Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Татвараас зугтсан Хятадын кино одод $129 саяын торгууль оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн хэдэн сарын турш олны нүдэнд үзэгдээгүй, баривчлагдсан байж магадгүй гэгдэж байсан Хятадын кино од Фан Бинбинд их хэмжээний мөнгөн торгууль оноосныг Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Жүжигчин бүсгүй болон түүнтэй холбоотой компаниудад нийт 883 сая юаний ($129 сая) торгуулийг Жяньсү мужийн татварын алба оноосон байна.

Шалгалтын үр дүнд Фан Бинбин 255 сая юаний төлбөл зохих ёстой татвараас зугтсан нь ил болжээ.

Одоо 36 настай Фан Бинбин бол Хятадын хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд “X-Men: Days of Future Past” кинонд тоглож дэлхийд танигдсан юм.

Тэр бас Мерседес Бенц, Cartier брэндүүдийн Хятад дахь нүүр царай болдог. Жүжигчин бүсгүй арванхоёрдугаар сарын 31-ний дотор торгуулиа төлбөл түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн нөхцөл тавьжээ.

Тэр хувийн сошиал хуудсандаа “Бүх хүнээс би чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Олны танил хүнийхээ хувьд би хууль дүрмийг сахиж, нийгэмд үлгэр жишээ болох ёстой. Коммунист нам, төрийн зөв бодлогогүйгээр, ард түмний хайр хүндлэлгүйгээр Фан Бинбин хэн ч биш билээ” гэж бичсэн байна.

Фан Бинбинийг ийнхүү хатуу шийтгэснээр Хятадын эрх баригчид тус улсын энтертайнмент салбарынхны нуусан татварыг ил болгох зорилт тавьжээ.

Нийт урлаг, соёлын одод энэ оныг дуусахаас өмнө нуусан татвараа сайн дураар төлөх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард Фан Бинбиний татвараас зугтахын тулд кино студитэй байгуулсан давхар гэрээг Хятадын хэвлэлүүд ил болгосон нь томоохон дуулиан дэгдээсэн юм.

Долдугаар сарын эхээр тэр хамгийн сүүлд олны өмнө ил гарч, тэр цагаас хойш сураггүй болоод байв. Энэ хугацаанд түүний сошиал хуудсууд ч бүрэн зогссон юм. Жүжигчнийг баривчлагдсан байх гэсэн яриа тархаад байв.

Форбс сэтгүүл Фан Бинбинийг 2017 оны Хятадын хамгийн өндөр орлоготой одоор зарлаж, жилийн орлогыг нь 300 сая юань ($43 сая) гэж тодорхойлж байжээ.

Тэр одоо удахгүй дэлгэцэнд гарах Холливүүдийн “355” кинонд Жессика Чэстэйн, Пенелопа Круз нарын хамт тоглож байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian