Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр Монголын тамирчид Азийн Наадмаас 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль зүүлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Азийн Спортын 18 дугаар наадмын самбо, жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн манай тамирчид өнөөдөр 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл нийт 6 медаль зүүлээ.

Самбо бөхийн эрэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Ш.Эрдэнэбаатар шигшээ барилдаанд Казахстаны Баглан Ибрагимд ялагдаж мөнгөн медаль зүүсэн бол эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жинд Г.Наранцэцэг аваргын алтан медаль зүүж, түүнтэй шигшээ барилдаанд өрсөлдсөн Б.Ойдовчимэд мөнгөн медаль хүртжээ.

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд өрсөлдсөн Ө.Дүүрэнбаяр Өмнөд Солонгосын Ким Сун Минд, -90 кг-ийн жинд барилдсан Г.Алтанбагана Өмнөд Солонгосын Гвак Дон Ханд тус тус ялагдаж мөнгөн медаль зүүцгээсэн байна.

Харин -100 кг-ийн жинд Л.Отгонбаатар Тажикистаны Сайджалол Сайдовыг цэвэр ялж хүрэл медаль зүүлээ.

Жүдогийн төрөл маргааш багийн тэмцээнээр өндөрлөнө. Харин самбо бөхийн төрөл хоёр жингийн тэмцээнээ маргааш хийж дуусгаснаар мөн өндөрлөх юм. Самбогийн -90 кг-ийн жинд маргааш Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар өрсөлдөх бол эмэгтэйчүүдийн -68 кг-ийн жинд Ц.Батцэцэг, М.Даваасүрэн нар барилдана.

Өнөөдөр манай боксын 60 кг-ийн Э.Цэндбаатар, 64 кг-ийн Б.Чинзориг нар Хятад, Тайландын боксчдыг тус тус ялж мөнгөн медалийн болзол хангалаа.

Тэд маргааш үдээс хойш 15:45 цагаас эхлэн алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын баг тамирчид 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтайгаар Азийн Наадамд оролцогч нийт улсуудаас 17 дугаарт жагсаж байна.