Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жэки Чан “муу хүн” байснаа дэлгэсэн дурсамж ном гаргах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Одоо 64 настай, Хонг Конгийн кино од Жэки Чан амьдралынхаа сүүдэртэй хэсгийг анх удаа дэлгэрэнгүй өгүүлсэн дурсамж номоо “Never Grow up” нэртэйгээр арванхоёрдугаар сарын 4-нд худалдаанд гаргахаар болжээ.

 

2016 онд насан туршийн хөдөлмөр зүтгэлийнхээ төлөө Оскарын шагнал хүртсэн Жэки Чан урлагийн замналынхаа эхэн үед үл бүтэх этгээд байснаа энэ номонд хүлээн зөвшөөрсөн байна.

Орлон тоглогчоор ажиллаж эхэлснээр их мөнгөтэй залгасан жүжигчин маань тэр дороо замаа алдаж, байнга согтуу явдаг, мөрийтэй тоглоом, биеэ үнэлэгчдэд их мөнгө зардаг нэгэн болжээ.

Согтуудаа байнга жолоо барьдаг байсан Чан нэг өдөр Порше, Мерседес хоёр машинаа дараалан осолд оруулж байсан гэнэ. Тэр бас сайн эцэг байгаагүй бөгөөд нэг удаа эхнэртэйгээ маргалдаж, хүү Жэйсигээ авч шидсэн нь азаар буйдан дээр унаж байсныг номондоо дурсжээ.

Жэки Чан эхнэр Лимээ араар нь тавьж, 1990 оны Азийн Мисс Элайн Вутай явалдаж, охинтой болж байсан гэнэ. Тэдний охин одоо 19 настай Этта нь ижил хүйстэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Канадын интернэт од, 31 настай Энди Отумтай гэрлэж байгаагаа зарласан юм.

 

Ядуу амьдралаас гэнэт алдартай болсон Жэки Чан асар их мөнгө зугаа цэнгээнд үрдэг байснаа дурссан байна.

“Би үргэлж их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг болоод байв. Ядуу амьдарч байсан хүнд мөнгө өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлж байлаа. Би олон хүнээр өөрийгөө тойруулж, хоол идэх бүртээ найр хийх шахдаг байв. 10 орчим жилийн өмнө би нэг жилийн дотор хоол унданд нийт $2 саяыг төлсөн байсан. Би бас хүмүүст цаг, машин, хувцас, дарс гээд үнэтэй бэлэг өгдөг байлаа” гэж тэр саяхан Дэйли Мэйл сонинд ярьжээ.

Жэки Чаны дуулиант амьдралыг Хонг Конгчууд мэддэг байсан ч тэр анх удаа номондоо дэлгэрэнгүй бичиж байгаа нь энэ юм.

Ихэнх хүмүүс амьдралынхаа хар бараан хэсгийг нуугаад өнгөрдөг бол түүний сүүдэртэй талаа ний нуугүй дэлгэснийг олон хүн сайшаан хүлээж авч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: South China Morning Post