Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн онгоц эвдэрч, “Их 20”-ын чуулганаас хоцров

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Германы канцлерь Ангела Меркелийн нисэх онгоц Берлинээс Аргентины нийслэлийг зорьж хөөрснийхөө дараа удалгүй техникийн асуудал гарч, Кёлнь хотод газардсан байна.

Нислэгийн явцад цахилгааны асуудал гарсан гэж Германы хэвлэлүүд мэдээлжээ. Аргентины нийслэл Буэнос Айрес хот хүртэл 15 цаг нисэх байсан “Конрад Аденауэр” нэртэй канцлерийн Airbus A340 загварын нисэх онгоц ердөө нэг цагийн дараа газардсан нь энэ юм. Атлантын далайг гатлах гэж байсан тул онгоц их хэмжээний шатахуунтай яваа. Тиймээс Кёлньд газардах үед болзошгүй аюулаас сэргийлж, гал унтраах таван машин тосож авсан байна.

Меркель Баасан гарагийн шөнө Мадридаас ердийн хуваарьт нислэгээр Буэнос Айресыг зорихоор болжээ. Түүнтэй хамт засгийн газрын цөөн төлөөлөгч явах ба дагалдаж явсан сэтгүүлчдээ Германд үлдээсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн нисэх онгоцтой харьцуулахад Германы канцлерийн онгоц тун даруу. Airbus A340 нь одоо үйлдвэрлэгдэхээ больсон хуучин загвар юм.

Буэнос Айрест Меркель АНУ, Хятад, ОХУ, Аргентины ерөнхийлөгч нартай уулзахаар төлөвлөөд байгаа. Дэлхийн хамгийн том эдийн засагтай 20 улсын удирдагчид Баасан, Бямба гарагуудад Аргентины нийслэлд чуулах юм.

 

Эх сурвалж: Bloomberg