Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох тогтоолын төслийг дэмжив

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн О.Батнасан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 228,000 хүүхэд нэмэгдэж 41.04 тэрбум төгрөг нэмэх шаардлагатай болно. Нийт хүүхдийн 90 хувьд олгоход 342,000 хүүхэд нэмэгдэж 61.56 тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарч байна. 

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 10 орчим хувь нь хүүхдийн мөнгөө огт авдаггүй. Иймд хүүхдийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх саналтай байна. Ингэж олгоход нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан тул тогтоолын төслийг боловсруулсан" гэлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингээд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжиж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.