Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс шинэ эринийхээ нэрийг дөрөвдүгээр сарын 1-нд зарлана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Японы эзэн хааны гэр бүл

Энэ оны тавдугаар сарын 1-нд Японы шинэ эзэн хаан өргөмжлөгдөж, уламжлалын дагуу түүний эрин эхлэх юм. Харин шинээр эхлэх эриний нэрийг үүнээс нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-нд зарлана гэдгийг тус улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Одоогийн эзэн хаан Акихитогийн эрүүл мэнд доройтож, төрийн алба залгуулж чадахгүй болж байгаа тул сайн дураар хаан ширээнээсээ татгалзаж байгаа юм. Түүний том хүү, ханхүү Нарухито эзэн хааны ширээг залгамжилна.

Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Японы засгийн газар шинэ эриний нэрийг хэд хэдэн хувилбараас сонгохдоо салбар бүрийн экспертүүд, парламентын хоёр танхимын дарга, дэд дарга нараас санал сонсох юм байна.

Одоогийн хааны эринийг Хэйсэй гэж нэрлэдэг нь “энхийг тогтоосон” гэх утгатай бөгөөд 1989 оны нэгдүгээр сарын 8-нд эхэлсэн юм.

Энэ өдрийн өмнөх өдөр эзэн хаан Хирохито нас барж, түүний эрин өндөрлөсөн юм байна. Хэйсэйн эрин дөрөвдүгээр сарын 30-нд өндөрлөнө.

2016 оны наймдугаар сард 85 настай эзэн хаан Акихито сайн дураар хаан ширээнээсээ буух хүслээ илэрхийлсэн нь Японы хаант ёсны сүүлийн 200 жилийн түүхэнд тохиолдоогүй үйл явдал байв. Өөрөөр хэлбэл амьд ахуйдаа хаан ширээнээсээ буусан ховор тохиолдол болж байна.

 

Эх сурвалж: Kyodo News