2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
09:00
S40
11°
10:00
S40
12°
11:00
S40
11°
12:00
S26
12°
13:00
S26
14°
14:00
S26
15°
15:00
S26
16°
16:00
S26
16°
17:00
S26
16°
18:00
S40
15°
19:00
S40
14°
20:00
S40
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хэн ч маргахгүй зүйлүүдийг эхлээд хийе

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 6
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна.Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуульч хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ. Санал нийлэхгүй зүйл бий юү?

-Миний хувьд сүүлийн хэдэн жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх ажлын хэсгүүдэд их бага хэмжээгээр оролцоод явж байна. Эрдэмтэн, судлаачдын ажлын дэд хэсэгт хоёр ч удаа ажиллалаа. Хамгийн сүүлийн хувилбараас харахад өмнөх саналуудаас арай танагдаж, багассан харьцангуй дэвшилттэй байж болох хувилбар гарч ирж байна. Г эвч судлаачийн хувьд хэд хэдэн зүйлтэй төгс санал нийлэхгүй байгаа. Мэдээж, Үндсэн хуулийг өөрчлөх санаа бүр дэвшилттэй байж болох боловч, эргээд өнөөгийн нийгэмд хэрэгжих, цаг үе нь мөн эсэх дээр маш сайн бодох хэрэгтэй байна.

Үндсэн хуулийг ярьж буй хүн бүр сайныг төсөөлж, ирмүүнээр бодож байж болох ч хуульчдын гол үүрэг нь эрсдэлийг тооцоолох, хэлж өгөхөд л оршиж байдаг. Улс төрчид нийгмийг хөтлөх өөрчлөлтийг хийж, шинэчлэл хийх гэсэн ард иргэдийн дэврүүн хүслийг илэрхийлэх нь зүйн хэрэг. Түүний хажуугаар салхи шиг хуйларч буй олон саналыг хуульчид цэгцлэх, онолын мэдлэгээр хазаарлах, эргээд амьдралд хэрхэн хэрэгжиж сайн үр дүнд хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллах үүрэгтэй юм. Миний хувьд хуулийн төслийн хэд хэдэн зүйлд санал нийлэхгүй байгаа.

-Аль хэсэгт нь вэ?

-Хэд хэдэн зүйл байна. Тэр дундаа нутгийн удирдлагын хэсэг дээр олон санаа гарч, цэгцэрч өгөхгүй байна. Үндсэн хуулийн нутгийн удирдлагын хэсэг өөрөө хамгийн бага судлагдсан хэр нь хамгийн их маргаан дагуулдаг хэсэг юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хот, өөрөө удирдах ёс, төрийн удирдлагыг хослуулах үндэс гэх мэт ойлголтыг бүрэн ойлгоогүйгээс болж, зарим улстөрч, нэн ялангуяа төвлөрсөн суурингуудаас сонгогдсон УИХ-ын гишүүд хот гэдэг зүйл байгуулагдвал олон хүндрэлтэй асуудал шийдэгдэнэ, хотыг байгуулснаар хөгжил ирнэ гэх мэтээр сурталчилж ирснээс болж, иргэд Үндсэн хуулийн энэ хэсэг хөгжилд саад болж байна гэж ойлгож иржээ.

Санаа нь зөв боловч, агуулгын хувьд өөрчлөлт орохоос илүүтэй хэлбэрийн өөрчлөлт орох юм. Хэлбэрийн өөрчлөлт хэрэгтэй гэж хууль тогтоогч үзэх эсэх нь гишүүдийн асуудал. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаарх улсыг хамарсан судалгааг НҮБ-ын дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газрын захиалгаар Д.Ганзориг, Ц.Даваадулам зэрэг судлаачтай хамтран хийсэн юм.

Яг энэ судалгаанаас жишээ нь, хот гэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй болсноор ямар давуу тал бий болох вэ гэдэгт иргэд газар нутагтай болно, төрийн үйлчилгээ иргэдэд ойртоно, хот маань хөгжинө гэх мэтээр хариулж байх жишээтэй. Гэтэл үндсэндээ аймаг гэд-гийг хот гэж нэрлээд, энгийнээр хэлэхэд нэр, хаяг л өөрчлөгдөнө. Бусад асуудал үндсэндээ хэвээрээ үлдэх юм.

Иргэд хэвээрээ, газар нутаг хэвээрээ, эдийн засаг хэвээрээ гэх мэт. Мэдээж удирдлага, зохион байгуулалтын бага зэрэг өөрчлөлт гаралгүй яах вэ. Гэвч энэ нь Үндсэн хуулийн асуудал биш, ердийн хуулиар зохицуулагдах боломжтой юм. Хуульч, судлаачдын гурван ч ажлын хэсэг үүн дээр санал нэгдэж байгаа. Тиймээс энэ хэсэгт одоохондоо гар хүрэх нь дэмий л болов уу. Ер нь ч Үндсэн хуулиас болоод улс төр, эдийн засаг хямарчихаад байгаа гэж ойлгож болохгүй.

-Улстөрчид гэлтгүй судлаачид тогтолцоо, эдийн засгийн хямралыг Үндсэн хуультай холбож тайлбарладаг шүү дээ?

-Улс төр, эдийн засгийн зохион байгуулалтын суурь эрх зүйн үндэс нь Үндсэн хуульд оршдог. Улс төр, эдийн засгийн хямрал нь Үндсэн хуулиар зохицуулагдсан тогтолцоондоо бус харин Үндсэн хууль, хуулийг хэрэгжүүлэгч субъектүүд, тэдгээрийн Үндсэн хууль, хуулиас гадуур үйлдэлтэй шууд холбоотой гэж үздэг хүмүүсийн нэг нь би. Б.Чимид багш “Манай улсын улстөрчид өөрсдийнх нь явуулж байгаа тодорхой үйл ажиллагаа, үйлдэл нь хэвийн үргэлжлэх боломжгүй болсон л бол шалтгаан нөхцөлийг судалж, алдаагаа өөрөөсөө хайхаасаа урьтаж, улс төрийн хямрал боллоо.

Үндсэн хуулийн холбогдох зохицуулалт л буруутай. Үүнээс болоод гацаанд орлоо гэж ярих нь ихсэх болсон байна. Түгжээ, гацаа гээд байгаа тэр үг үсэг чинь Үндсэн хуулийн согог биш, харин түүнийг огтхон ч ухаараагүй “тархины түгжрэл”, “оюуны цоорхой” гэхэд огт хилсдэхгүй” гэж бичсэн байдаг юм. Энэ үнэн шүү дээ. Нийгмийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хэзээ ч үгүйсгэх учиргүй.

Гэхдээ Үндсэн хуулийн яг ямар зохицуулалтыг, хэрхэн, хэзээ өөрчлөх, тухайн зохицуулалтын байгаа үр дүн болон өөрчилсний үр дүнг урьдчилан сайтар судлах нь бидний өнөөдрийн тулгамдсан асуудал.

-Жишээ нь?

-Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь зохицуулалтуудыг улстөрчид, эрдэмтэн судлаач нар сүүлийн үед өөрчлөх шаардлага байна гэж үзэх болсон. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх (Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг) ба тэднийг нь УИХ хүн бүрээр хэлэлцэж томилдог (Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг) зохицуулалт нь кабинетын зарчмыг алдагдуулдаг, Ерөнхий сайдад эрх мэдэл өгдөггүй гэж үздэг. Эдгээр судлаачийн санааг дэмжиж байгаа. Эсэргүүцээгүй шүү.

Гэхдээ энэ цаг үед энэ шаардлагын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв эсэхэд ихээхэн эргэлзээд байна. Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд дур мэдэн томилдог бол хувь албан тушаалтны, нам, бүлэглэлийн, аль нэг гаднын компанийн төлөөлөл хүн Ерөнхий сайд болж, манай түүхэнд тэмдэглэсэн шинэ үеийн Сандо, Доржпаламууд гарч ирэн Засгийн газрыг бүхэлд нь самууруулах эрсдэл гарч болохыг үгүйсгэж болохгүй.

Энэ цаг үед энэ шаардлагын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв эсэхэд ихээхэн эргэлзээд байна.

Ялангуяа улс төр өөрөө сошиал орчин, хар пи-арын технологи, популизмд автсан, манай сүүлийн хэд, хэдэн Ерөнхий сайд, ялангуяа Ч.Сайханбилэг мэтийн Ерөнхий сайд гарч ирж, Үндсэн хуулийн бус олон шийдвэр гаргавал яах вэ. Олон Эрдэнэт, Оюутолгойг Үндсэн хуулийн бусаар шийд-вэл яах вэ гэдгээ бодолцох ёстой. Яг ийм хүмүүс гарч ирж магадгүй гэж хаширласан учраас л Үндсэн хуульд Ерөнхий сайдын зарим эрх мэдлийг тун аятайхнаар томьёолжээ гэж заримдаа боддог.

Ирмүүнээр, сайхнаар төсөөлж бололгүй л яахав. Гэхдээ бид чинь дарга нарт эрх чөлөө олгосноор хохирч, ханасан хүмүүс шүү. Үндсэн хуулийн “иргэний ардчилсан” гэдэг үгийн утгыг сайтар ухаж ойлгомоор байгаа юм.

-Тэгээд Үндсэн хуулийн зарим заалтад хэт хаширлаад гар хүрэхгүй орхивол сайн шийдэл болох юм уу. Ямар нэгэн байдлаар бид шийдэл олох ёстой биш үү?

-Үндсэн хуульд мэдээж өөрчлөх зүйлс бий. Тэр нь нөгөө алдарт дордохын долоо, давхар дээл зэрэг ойлголтууд. Үүнийг энэ УИХ өөрөө хийж засах хэрэгтэй. УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар ч гэсэн үүн дээр зоримог алхам хийнэ гэж найдаж байгаа. Өмнө байгуулагдсан дөрөв, таван удаа УИХ дээр ажлын хэсэг байгуулж, үзэж нэмэлт, өөрчлөлт хийж чаддаггүй. Яагаад гэвэл олон санаат, оргож чадахгүйн үлгэр болдог.

Хэтэрхий олон зүйл хөндөх гээд, ийш тийшээ савчаад, шүүмжлэлд өртөөд байсан юм билээ. Тиймээс энэ удаад хэний ч маргахгүй байгаа зүйлүүдээ шууд зоригтой хийх хэрэгтэй. Бусад шүүмжлэлтэй олон асуудлыг дараа нь үлдээхгүй бол нэг хийснийх нэлээдийг хөндөнө гэвэл цааш явахгүй. Явуулахын тулд хэний ч маргахгүй байгаа зүйлсээ эхлээд хийгээд авмаар байна.

-Хэний ч маргахгүй зүйлүүд гэхээр “давхар дээл”-ний зохицуулалт уу?

-Давхар дээлийг тайлах асуудлыг бүгд дэмждэг. Хэн ч маргахгүй. Ер нь давхар дээл ч гэлтгүй Үндсэн хуульд хийсэн дордохын долоо гэх өөрчлөлтийг хийсэн алдаагаа УИХ засах хэрэгтэй. Агуулгын хувьд зарим нь зөв байсан гэж улстөрчид, зарим судлаач ярьж зөвтгөн зөөлрүүлдэг. Гэхдээ Үндсэн хуулийн бус аргаар хийсэн өөрчлөлт гэдгийг бас хүлээн зөвшөөрөх ёстой.

Үндсэн хууль бол бүх ард түмний санаа зориг юм бол түүнийг иргэддээ мэдээлэхгүй, тэднээсээ санал авахгүйгээр шууд, нэг өдөр хүч түрэн хийж болохгүй нь ойлгомжтой. Зөвхөн энэ шинжээрээ дордохын долоон өөрчлөлтийн хууль зүйн хүчин чадлыг үгүйсгэж болж байгаа юм. Хамгийн ердийн нэг үндэслэл нь. Н.Энхбаяр гуайн л хаанчлалыг тогтоож, бататгасан зүйл шүү дээ. Үүнд тухайн үеийн Ардчилсан нам ч, МАХН ч уучлал гуйх ёстой, иргэдээсээ. Буруу зүйл хийснийг нь шүүмжилсэн хуульчдыг ад үзэж, шахаж хавчих асуудлууд бас гарсан.

Жишээ нь, академич С.Нарангэрэл багшаас УИХ-ын нэрийн өмнөөс, тухайн үеийн намынхны нэрийн өмнөөс уучлал гуйх ёстой. Б.Чимид, С.Нарангэрэл гээд томчуудаас эхлүүлээд, өнөөгийн шинэ үеийн хуульчид ч дордохын долоог Үндсэн хуулийн бус гэдэгтэй санал нэгдэж, өөр өөрийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлж байсан. Одоо ч байсаар байна. Энэ янзаараа 2000 оны өөрчлөлтөө барьсаар явбал, улс төрийн хямрал нүүрлэсээр байх болно. Үүнийг дагаад нийгэм, эдийн засаг ч улс төрийн хар шуурганд чирэгдсээр, дордсоор байх болно.

-МАХН-ынхан Шинэ дээд Үндсэн хууль боловсруулсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар ярьж байгаа. Энэ асуудлын талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Дордохын долоог хэн, хэзээ хийж, үүний улмаас улс оронд доройтол, хэт их улстөржилт бий болсныг ярих, дүгнэх ёстой. Бүх зүйл сайнтай, муутай. Гэхдээ муу аргаар сайн зүйл хийж болно гэж үзэхгүй байна. Тэр дундаа Үндсэн хуулиа зөрчиж, Үндсэн хуульдаа нэмэлт, хийсний улмаас муу үр дагаврууд бий болгосноо шинэ Үндсэн хуулиар засна гэвэл төөрөгдөл.

Эхний хуулиа ойлгож, хүчин чадлыг нь зөвөөр шавхаагүй байж, шинэ хууль гаргаад хуучин сэтгэлгээгээр нийгмийг чиглүүлнэ гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй. Мэдээж, шинэ санал, санаачилгад сайн зүйл байж л таараа, түүнийг хэрхэвч үгүйсгэж болохгүй. Нийгмийн завхрал, нам нэртэй хэсэг бүлгийн сэм таалалд нийцүүлсэн, түүгээр удирдуулсан он жилүүдийг хэн, хэдэн онд бүрэлдүүлэв, түүнийг монголчууд, тэр дундаа хуульчид мартаагүй байгаа. Намын сэм тааллыг хазаарлах хуулиуд манай улсад бий.

Төрийг хууль гацаадаггүй, хуулийг хүн гацаадаг

Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт. Эдгээр хууль байсаар байтал хуулиа ягштал биелүүлээгүйн улмаас улс төрийн хямрал, түүнийг дагасан эдийн засгийн хямрал, гэмт хэргийн өсөлт зэрэг нийгэмд гарч буй хямрал бүхнийг Үндсэн хуулиас эхтэй мэтээр тайлбарлаж байгаа нь өнөөх “таалал”-ыг хүлээн зөвшөөрч, тэрхүү “таалал”-даа бууж өгч, олон нийтийн анхаарлыг нэгжид бус ерөнхийд чиглүүлж байгаа юм.

Б.Чимид багшийн хэлсэнчлэн “Төрийг хууль гацаадаггүй, хуулийг хүн гацаадаг”. Хүнтэйгээ хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэггүй байж, тэр хариуцах хүн нь хуулиа муухай байна, засъя гээд байгаа шиг л харагдаад байгаа юм. Иймийн тул иргэд улс төрийн сонголтоо зөв хийдэг, зөв хийлгэхийн тулд Үндсэн хуулиа сурталчилдаг, танин мэдүүлэх ажил их дутагдаж байна.

Үндсэн хуульд бас энэ нам сэмийн тааллыг арилгахаар улс төрийн намын зохицуулалт хийх санал байгаа. Энэ бол зөв. Улс орны эрх ашгийг ярьдаг, улс орон даяар санал авдаг нам байхгүй бол удахгүй манайд Христийн, Буддын, Лалын, за тэгээд хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалах, эсхүл нэг аймгийн ч гэдэг юм уу намууд үүсэж мэднэ. Үүнийг хориглосон хориглолт, хязгаарлалт хэрэгтэй юм билээ.

-Ерөнхийлөгчийн засаглалын талаарх таны бодол юу вэ?

-Монгол Улс парламентын ардчиллаа тууштай хамгаалах ёстой. Энэ нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг багасга гэсэн үг биш. Одоо байгаа түвшинд нь ердийн хуулиудаа сайжруулаад явах нь зүйтэй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих эрхийг хасъя гэх саналууд байсан. Түүнийг судлаачийн хувьд эрс эсэргүүцсэн. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан гишүүн, чиний тавьж буй үндэслэлийг дэмжээд энэ удаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг оролдохгүй байх нь зүйтэй гэж шийдлээ гэж хэлж байна лээ.

Ер нь Ерөнхийлөгчийн засаглал гэж ярих явдал үе үе гардаг. Ц.Элбэгдорж гуайн нэр хүнд гайгүй байхад энэ саналыг их ярьдаг байсан. Дараа нь нэр хүнд нь унаад ирсэн чинь Ерөнхийлөгчийн засаглал муухай юм гэдэг. Одоо Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед Ерөнхийлөгчийн засаглалыг сайн гээд бас зохион байгуулалттай яриад эхэллээ. Х.Баттулга гуайн нэр хүнд унаад эхэлбэл, муухай юм байна гээд яриад эхэлнэ. Манай Үндсэн хуулийн судлал маш тогтворгүй гэдэг нь үүгээр харагддаг.

-Одоогийн Ерөнхийлөгчийн нэр хүнд унана гэж үү?

-Яагаад Төмөр замын 280 сая ам.доллар үргүй зарлага болов. Яагаад БНХАУ-тай хиллэдэг хил дээр очих ёстой төмөр замын далан өчнөөн арван километрээр зөрөв. Хэн хариуцах ёстой вэ. Хэн тэр төмөр замын уулзах цэгийг БНХАУ-тай бүрэн тохироогүй байж, төмөр замын ажлыг эхлүүлэв. Эрүүгийн хэрэг биш юм бол иргэний хэргийн хувьд хэн нөхөн төлж, ард түмнийг хохиролгүй болгох вэ гэж би хувьдаа боддог.

Энэ мэтээр иргэд 280 сая ам.доллараа нэхээд эхэлбэл хувь хүн нь “Би биш, би буруугүй” гэж тайлбарлах эрхээ эдлэх л байх. Гэхдээ энэ 280 сая ам.долларыг хэн нэгэн хүн хариуцлага хүлээн үүрэх л ёстой. Энэ бол хуулийн логик. Төрийн мөнгийг үргүй зарсан хүн нь өөрөө биш юм бол, хэрэгтнийг нь олж өгөх үүрэг нь иргэн Халтмаагийн Баттулгын үүрэг мөн. За, хоёулаа эргээд ерөнхий рүүгээ оръё. Тэгэхгүй бол өөр сэдэв рүү халих нь.

-Тэгэх нь. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд төсвийг УИХ дураараа өөрчилж баталж болохгүй гэсэн заалт оруулж байгаа юм билээ. Тэгэхээр төсвийг УИХ-аар хэлэлцэх нь нэр төдий хэрэг болох юм биш үү?

-Үүн дээр Үндсэн хуулийн эдийн засаг, хүний эрхэд суурилсан төсөв зарцуулалт гэдэг ойлголтыг улстөрчид сайн ойлгочихвол заавал ийм өөрчлөлт хийхгүйгээр явж болох л харагдаад байгаа юм. Үндсэн хуулийн эдийн засаг, хүний эрх гэсэн ойлголтууд Үндсэн хуульд бий. Эрсдэл нь юу вэ гэвэл эргээд нөгөө дүрсгүй Ерөнхий сайд гараад ирвэл яах вэ гэдэг асуудал.

Засгийн газрын гишүүдээ өөрөө мэддэг, төсвөө УИХ-аар батламжлуулдаг, бас зарим судлаачийн санал өгч байгаа шиг аймгийн Засаг дарга нарыг томилдог болоод ирвэл энэ Ерөнхий сайд чинь ёстой жинхэнэ эрх мэдлийн “мангас” болж, юун парламентын ардчилал, харин ч эсрэгээрээ Ерөнхий сайд нэртэй Ерөнхийлөгчийн засаглал руу орох юм. Ерөнхийлөгчийн засаглал чинь Ерөнхийлөгч өөрөө Засгийн газраа удирддаг л засаглал шүү дээ. Тиймээс УИХ-ын гишүүн нь тойргийн төсөвт санал өгөхгүй байх гэж нарийвчлан заавал илүү ойлгомжтой болно.

Уг нь бол УИХ-ын гишүүний заалт дээр Үндсэн хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гээд заачихаад байхад, Үндсэн хуулиа сахиж мөрдөхгүй, тойргийн УИХ-ын гишүүн шиг ажиллаад байгаа юм. Харин тойрогт очиж байгаа төсөв угаасаа Засгийн газраар дамжина. Засгийн газар, Сангийн яаман дээрээ тухайн аймгийн дарга нар, УИХ-ын гишүүд иргэдийн санаа бодлыг хэлж болно. Харин чуулган дээр бол тэд аймаг, дүүргийн асуудал ярьж, явцуурч болохгүй юм.

-Шүүгчийн томилгоог улс төрөөс хараат байлгахын тулд хийхээр бэлтгэж буй өөрчлөлт нь хангалттай юу?

-Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын гишүүдийг томилох асуудлыг Үндсэн хуульд байхгүй байтал ердийн хуулиар Ерөнхийлөгчийн бүрэн эрх болгочихсон. Ингээд ирэхээр шүүгчийг Ерөнхийлөгч томилдог. Түүний захиргааны байгууллагын гишүүдийг Ерөнхийлөгч томилдог. Хянадаг, сахилга хүлээлгэдэг байгууллагынхыг Ерөнхийлөгч томилдог болчихсон. Ингээд шүүхийн хувьд Ерөнхийлөгч хаан болчихож байгаа юм.

Уг нь Ц.Элбэгдорж гуай шүүгчийн сахилга, прокурорын сахилгын асуудлыг хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагад өгнө гэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хийхдээ хууль санаачлагчид ярьж байсан юм билээ. Тэгснээ үүнээсээ буцчихсан. Ингээд ирэхээр улс төрийн нөлөөлөл шүүхэд бүрдэж эхэлж байгаа юм. Дагаад хардалт эхэлнэ. Нөгөө ямар хонгил билээ, тэрнийгээ ярьж байгаа юм.

Одоо энэ төвлөрлийг багасгамаар байгаа боловч, одоогийн Ерөнхийлөгч энэ зохицуулалтыг засахын оронд өөрөө энэ хуулиудыг ашиглаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Иймд Үндсэн хуульд шүүхийн талаар хийж байгаа төслийн саналтай санал нэгдэж байгаа. Ерөнхийлөгчөөс шууд хамааралгүйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилох нь зөв.

-Орон нутгийг намчирхлаас салгах нь мэдээж сайн зүйл. Гэхдээ намчирхал далд хэлбэрт орно гэсэн эргэлзээ байна л даа?

-Орон нутагт сумын Засаг даргыг иргэдээс нь сонгоно. Намаас нэр дэвшүүлэхгүй гэж байгаа юм. Энэ нь нэг талаас зөв. Нөгөө талаас бас л эрсдэл ярина. Энэ нөхөр ер нь дандаа эрсдэл яриад юу ч өөрчлөгдөхгүй гэх юм байна гэж битгий бодчихоорой (инээв). Сүүлийн жилүүдэд судлаачийн хувьд оролцож, нутгийн удирдлагын сэдвээр хийсэн судалгаануудаас дүгнэхэд “Сумын Засаг даргыг иргэдээс шууд сонгодог байх шаардлагатай.

Аймаг, сумын Засаг дарга нарыг ИТХ-ын төлөөлөгчид байнга ямар нэг тендер өгөх, албан тушаал өгөх зэргээр дарамталж, түүнийг биелүүлээгүй бол огцруулахаар дарамтлах зэргээр ажил хийлгэхгүй байна” гэсэн санал, хүсэлт сумдын Засаг дарга нартай уулзалт-ярилцлага хийж байхад давамгай илэрч байна. ИТХ-ын төлөөлөгчид хууль бусаар Засаг даргад шаардлага тавьсан бол Засаг дарга нь тэр даруй төр болон нутгийн өөрийн удирдлагын чиг үүргийг хослуулж буй албан тушаалтны хувьд хуулийн байгууллагад хандах, мөн иргэд, дээд шатны Засаг дарга, байхгүй бол Ерөнхий сайдад мэдэгдэх үүрэгтэй юм.

Энэ талаар ердийн хуулиудаар нарийвчилсан зохицуулалт хийж Засаг даргыг хууль бус нөлөөллөөс хамгаалах нөхцөлүүдийг оруулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хууль бусаар Засаг даргад шаардлага тавьсан, ИТХ-ын төлөөлөгчийг Засаг даргын зүгээс иргэддээ танилцуулж, түүнийг чөлөөлөх эрх зүйн боломж бүрдүүлж болно. Хэрэв Засаг даргын үйл ажиллагаанд ИТХ-ын төлөөлөгчид хууль бусаар нөлөөлөхийг завддаг гэсэн үндэслэлээр Үндсэн хуульд өөрчлөлт хийвэл хууль бус үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаа энгийн логик үүсэж байгаа юм.

-Тэгэхээр энэ үндэслэлээр сумын Засаг даргыг иргэдээс сонгодог байх нь зохимжгүй гэж ойлголоо.

-Иргэд өөрсдөө мэддэг, иргэний ардчилсан оролцоо гэх зэргээр хандаж, яривал арай өөр асуудал болно. Гэхдээ энэ талаас нь ярьж байгаа хүн байхгүй байна. Цаашид ер нь Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр намчирхлыг зогсоох арга нь Үндсэн хуулийн эдийн засаг, хүний эрхэд суурилсан хөрөнгө зарцуулалтыг хэрэгжүүлэх, нутгийн өөрөө удирдах ёс ба төрийн удирдлагын зааг ялгааг ердийн ухамсрын түвшинд сайтар сурталчлах, аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга хослуулсан удирдлагыг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс үзүүлж болох “хууль бус дарамт”-ыг багасгах зорилготой хууль, хяналтын байгууллагын практик үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй байна.

Ихэнх нь соён гэгээрүүлэх ажил, өнөөгийн Үндсэн хуулийг сурталчлах, ердийн хуулиа боловсронгуй болгох асуудал юм. Бас дээр нь сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн дундаас аймаг, нийслэлийн иргэдийн хурлыг бүрдүүлэх боломжтой. Энэ нь манай одоогийн Үндсэн хуулиар нээлттэй, ердийн хуулиар зохицуулж байсан туршлага манайд бий.

Хамгийн гол нь улс төрийн намын болон түүний санхүүжилтийн асуудлыг нарийвчлан зохицуулах хэрэгтэй. Их олон гацааг арилгана. Иргэдээс сумын Засаг даргыг шууд сонгочихоор Засгийн газартаа удирдагдах боломж нь хязгаарлагдмал, төрийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх нь төвөгтэй болно. Бүр намгүй болчихвол зарим өөрөө өөртөө эзэн сумдын дарга нарыг бодлогын хувьд хэрхэн уяж, зангидах вэ гээд олон хариултаа олоогүй асуудал байна. Иймд нутгийн удирдлагын хэсгийг энэ удаадаа жаахан хойш нь тавивал яасан юм бэ гэсэн бодолтой байгаа.

Хэн ч маргахгүй байгаа зүйлсээ л хийе. Төрийн албаны хууль, Захиргааны ерөнхий хуулиар яриад байгаа намчирхлыг нэлээд өргөн хүрээнд зохицуулсан байгаа. Манай улс эрх зүйн хөгжлийн хувьд их том алхах гэж хийрхэх биш, аажим аажмаар бага багаар засаад зохицуулаад явах ёстой л гэж хэлэх гээд байгаа юм. Үүнийг инкрементализм гэж нэрлэдэг. Хуульдаа биш, хүндээ асуудал байгаа. Их том алхах гээд шуурч, популизм хийх, яг бодитоор амьдралд гарах үр дүн, үр дагаврыг харах хоёрын хооронд том ялгаа бий шүү.

x