалаар бууруулсан. Энэ мэт бэрхшээлтэй асуудал их байна” хэмээлээ.  

63 дугаар тусгай сургуулийн захирал С.Эрдэнэбаатар “Хуульч, эдийн засагчдыг төрийн зардлаар гадаадад сургадаг. Тэгвэл анагаах ухаанд суурилсан маш нарийн мэргэжил болох согог зүйч багш мэргэжлээр жилд тавхан хүнийг гадаадад төрийн зардлаар сургаад өгөөч” хэмээн төрийн тэргүүнд хүсэлтээ илэрхийлсэн юм. 

Үүний дараа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч, хөдөлмөрлөхөд яамны зүгээс ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “2018-2019 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 550 иргэн МСҮТ-д суралцаж байна. Яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дата баазын байгуулж байгаа. Ингэж байгуулснаар хөдөлмөр эрхлэлт, боловсролын салбарт ашиглахад хялбар болно. 

МСҮТ-д суралцаж байгаа нэг хүүхдийн хувьсах зардал дунджаар 560 мянган төгрөг. Мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. 

Ерөнхийлөгчийн зарлигын хэрэгжилтийг хангах талаар ажиллаж байгаа. ААН-үүд 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй тохиолдолд Улаанбаатар хот болон Дархан, Орхон аймгуудад тухай байгууллагын дундаж цалингын хэмжээгээр, бусад аймгуудад дундаж цалингийн 60 хувьтай тэнцэх мөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг байх тухай Ерөнхийлөгчийн зарлыг дагуу Засгийн газрын тогтоол гаргахаар ажиллаж байна

Энэ дээр холбогдох яамдуудаад санал аваад тун удахгүй Засгийн газраар хэлэлцэх тогтоол гаргана” гэлээ.