Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Исламын улс бүлэглэлийг ялснаа зарлаж, Сириэс бүх цэргээ гаргах тушаал өглөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхаглаж, Сириэс бүх цэргээ гаргах тушаал өгсөн нь гэнэтийн шийдвэр байлаа.

Дональд Трамп твиттер хуудсандаа “Бид Исламын улс бүлэглэлийг Сирид яллаа. Миний бүрэн эрхийн хугацаанд Сирид байх ганцхан шалтгаан энэ байсан юм” гэж бичжээ.

Одоо АНУ-ын арми Трампын тушаалыг нэн даруй гүйцэтгэх ёстой болж байна. Гэхдээ Америкийн 2,000 орчим цэрэг хэр хурдан эх орондоо буцаж ирэх, холбоотон Курдүүд ямар байдалтай үлдэх нь одоогоор тодорхойгүй байна.

Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд гол холбоотон нь болж байсан Сирийн Курдүүдийн хувь заяа ээдрээтэй байгаа. Тухайлбал тэднийг террористууд гэж үздэг Туркийн засгийн газар саяхан Курдүүдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулах гэж байгаа тухай анхааруулсан.

Мөн АНУ-ын цэрэг Сириэс гарснаар ерөнхийлөгч Башар Аль Асадын дэглэм, түүний холбоотнууд болох Орос, Ираны нөлөө нэмэгдэнэ.

Исламын улс бүлэглэлийг ялсан эсэх асуудлаар Цагаан ордон, Пентагоны байр суурь зөрүүтэй байгаа нь мэдэгддэг. Дональд Трамп өнгөрсөн хугацаанд Сириэс цэргээ гаргахаар зэвсэгт хүчнээ байнга шахаж байсан. Тиймээс түүний тушаал Пентагоны хувьд гэнэтийн цочир мэдээ болж байна.

Саяхан арванхоёрдугаар сарын 6-нд Пентагоны тэргүүн Жэймс Мэттис “Сирид хийж дуусгаагүй ажил байгаа” хэмээн мэдэгдэж байв.

Тэрээр Исламын улс бүлэглэл Сирид цохигдсон ч тэдний дэлхий даяар зохион байгуулах террорист үйл ажиллагаа улам эрчимжинэ гэж үзэж байгаа.

Сирид АНУ-ын цэргийг байлгах хүсэлтэй өөр нэг хүч бол Израйль улс. Тэд Ойрх Дорнодын энэ оронд Ираны нөлөө нэмэгдэхээс болгоомжилдог. Тэгвэл өчигдөр НҮБ дэх Израйлийн төлөөлөгч Дэнни Дэнон “АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг бид хүндэтгэж байна. Бид Сирид Ираны нөлөө нэмэгдэхээс болгоомжилдог. Гэхдээ өөрийн ард иргэдийг хамгаалахын тулд тэнд Америкийн цэрэг, Оросын цэрэг, ер нь аль ч улсын цэрэг байсан бид шаардлагатай бүгдийг хийнэ” гэж ярьжээ.

Уг шийдвэрээс хожиж байгаа тал нь Турк улс. Тэд эртнээс Сирийн Курдүүдийг АНУ дэмжиж байгааг эсэргүүцэж байв. Үүний хариу болгож Анкара ОХУ-аас пуужин эсэргүүцэх систем худалдаж авахаар болсон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө АНУ тэдэнд өөрийн пуужингаас хамгаалах системийг нийлүүлэхээр болсон тухай яриа гараад байна.

Магадгүй Вашингтон, Анкара хоёр хөшигний ард тохиролцоо хийсэн байж магадгүй юм.

 

Эх сурвалж: Reuters