Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын суваг Ким Жон Уны зургийг “фотошопдож” инээлгэсэн гэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Хойд Солонгосын нийслэлд айлчилж, тус улсын удирдагч Ким Жон Унтай уулзсан билээ.

Энэ айлчлалын дараа ямар нэг бодлогын том өөрчлөлт гараагүй, энгийн, билэгдлийн чанартай уулзалт болж өнгөрсөн юм. Хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны дараа Дональд Трамптай уулзах гэж байсан Ким Жон Ун ч Оросын топ дипломатчид төдийлөн найрсаг хандаагүй нь тэдний хамт авхуулсан гэрэл зурагнаас харагдаж байв.

Зураг дээр Ким Жон Ун огт нүүрний хувирал үзүүлэлгүй, гөлгөр царай харуулж байжээ.

Тэгвэл Ням гарагт Оросын төрийн өмчит Россия-1 сувгийн “Вести Недели” хөтөлбөр уг айлчлалын тухай мэдээлэхдээ Ким Жон Уны инээмсэглэж байгаа зургийг үзүүлсэн нь албан ёсны гэрэл зургаас зөрсөн байна.

Тус нэвтрүүлгийн хөтлөгч уг айлчлал “Орос, Хойд Солонгосын талууд нэгдсэн байр суурьтай байгаа”-г Вашингтонд харууллаа гэж тайлбарлаж байв.

Тэгвэл Оросын сошиал сүлжээний хэрэглэгчид хоёр ялгаатай зургийг харьцуулан харуулж, Ким Жон Уны зургийг хүчээр инээмсэглүүлж засварласан гэж дүгнэжээ.

Оросын гадаад хэргийн яамыг элэглэдэг твиттер хуудас “Вести Недели хөтөлбөр Ким Жон Уны нүүрэнд фотошопоор инээмсэглэл нэмжээ” хэмээн бичсэн байна.

“Вести Недели” нэвтрүүлгийн хөтлөгч Дмитрий Киселёв долоо хоног тутам улс төрийн тойм хийхдээ Өрнөдийн орнуудыг үргэлж шүүмжилж, Путины хүч нөлөөг сурталчилдгараа алдартай нэгэн юм. Тиймээс Ким Жон Уныг тэд "хүчээр инээмсэглүүлсэн" байх магадлал өндөр байна.

 

Эх сурвалж: Newsweek