Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ikea брэнд Энэтхэг улсын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Image: REUTERS/Danish Siddiqui

Дэлхийн номер нэг хамгийн их эрэлттэй гэх Швед улсын тавилга, гэр ахуйн брэнд болох Ikea Энэтхэг улсын Дэли хотод үүсээд буй агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулахаар зэхэж байна.

Тодруулбал, тус улсад өөрийн албан ёсны дэлгүүрээ нээгээд гуравхан сар болж буй Ikea брэнд нь Энэтхэг улсын тариаланчдаас будаа тариалахад илүү гардаг үлдэгдэл тутаргыг худалдан авч, Энэтхэг улсад зарагдах тавилгын түүхий эд болгон ашиглахаар болсон байна.

Энэтхэг улсын газар тариаланчид дараагийн ургац хураалтын үед бэлэн байх зорилгоор хураасан будааныхаа илүүдэл ургамал, тутаргыг шатааж устгадаг байна.

Харин энэхүү шаталтын үр дүнд гарсан утаа, униар нь өвлийн улиралд Дели, Пунжаб, Харьяана зэрэг хотуудын агаарын бохирдлын томоохон эх үүсвэр болдог аж.

Энэтхэг улсын Засгийн газрын мэдээлж байгаагаар тус улсын агаарын бохирдлын тал хувийн эх үүсвэр нь ургац хураалтын үр дүнд бий болсон тариа ургамлын шатах үйл явц болж байна хэмээн мэдээлжээ.

 
Image: Reuterts/Adnan Abidi

Тэгвэл энэхүү асуудалд Ikea брэнд шинэ шийдэл олж, Энэтхэг улсын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж магадгүй юм.

Ингэснээр Энэтхэг улс нь цагаан будааны тариа, тутаргыг түүхий эд болгон ашиглаж буй анхны улс болох аж.

Ikea брэндийн Өмнөд Азийн бүс нутаг дахь Тогтвортой хөгжлийн менежер Хелен Давидсон “Энэтхэг улсад эхлүүлж буй энэхүү шийдвэр нь дэлхий дахинд ид өрнөж буй агаарын бохирдлыг бууруулахад оруулж буй нэгэн хувь нэмэр юм.

Энэтхэг улсаас эхэлсэн энэхүү бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн ажил цаашид ч мөн дэлхийн бусад томоохон мега хотуудын агаарын бохирдлыг бууруулах боломжтой нэг шийдэл болох магадлалтай байна” гэжээ.

Будааны хаягдлаар хийгдсэн эцсийн бүтээгдэхүүн энэ оны сүүлээр үйлдвэрлэгдэж дуусах бөгөөд ирэх он гэхэд Энэтхэг улсын зах зээлд нэвтрэхэд бэлэн болох аж.

 

Эх сурвалж: World Economic Forum