Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс анх удаа нутгийн уугуул Айну угсаатныг хүлээн зөвшөөрөхөөр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Японы засгийн газар анх удаа нутгийн уугуул Айну угсаатныг хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж дэмжжээ.

Ихэнх нь тус улсын умард арал Хоккайдод оршин суудаг Айну угсаатныг уусгах, ялгаварлан гадуурхах бодлого олон жил Токиогоос явуулж ирсний үр дүнд өнөөдөр энэ хүмүүс эдийн засаг, боловсролын хувьд хамгийн доод түвшинд амьдардаг.

“Өнөөдөр манай засгийн газар Айну хүмүүсийн соёл, өвийг хамгаалах хуулийг батлуулахаар дэмжлээ” гэж Абэгийн засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга сэтгүүлчдэд мэдээлжээ.

Хуулинд анх удаагаа Айну угсаатныг “нутгийн уугуул иргэд” гэж нэрлэсэн бөгөөд тэдний ахуй амьдралыг дээшлүүлэх, нутагт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай заасан байна.

19 дүгээр зууны сүүлийн хагасаас эхлэн Японы засгийн газар Айну угсаатны зан заншлыг, тэр ч байтугай төрөлх хэлээ ашиглахыг нь хориглосон юм.

Айну хүмүүс анимист (байгалийг амьтай гэж үзэх) шүтлэгтэй, эрчүүд нь битүү сахал ургуулдаг, бүсгүйчүүд нь гэр бүл болохдоо нүүрэндээ шивээс хийлгэдэг уламжлалтай байжээ.

Гэвч олон жилийн уусгах бодлогын үр дүнд энэ бүхэн алга болсон юм. 2017 оны байдлаар Японд 12,300 Айну угсаатан амьдардаг гэсэн тоо бий.

Гэхдээ тэдний ихэнх нь япон соёлд уусч, үндэс угсаагаа нуух болсон тул бодит тоо үүнээс хавьгүй илүү гэж судлаачид үздэг.

 

Эх сурвалж: AFP