Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб сэтгүүлчийн аллагын аудио бичлэгт хөрөөний дуу сонсогдож байгааг CNN мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Аравдугаар сарын 2-ны өдөр Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийн учир шалтгаан бүрэн тайлагдаагүй байна.

Түүнийг алагдсан болохыг гэрчилсэн аудио бичлэг байгаа тухай Туркийн эрх баригчид мэдээлж, өрнөдийн орнуудтай уг бичлэгийг хуваалцсанаа мэдэгдээд байгаа. Тэгвэл CNN агентлаг энэхүү аудио бичлэгийн бичигт буулгасан англи орчуулгыг уншсан эх сурвалжаас олж авсан мэдээллээ Ням гарагт дэлгэжээ.

Сэтгүүлчийн аллага урьдчилан төлөвлөгдсөн байсан, мөн аллагын үеэр хэд хэдэн удаа гадагш утсаар ярьж байгаа нь бичлэгт тодорхой үлдсэн байгаа гэнэ. Эдгээр утасны дуудлага Саудын Арабын эрх баригчидтай холбоотой нь илэрхий байгааг CNN мэдээлжээ.

Мөн бичлэгт Хашогги хэрхэн алуурчидтай тэмцэлдэж байгаа, хамгийн сүүлд “Би амьсгалж чадахгүй байна” гэж хэлсэн, алагдсаны дараа цогцсыг нь хувааж буй хөрөөний чимээ бичигдсэн байгааг мэдээлсэн байна.

Саяхан Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сэтгүүлчийн аллагад сэжиглэгдэж байгаа хоёр этгээдийг шилжүүлж өгөхийг Саудын Арабын засгийн газраас шаардсан. Харин өчигдөр буюу Ням гарагт Саудын гадаад хэргийн яам Туркийн хүсэлтийг хүлээж авалгүй няцаасан байна.

Туркийн албаныхан хэрэг гарахын урд өдөр Саудын Арабаас 15 хүний бүрэлдэхүүнтэй алуурчдын тусгай баг Истанбулд ирсэн гэж дүгнэж байгаа.

АНУ-ын Тагнуулын Төв Газар сэтгүүлчийн аллагыг Саудын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман захиалсан гэж дүгнээд байгаа бол ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн бизнесийн болон стратегийн чухал түнш ханхүүг аллагын хэрэгт буруутгахаас зайлсхийсээр байна.

 

Эх сурвалж: AFP