Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гантулга: “Сүү” бонд гаргаснаар борлуулалтын жилийн орлого 41 хувиар өссөн

Р.Оюунцэцэг, IKON.MN
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын хөрөнгийн зах зээлд дотоодын аж ахуйн нэгжүүдээс анх удаа зургаан тэрбум төгрөг буюу хамгийн өндөр үнийн дүнтэй бонд гаргасан “Сүү” хувьцаат компани өнөөдөр бонд эзэмшигчдийнхээ дансанд эргэн төлөлтөө хүүгийн хамт байршуулснаар Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажиллах гэрээгээ дүгнэн акт үйлдлээ.

Гэрээг дүгнэсэн актанд Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, “Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар гарын үсэг зурав.

Өдгөө 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй “Сүү” хувьцаат компани өнгөрсөн оны зургаадугаар сард жилийн 17.5 хувийн хүүтэй “Сүү бонд” өрийн хэрэгслийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гаргаж байсан билээ. 

Тухайн үед нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67,547 ширхэг захиалга ирж, худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайжирсны илрэл болсон юм. Улмаар дотоодын компаниудын IPO амжилттай болох суурь болсон хэмээн мэргэжлийн байгууллагууд дүгнэж байна. 

Х.Алтай: Компанийн нэгж хувьцаа 64 хувиар өссөн
 
гэрэл зургийг MPA.mn

“Сүү” компани бонд гаргаснаар хувьцааных нь хөрвөх чадвар сайжирч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компанийн 4.8 тэрбум төгрөгийн хувьцаа арилжаалагдсаныг Монголын Хөрөнгийн Биржийн захирал Х.Алтай тодотголоо. Нэгж хувьцааных нь үнэ өнгөрсөн жилд 64 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна.

2-3 тэрбум төгрөгийн ханшийн алдагдлыг арилгажээ
 
гэрэл зургийг MPA.mn

“Сүү” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Сүүлийн 2-3 жилд ОУСК-аас авсан ам.долларын зээлтэй холбоотойгоор ханшийн алдагдал нэлээд өндөр байсан. Компани жилдээ 2-3 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээж байсан. Харин төгрөгийн энэ эх үүсвэр рүү шилжсэнээр зургаан сая ам.долларын гадаадын зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулсан. Өнгөрсөн жилд бид 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. “Сүү” бонд гаргаснаар борлуулалтын жилийн орлого 41 хувиар өссөн байна.

Энэ тоо цаашид ч нэмэгдэх боломжтой байгаа. Бид савлагааны шинэ технологид хөрөнгө оруулсан. Ингэснээр тослоггүй сүүн ундаа, тараг зэрэг шинэ бүтээгдэхүүнийг ирэх арванхоёрдугаар сард зах зээлд нийлүүлэхээр зэхэж байна” хэмээн ярилаа. 

 
гэрэл зургийг MPA.mn

 

МХБ-ийн 16 жилийн бондын арилжааны 20 хувийг "Сүү бонд" дангаараа эзлэв

Монголын хөрөнгийн зах зээлд компанийн бондын арилжаа 2001 онд анх эхэлсэн бөгөөд түүнээс хойших 16 жилийн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжаалагдаж, 23.4 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож байжээ. Энэ мөнгөний 20 хувийг “Сүү” компани дангаараа босгосон байна. 

“Сүү” компани өдөр бүр 100 мянган иргэнийг сүүгээр хангаж буй. Тус компанийн цэвэр ашиг нэмэгдсэнээр өнгөрсөн жилд 1,400 хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараасан байна. Цаашид компанийнхаа ажилчдыг хувьцаажуулахаар төлөвлөж байгаагаа Б.Гантулга захирал энэ үеэр дуулгалаа. 

“Сүү бонд”-ын үндсэн андеррайтераар Голомт капитал ҮЦХ ХХК ажилласан бол туслах андеррайтераар Ард капитал ҮЦХ, Тэнгэр капитал ҮЦХ компани ажилласан юм. 

“Монголын Хөрөнгийн Биржид анх удаа зургаан тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий бонд гарч, ийнхүү амжилттай төлж дуусгалаа. Бусад компаниуд “Сүү бонд”-ын туршлагаас суралцаасай. Засгийн газар дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалахгүй байгаа. Тиймээс дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн энэ хэрэгслийг ашиглахыг уриалмаар байна” хэмээн “Ард капитал ҮЦХ” компанийн захирал Б.Өлзийбаяр өнөөдрийн арга хэмжээний үеэр хэлж байлаа. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.