Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдэлгэр: Жижиг дунд үйлдвэрлэгч нарт очих ёстой зээлийн мөнгийг банк авах нь шударга ёсонд нийцэх үү

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр "ЖДҮХ сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө ЖДҮХ санд өгөхгүй байгаа.

2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч болон Капитал банкны хамтарсан гурвалсан гэрээ надад байна. 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги 2 тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөгдөх эрхтэй, алданги нь 0.014 хувьтай гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатын Засгийн газар буухаасаа өмнө энэ гэрээг Капитал банктай хамтран байгуулжээ.

Монгол Улсын Засгийн газар ЖДҮХ сангийн эргэн төлөгдөх ёстой 48 тэрбум төгрөгийг дамжуулан зээлдэгч болж төлөх эрх зүйн үндэс байгаа юм уу. Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХ санд орсон бол Баялаг бүтээгч ЖДҮ эрхлэгчид олон ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол Улсад үйлдвэрлэлийг хөгжүүлэх байсан. 

Капитал банкны 99.98 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Гэтэл яагаад Капитал банканд орж байгаа мөнгийг ЖДҮХ санд эргээд төлдөггүй юм бэ. ЖДҮйлдвэрлэгч нарт очих ёстой байсан энэ зээлийн мөнгийг Капитал банк авах нь шударга ёсонд нийцэх үү.

Өнгөрсөн долоо хоногт бид яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн Баялаг бүтээгчдийн холбооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нарыг шалгуулахаар өгсөн байгаа" гэв.