Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Кадирэ Зэйнэп Сайым Язал: Монголд дахиад хоёр жил амьдармаар байна

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язалын гэргий Кадирэ Зэйнэп Сайым Язалтай ярилцлаа.

-Өөр өөр соёл, түүхтэй хүмүүсийг холбож, бусад орнуудыг таньж мэдэх боломжийг олгодог хүн болох дипломатч, Элчин сайдын гэргий байна гэдэг амаргүй ажил., Элчин сайд нар тухайн улсад ирээд богинохон хугацаанд хүмүүст танигдчихдаг бол арын албыг нь авч явдаг эхнэрүүдийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй. Тиймээс та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Элчин сайд нарын амьдрал гаднаасаа их сайхан харагддаг байх. Гэхдээ бодит байдал дээр бүх зүйл харагдаж байгаа шигээ тийм ч сайхан биш. Бага насны хүүхэдтэй Элчин сайдын гэр бүлийн хувьд бол байдал бүр ч түвэгтэй. Гэхдээ ямар оронд томилогдож ажиллахаас бүх зүйл шалтгаална. Томилогдож очсон хот бүр нь хүн бүрийн очихыг хүсдэг Вашингтон, Лондон, Парис шиг байхгүй шүүдээ. Миний хувьд би хоёр хүүхдийн ээж. Мөн БНТУ-ыг төлөөлөн Улаанбаатарт сууж буй Элчин сайдын гэргий.

Нөхөр бид хоёр эртний сайн найзууд байсан бөгөөд гэрлээд 10 орчим жил болж байна. Би нэлээн оройтож ээж болсон. Тиймээс аль болох хүүхдүүдтэйгээ хамт цагаа өнгөрөөхийг хичээдэг. Манай хүү 11 настай, охин маань найман настай. Харин ажил мэргэжлийн хувьд бол би академич мэргэжилтэй. Их Британийн Засгийн газрын тэтгэлэг “Chevening’’-д хамрагдаж, Их Британид суралцсан. Мөн докторын зэргээ ч Их Британид хамгаалсан. Дараа нь Анкарагийн “Bilk-ent” их сургуульд профессороор ажиллаж эхэлсэн. “Bilkent” их сургуульд бараг 14 жил ажилласан.

-Элчин сайд, дипломатчийн гэргий байхын давуу тал болон сул тал нь юу вэ?

-Томилогдож очсон орноос л бүх зүйл шалтгаална. Давуу тал нь хүмүүст Элчин сайдын гэргий гэдгээрээ танигдах. Манай нөхөр “Би Туркийн Элчин сайдын гэргийн нөхөр нь байна" гэж хааяа хошигнодог юм. Нөхөр маань миний хийж буй бүхнийг дэмждэг. Энэ бол маш том давуу тал. Харин сул тал нь хоёр жил тутам, хамгийн их удлаа гэхэд гурав юм уу дөрвөн жил болоод л өөр газар руу нүүх шаардлагатай байдаг. Хэн ч өөрийн амьдарч буй газраа ойр ойрхон солихыг хүсэхгүй шүү дээ.

Өөр оронд өөр хотод очно гэдэг байнга ордог супермаркетаа сольж байгаагаас тэс өөр. Түүнчлэн тухайн очсон газартаа хоёр жил л амьдрах учраас богино хугацаанд дасах шаардлагатай болдог. Хүүхдүүдэд шинэ сургууль, шинэ орчинд богино хугацаанд дасан зохицно гэдэг амаргүй. Харин эзэгтэй хүний хувьд энэ бүгдийг зохицуулах шаардлагатай болдог. Тухайн газартаа бүрэн гүйцэд дасаагүй болон тус газар таалагдахгүй байхыг үл харгалзан Элчин сайдын гэргийн хувьд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах болон оролцохдоо үргэлж инээмсэглэж, үзэсгэлэнтэй байх шаардлагатай болно.

Мөн карьераа үргэлжлүүлэх боломж маш хомс. Харин миний эзэмшсэн мэргэжил дэлхийн аль ч улсад хэзээ ч ажиллаж болдгоороо давуу талтай. Хэрэв хуульч, банк санхүүгийн мэргэжилтэн байсан бол өөр оронд очоод мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй. Элчин сайд, дипломатчдын гэргий нарын олонх нь мэргэжлээрээ ажиллаж чаддагүй. Энэ бол хамгийн том сул тал нь.

 

-Ер нь мэргэжлээрээ дахин ажиллах бодол байгаа юу?

-Мэдээж. Би мэргэжилдээ үнэхээр дуртай. Нөхрийгөө Иракт томилогдсоны дараа хоёр жил Голландад, хоёр жил Анкарад бага насны хоёр хүүхэдтэйгээ амьдарсан. Энэ хугацаанд би бүтэн цагаар ажилладаг байлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үнэхээр их ядарсан. Тиймээс Монголд амьдрах хугацаандаа ээж хүнийхээ үүргийг л гүйцэтгэж амьдрахыг илүүд үзсэн. Гэтэл санаснаар болоогүй. Аль хэдийнээ өөр олон ажил эхлүүлчихсэн.

-Тухайлбал?

-Бид Улаанбаатарт 2017 оны нэгдүгээр сард анх ирсэн юм. Тухайн үед цаг агаар хасах 36 градус байсан шиг санагдаж байна. Ирснээсээ хойш нэг сарын дараа би Монголын Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн. Харин хоёр сарын дараа хэд хэдэн төрийн бус байгууллагын төслийг хариуцаж ажиллаж эхэлсэн. (project chair person of NGO) Ep нь төрийн бус байгууллагад нийт 26 орчим жил ажиллаж байна. Одоогийн миний хариуцаж буй төсөл нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн манай эмэгтэйчүүдийн холбооноос оёдлын сургалт зохион байгуулдаг. Долоо хоног бүрийн пүрэв гаригт оёдлын клубийнхэн маань уулздаг.

Бид өөрсдийн гараар оёсон зүйлсээ бага дунд орлоготой, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандивладаг. Тухайлбал, төрөх эмнэлгүүдээр явж, амьдралын боломж тааруу, өрх толгойлсон ээжүүдэд өөрсдийн гараар оёсон өлгий, хөнжил, хувцас зэргийг бэлэглэдэг. Дипломатчид тийм ч баян чинээлэг хүмүүс биш гэдгийг та бүхэн мэдэх байх. Нөхөр бид хоёр ч гэсэн баян хүмүүс биш. Гэхдээ Элчин сайдын хувьд олон боломж, давуу тал бий. Тухайлбал, та бидний сууж буй энэ танхим байна. Бид Элчин сайдын яамныхаа танхимыг төрийн бус байгууллагуудад ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахад нь ашиглуулж болно шүү дээ.

Энэ жил бид “Lotus" асрамжийн газрын хүүхдүүдэд зориулсан хандивын арга хэмжээ, Герман болон Монголын шүдний эмч нартай хамтран “Мишээл" асрамжийн газрын хүүхдүүдийн шүдний эрүүл ахуйд анхаарсан үйл ажиллагаа явуулсан. Харин өнгөрсөн сард “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-тэй хамтран “Upcy-cling in Mongolia" сэдэвт үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Туркийн Улаан хавирган cap нийгэмлэгтэй хамтран Рамадан сарыг тохиолдуулан 1,000 өрхөд хүнсний туслалцаа үзүүлээд байна.

-“Upcycllng In Mongolia" шиг бага дунд орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийг дэмжихэд зориулсан арга хэмжээ дахин зохион байгуулах уу?

-Зургаадугаар сарын сүүлч гээд Монголд ихэнх байгууллагын үйл ажиллагаа зогсдог. Энд амьдардаг гадныхан болон монголчууд амралтаа аваад хөдөө явчихдаг. Тиймээс бид ирэх есдүгээр cap хүртэл ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөгүй. Харин энэ сарын сүүлчээр Израилийн оёдолчид “Монголын Зүймэл даавуун урлалын төв”-ийн урилгаар туршлага солилцохоор Улаанбаатарт ирнэ. Гэхдээ ямар нэгэн хандивын арга хэмжээ зохион байгуулахгүй.

Харин ирэх есдүгээр сараас эхлэн маш олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь ТИКА”-гийн хөрөнгө оруулалтаар монгол эмэгтэйчүүдийг оёдлын сургалтад хамруулах төсөл юм.

-Үзэсгэлэн худалдаанд хэчнээн хүн оролцсон, хэр үр дүнтэй арга хэмжээ болсон гэж бодож байна?

-Яг хэчнээн хүн оролцож, хэр хэмжээний мөнгө босгосон талаар би нарийн хэлж мэдэхгүй байна. Үзэсгэлэн баасан, бямба гаригт болсон. Харин бямба гаригт нь “Улаанбаатар марафон” зохион байгуулагдсан юм. Хэрвээ бид өөр өдөр үзэсгэлэнгээ зохион байгуулсан бол илүү олон хүн ирэх байсан байх. Гэхдээ санасныг бодоход олон хүн оролцсон. Үзэсгэлэн худалдаанд ирсэн хүмүүсийн олонх нь гадаад хүмүүс байсан. Хандив өгсөн компанийн олонх нь мөн л гаднын хөрөнгө оруулалттай компани байлаа.

Миний бодлоор гаднын компани, гадаад хүмүүсээс илүүтэйгээр монголчууд өөрсдөө иймэрхүү хандивын арга хэмжээг дэмждэг байх хэрэгтэй болов уу. Уг арга хэмжээнээс босгосон мөнгийг монголчуудад зориулахаас бус гаднын иргэнд зориулахгүй шүүдээ. Тиймээс би монголчуудад хандсан хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар байна.

- Элчин сайд Ахмет Язал Босни Герцеговина, Австри, Косово, Македон, Итали, Бельги, Ирак, Голланд зэрэг орнуудад удаан хугацаагаар томилогдон ажиллаж байсан тухайгаа ярилцлагадаа дурдсан байдаг. Эдгээр орнуудтай харьцуулахад Монголд амьдрах ямар байна?

-Голландад нэг жил орчим гэр бүлээрээ амьдарч байсныг эс тооцвол бид анх удаа Монголд л гэр бүлээрээ хамтдаа удаан амьдарч байна. Голландаас буцаж ирснийхээ дараа нөхөр маань Ирак руу томилогдон ажиллахаар болсон юм. Түүнийг Багдадад ажиллаж байх үед бид хуримаа хийж байлаа. Нөхөр маань мөн Иракийн Мосул хотод хоёр жил ажилласан. Түүнийг Иракт ажиллаж байх хугацаанд би хүүхдүүдтэйгээ Голландад амьдрахаар үлдсэн юм.

Учир нь хүүхдүүд маань жаахан, би ч шинэ ажилд ороод удаагүй байлаа. Яг үнэндээ Монголд ирэхээсээ өмнө Монголын талаар тийм ч их мэдээлэлтэй байгаагүй. Бидний өвөг дээдэс монголын газар нутагт амьдарч байсан. Өвөг дээдсийн маань үеийн хөшөө дурсгал Монголд элбэг байдаг гэдэг утгаараа турк хүмүүсийн хувьд Монгол бол эх нутгаас нь ялгаагүй газар. Би энд ирснийхээ дараахан Орхоны хөндийгөөр аялж, Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг үзэж сонирхсон. Үнэхээр гайхалтай мэдрэмж төрсөн шүү. Өмнө нь амьдарч байсан Голланд бол нам дор байрлалтай, үүлэрхэг газар. Барагтай л бол нар үзэхгүйгээс гадна салхилах ч үгүй.

Тиймээс би нарлаг, хүүхдүүд маань морь унах боломжтой газар очихыг хүсэж байлаа. Азаар бид яг тийм газраа ирсэн. Монгол бол дэлхийн хамгийн нарлаг орнуудын нэг. Бас бид хүссэн үедээ морь уначихна. Үүнээс гадна, хамгийн чухал нь бид халуун ам бүлээрээ байна. Нөхрийгөө Улаанбаатарт томилогдох болсон талаар сонсоод би хамгийн түрүүнд Т эр бүлээрээ явах боломжтой юу" гэж асуусан. Монголчууд ч биднийг найрсгаар хүлээж авсан.

Монгол, Турк хоёр улс найрамдалт сайхан харилцаатай. Хүүхдүүд маань “American school’’-д суралцаж, хажуугаар нь янз бүрийн дугуйланд явж байгаа. Манай гэр бүл Монголд маш хурдан дассан. Мөн Монголд амьдарч байгаадаа баяртай байна. Болж өгвөл дахиад хоёр жил амьдармаар байна.

-Монголд ирснээсээ хойш хаагуур аялсан бэ. Энэ зун хаашаа аялахаар төлөвлөж байна?

-Өнгөрсөн зун бид говиор аялсан. Өөр олон газраар аялахаар төлөвлөөд байсан ч ээж маань хагалгаанд орох шаардлагатай болоод бид аяллаа зогсоож, Анкара руу буцсан. Харин энэ жил гурван долоо хоног аялахаар төлөвлөж байгаа. Эхлээд Хөвсгөл явна. Тэндээсээ Дархан ороод, Дарханаас Оросын Иркутск орохоор төлөвлөөд байна.

-Элчин сайд Ахмет Язал чөлөөт цагаараа танкны жижиг модель угсардаг тухай саяхан оролцсон нэгэн нэвтрүүлгээс нь үзсэн. Харин та ямар хоббитой вэ. Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Манай нөхөр бараг 25 жилийн өмнөөс танкны модель угсарч эхэлсэн санагдаж байна. Яг үнэндээ би нарийн хэлж мэдэхгүй байна. Тэр танкны моделиос гадна түүх сонирхдог. Нөхөрт маань өрөө дүүрэн танкны модель бий. Өмнө нь би завгүй ажилладаг байсан учраас хоббигоо төдийлөн хөгжүүлж байгаагүй. Хобби бол яг л бясалгалтай адилхан зүйл. Харин сүүлийн үед юм нэхэх дуртай болоод байгаа. Хэчнээн ядарч байсан ч юм нэхэж эхлэх үед бүхнийг мартаж, тайвширдаг.

Үүнээс гадна би хоол хийх дуртай. Элчин сайдын яаманд ажиллаж байсан турк тогооч хоёр сарын өмнө нутаг буцсан юм. Монголоос турк хоолны тогооч олно гэдэг амаргүй байсан учир би нэгэн сайхан санаа олж, Турк компанид нэлээн олон жил ажилласан монгол эмэгтэйг тогоочоор ажилд авч, турк хоол хийхийг заахаар шийдсэн. Одоо тэр турк хоолыг маш сайхан амттай хийдэг болсон.

 

-Таныг нохойндоо маш их хайртай гэж сонслоо. Нэр нь ч гэсэн их содон юм. Яагаад "Gobi” гэж нэрлэсэн юм бэ. Нохойгоо хаанаас авсан бэ?

-“Шангри-Ла” зочид буудлын гадаах машины зогсоолоос олж авсан. АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан арга хэмжээнд оролцохоор очсон ч урилганы асуудлаас болоод орж чадалгүй машинаа хүлээгээд зогсож байтал “Gobi'' яг машин зам дээр шогшчихсон явж байсан. Түүнийг анх хараад би муур байна гэж бодсон л доо. Тухайн үед “Gobi” өрдөө л 2.5 кг байсан юм. Нөхөр бид хоёр гэрлэснийхээ дараа 6, 7 муур тэжээдэг байлаа. Зөвхөн Голландад амьдрах хугацаанд л гэхэд би дөрвөн мууртай байсан. “Gobi” хүн болгон дээр очоод үнэрлээд л, харин хүмүүс түүнийг өшиглөөд байсан. 

Монголчууд амьтанд тийм ч дуртай биш юм шиг санагдсан шүү. Нөхөр бид хоёр хэсэг нэг нэгэн рүүгээ харж зогссоноо би зам хөндлөн гараад “Gobi"-r авчихсан. Хүлээн авалтад орох гээд дэгжин хувцаслаж, нүүрээ будаж, үсээ янзлаад өндөр өсгийт өмсчихсөн байсан намайг шууд очоод “Gobi"-r тэврээд авахад хүн бүр гайхсан харцаар харсан. Бид өмнө нь нохой биш муур л тэжээж байсан болохоор нохой сургаж, тэжээх амаргүй байлаа. Тиймээс нохой сургагч Төвшөөд хандсан юм.

Монголчууд түүнийг сайн мэдэх байх. Манай гэр бүлийнхэн “Gobi”-д маш их хайртай. “Gobi" ч гэсэн надад сайн. Намайг байнга дагаж явдаг. Харин нэрний хувьд Монголоос авсан нохойдоо Монгол орныг санагдуулам нэр өгөхийг хүссэн учир “Gobi” гэж нэрлэсэн. Монголын Говийг мэдэхгүй хүн цөөхөн байх. Түүнчлэн тогтооход ч амар.

-Турк рүү буцахаар болбол “Gobi” танай гэр бүлтэй хамт явах уу?

-Мэдээж. Тэр бол манай гэр бүлийн нэг гишүүн.

Зураг