Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгөв

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) нэгдүгээр ангилалд бүртгэлтэй "Сүү" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгын гэрээний хугацаа дуусгавар болсон тул тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн  2018 оны аравдугаар сарын 05-ны өдрийн  #11 тоот тогтоолоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Тэргүүн дэд захирлын үүргийг гүйцэтгэж байсан М.Мандхайг Гүйцэтгэх захирлаар томилсон тухай МХБ мэдээлжээ. 

Б.Гантулгыг Монголын чадварлаг менежер, гүйцэтгэх захирлуудын нэгд тооцдог бөгөөд тэрбээр өнгөрсөн таван жилийн хугацаанд Сүү ХК-ийн борлуулалт, үнэлгээг гурав дахин нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж бизнесийнхэн үздэг билээ. Б.Гантулгатай холбогдон шинээр ямар салбарт очих гэж байгаа тухай тодруулахад "Таван жил ажиллана гэсэн хугацааныхаа дагуу ажиллаж ажлаа хүлээлгэн өглөө. Ажлаасаа гарсныхаа дараагаар л "шинэ" хүмүүстэй уулзаж эхэллээ. Тэгэхээр яг аль салбарт ажиллахаа хэлэхэд эрт байна" гэв. 

2018 оны эхний хагас жилд "Сүү" ХК-ийн цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45 хувиар өсч, 35 тэрбум төгрөгт, цэвэр ашгийн хэмжээ 8.3 хувиар өсч, 2.2 тэрбум төгрөгт тус тус хүрсэн үзүүлэлттэй байгаа талаар тус компанийн 2018 оны эхний хагас жилийн тайланд дурджээ. 

 Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн аргаар боловсруулсан хэвийн сүүний зах зээлийн 70 хувийг Сүү ХК эзэлж байгаа бол компанийн зах зээлийн нийт үнэлгээ 77 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. 

Сүү ХК хувьцааны ханш, 

Графикийн тайлбар: 

Компани 2016.06.10-нд нэгж хувьцаагаа 1:1000 харьцаагаар хуваасан. Хувьцаа хуваахаас өмнө ханш дээд тал нь 150,000₮ хүрч байсан бол хуваасны дараа хувьцааны эргэлт сайжирч жижиг хувьцаа эзэмшигчийн тоо нэмэгдсэн боловч арилжигдсан нийт үнийн дүнд онцын өөрчлөлт гараагүй байна.

Хувьцаа хуваасны дараах нэгж хувьцааны ханшийг (163 төгрөг) өчигдрийн буюу 2018.10.16-ны хаалтын ханштай харьцуулбал компаний үнэлгээ ойролцоогоор 39 хувиар өсчээ.