Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд ард түмнээсээ уучлалт гуйж, ЗТХ-ийн сайд нарыг чөлөөлж буйгаа мэдэгдлээ

Т.Саран, iKon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар дөнгөж сая хуралдаж дууссан бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэддээ хандан хоёр зүйлийн талаар мэдэгдэл хийлээ. 
Юуны өмнө тэрбээр энэ сарын 9-ний орой ЗТХЯ-ны гадна ЗТХЯ-ны Газрын дарга нар болон холбогдох албаны хүмүүс архи уусны улмаас хоорондоо муудалцаж, нэгнийхээ амь насанд халдаж, хүний амь эрсэдсэн ноцтой хэрэг гарсанд талийгаачийн ар гэр, үр хүүхэд, ах дүүсд Монгол Улсын Засгийн газар гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа мэдэгдлээ. 

Мөн өнөө өглөө буюу наймдугаар сарын 12-ны үүрээр Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд байгалийн онц үзэгдэл үерийн аюул болсны улмаас 300 метр газар төмөр замын суурь бүтэц эвдэрч, Сайншандаас-Улаанбаатар чиглэлд явж байсан галт тэрэг замаас гарсан осол болсон талаар дурдаад дээрх эмгэнэлтэй явдал тохиолдсонд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж, Засгийн газар харамсаж байгаагаа хэлээд ард иргэдээсээ уучлалт гуйсан юм. 

Тэрбээр Ерөнхий сайдын ажлаа авмагцаа төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг шат шатанд сайжруулах талаар 01 тоот захирамж гарган, үүрэг өгсөн билээ. Гэвч төрийн албанд, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн энэ эмгэнэлтэй хэргийн өмнөөс ард иргэдээсээ ахин уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлэв. 

Энэхүү үйл явдал нь төрийн алба ямар ёс зүйгүй, хариуцлага сул байгааг илтгэсэн бөгөөд Засгийн газар ч хариуцлага хүлээх ёстой хэмээн үзээд ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдлээ. Энэ хугацаанд ЗТХ-ийн сайдын үүргийг Шадар сайд Ө.Энхтүвшин түр орлон гүйцэтгэх юм байна.

Түүнчлэн тус салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, ажлаа өгөх талаараа өөрдөө хүсэлтээ гаргасныг дурдав. 

Засгийн газар цаашдаа ажлаа сайжруулж, төрийн албаыг төрийн алба шиг болгож, хууль хэрэгждэг, хариуцлага хүлээдэг байдлыг хэвшүүлэхийн төлөө ажиллаж, алдаа дутагдлаа засаж ажиллахаа У.Хүрэлсүх мэдэгдээд ард түмнээсээ дахин дахин уучлалт гуйлаа.