Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр орны харилцаа хурцдаж, Канад руу хийдэг нислэгүүдээ Саудын Араб цуцаллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хүний эрхийн төлөө тэмцэгчийг суллахыг Канадын засгийн газар Саудын Арабын эрх баригчдад уриалсны дараа хоёр орны харилцаа эрчимтэй муудаж байна.

Өчигдөр Саудын Арабын төрийн өмчит агаарын тээврийн компани Торонто чиглэлийн нислэгүүдээ зогсоожээ. Тус улсын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Самар Бадави болон бусад хүмүүсийг баривчилж хорьсны дараа Баасан гарагт Канадын тал тэднийг суллахыг уриалсан мэдэгдэл гаргаж байв.

Саудын засгийн газар хариуд нь “улс орны дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон Канадын талын алхам нь олон улсын хэм хэмжээг зөрчиж байна” гэж шүүмжилжээ.

Улмаар Ням гарагт Канад дахь элчин сайдаа эгүүлэн татаж, өөрийн улс дахь Канадын элчин сайдад 24 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлага хүргүүлсэн юм.

Үүнээс гадна Саудын Арабын засгийн газар Канадтай шинээр худалдааны гэрээ байгуулахыг хориглосон байна. Харин нэгэнт байгуулагдсан жилийн $4 тэрбумын худалдааны гэрээ, $13 тэрбумын дүнтэй батлан хамгаалах салбарт хамтарч ажиллах гэрээг царцаах эсэх талаар шийдвэр гаргаагүй юм. Мөн Канадтай байгуулсан боловсролын солилцооны хөтөлбөрөө зогсоож, Канадад сурах тэтгэлэг авсан оюутнуудаа өөр орнуудад шилжүүлэхээр болжээ.

Энэхүү дипломат маргаан нь Саудын Арабын нийгэмд шинэчлэл хийж буй гэгддэг угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы бодлогын хүрээ хязгаарыг шалгасан явдал болж байна.

Тэр хуучинсаг хаант улсдаа нийгэм эдийн засгийн өөрчлөлтүүдийг эхлүүлээд байгаа ч улс төрийн чиглэлд хатуу бодлогоо хадгалсан хэвээр байгааг уг үйл явдал харуулж байгаа юм.

Саудын Арабын хөрш Бахрэйн, Арабын Нэгдсэн Эмират Улсууд мөн Риядын эрх баригчидтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлээд байна.

Харин Канадын холбоотон АНУ энэ асуудлаар өчигдөр анх удаа ам нээж, тэмцэгчдийг баривчлах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Саудын Арабаас хүссэн юм.

 

Эх сурвалж: AFP