Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Дашням: Түрээсийн дугуйг зогсоолгүй газар орхивол 5,000 төгрөгөөр торгодог болж байгаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Түрээсийн дугуйн үйлчилгээний талаар “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашнямтай ярилцлаа.

- Долоодугаар сард тантай холбогдож байхад түрээсийн дугуй хулгайлах оролдлого гарч байгаа талаар хэлж байсан. Сүүлийн үед бүр олон тоогоор хулгайлагдсан талаар мэдээллүүд гарах болж. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Дугуй хулгайд алдагдаж байгаа талаар маш их ярилаа. Ярилаа гээд хулгай багасахгүй, бид  хулгайч нарын аргыг гүйцэхгүй юм шиг байна. Ер нь бол нийт хэрэглэгчдийн маань 10 орчим хувь нь түрээсэлсэн дугуйгаа хаа хамаагүй зогсоолгүй газар хаядаг, санаатай болон санамсаргүй эвддэг. Дугуйг зогсоолгүй газар үлдээснээс болоод хулгайн хэрэг гараад байгаа.

Харин дийлэнх олон буюу нийт хэрэглэгчдийн 50-иас илүү хувь нь дугуйг тогтмол, соёлтой түрээслэн унаж байна. Тиймээс бидний зүгээс хулгайн асуудалд онцгой анхаарал тавихгүй цаашдын төлөвлөгөөт ажлуудаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. 

- Ойрын хугацаанд ажил хэрэг болох төлөвлөгөөт ажлуудаасаа танилцуулаач?

- Есдүгээр сарын 8-наас дахин 100 дугуйг үйлчилгээнд гаргах гэж байна. Мөн байнгын хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хэд хэдэн өөрчлөлт хийж байгаа.

Тодруулбал, соёлтой хэрэглэгчдээ урамшуулж шинэ дугуйнууд үйлчилгээнд гарахаар буюу есдүгээр сарын 8-наас хэрэглэгчийн дансанд нь бонус өгөхөөр болсон. Мөн дугуй түрээсэлж унаад явж байхдаа дэлгүүр орох, богино хугацаанд дугуйгаа түгжээд орхихоор өөр хүн унаад явах, манайхан очоод авчихдаг байсныг үндэслээд хүлээлгийн горимыг бий болгож байна. Хүлээлгийн горимын төлбөр үндсэн төлбөр дээр нэмэгдээд 500 төгрөг байх юм. Зарим хэрэглэгчийн зогсоолгүй газар хаяад явсан дугуйг зогсоолд аваачиж байрлуулсан хэрэглэгчиддээ бас урамшуулал өгнө.

- Түрээсэлсэн дугуйгаа зогсоолгүй газар хаяад явсан, эвдсэн тохиолдолд тухайн хүнд хариуцлага тооцдоггүй юм уу?

- Огт хариуцлага тооцдоггүй байсан. Харин одооноос түрээсийн дугуйг зогсоолгүй газар орхивол 5,000 төгрөгөөр торгохоор болж байгаа. Дугуйг хаа хамаагүй орхисноос болоод дугуй хулгайд алдагдсан, эвдэрсэн тохиолдолд тухайн хүнээр хохирлыг төлүүлэх асуудал яригдаж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна. 

Мөн хэрэглэгчдийн зүгээс орон сууцны хорооллууд дунд зогсоол байрлуулсангүй гэх шүүмжлэл хэлж байгаа. Энэ шүүмжлэлийн дагуу хамгийн их хэрэглэгчтэй Баянмонгол хороолол, Нарны хороолол, Дүнжингарав хотхонд зогсоол байрлуулахаар СӨХ-д нь хандсан ч төлбөр авна гээд байна. Биднийг дугуй түрээслээд маш их ашиг олоод байна гэж хараад байх шиг байгаа юм. 500 төгрөгөөр түрсээлсэн дугуйгаа Баянмонгол хорооллоос очиж авчраад зогсоол дээр байрлуулахад 1,500 төгрөгийн зардал гардаг.

Хотын замын хөдөлгөөний ачааллыг бага ч гэсэн бууруулах, завгүй залуусыг хурдан шуурхай хүссэн газраа хүрэхэд зориулсан түрээсийн дугуйн үйлчилгээ ашиг олж байгаа бизнес биш. 

- Түрүүн та нийт хэрэглэгчдийн маань 10 орчим хувь нь түрээсэлсэн дугуйгаа хаа хамаагүй зогсоолгүй газар хаядаг, санаатай болон санамсаргүй эвддэг гэж хэлсэн. Нийт хэрэглэгчдийн 10 хувь гэхээр хэдэн хүн гэсэн үг вэ?

- Энэ яригдаад байгаа асуудлуудыг үүсгэж байгаа хүмүүсийг бид дотооддоо хар жагсаалт үүсгэн бүртгэж байгаа. Одоогоор хар жагсаалтад 200 орчим хүний нэр орсон байна. 

- Дугуйны эвдрэлийн асуудал ямар байгаа вэ, ямар төрлийн эвдрэл түгээмэл гарч байна вэ?

- Түрээсийн дугуйг үйлдвэрлэж эхлэхдээ гадны орнуудын туршлагыг судалж, олон улсын стандартад нийцсэн зарим талаараа давуу гэж хэлж болох дугуйг үйлчилгээнд гаргаж байгаа. 

Тухайлбал, гадны орнуудад түрээсийн дугуй хийлдэггүй хаймар резинэн дугуйтай байдаг. Харин манай дугуйнууд хийлдэг дугуйтай. Резинэн дугуй хатуу учраас байнга хэрэглэвэл бөөрөнд муу гэж үздэг юм байна лээ. Тиймээс бид хэрэглэгчиддээ аль болох тав тухтай, аюулгүй,эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгах үүднээс хийлдэг дугуйтай үйлдвэрлэсэн. Цаашдаа ч резинэн дугуй ашиглахгүй.

Анх дугуйнууд маань үйлчилгээнд гарч байхад өдөрт 5-10 дугуй хагардаг байсан бол одоо хүмүүсийн санаатай, санамсаргүй үйлдлээс шалтгаалаад өдөрт 20-30 дугуй хагарах тохиолдол хүртэл гарч байна. 

Зарим хэрэглэгч хагарсан дугуйг унаж яваад бүр дахин ашиглах боломжгүй болгочих юм. Ийм үйлдэл хийгээд байгаа хэрэглэгчдээ хар жагсаалтад оруулаад явж байгаа.

- Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад улирлын зогсолт хийх байх. Нийслэлчүүд хэдэн сар хүртэл түрээсийн дугуй унах боломжтой вэ?

- Урьдчилсан байдлаар аравдугаар сарын 15 хүртэл түрээсийн дугуйгаа үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад түүнээс өмнө ч зогсоож магадгүй.