Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины хөлбөмбөгийн шигшээ баг улс төрийн дарамтаас шалтгаалан Израйльтай хийх тоглолтоо цуцалжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт Орост эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнөх сүүлийн бие халаах тоглолтоо Аргентины шигшээ баг цуцлах шийдвэр гаргажээ.

Тэд ирэх Бямба гарагт Израйлийн шигшээ багтай Иерусалем хотод нөхөрсөг тоглолт хийж байв.

Гэвч Палестинчууд энэ тоглолтыг эсэргүүцэж, хэрвээ Аргентинчууд Иерусалемд ирвэл Израйлийн эзлэн түрэмгийлэл, аллага хүчирхийллийг зөвтгөсөн үйл явдал болно гэж анхааруулсаар байсан юм.

Тэд Баруун Иерусалемд эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, Аргентины эрх баригчдад захидал илгээсэн байна. Хэдийгээр Аргентины тал албан ёсны хариу өгөөгүй ч өчигдөр тус улсын багийн довтлогч Гонзало Игуаин ESPN сувагт ярихдаа Аргентины Хөлбөмбөгийн Холбоо цуцлах шийдвэр гаргасан талаар ам алджээ.

Аргентин улс 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Тэгвэл Палестины Хөлбөмбөгийн Холбоо өнгөрсөн Даваа гарагт тоглолтыг цуцлахгүй бол тэдний зорилгод саад хийнэ гэж сүрдүүлсэн юм.

Мөн Палестины Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Жибрил Ражуб өнгөрсөн долоо хоногт Аргентины супер од Мессид хандаж, Израйльтай хийх тоглолтоос татгалзахгүй бол Арабын ертөнцийн олон сая фэн нь түүний нэр, дугаартай өмсгөлийг шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байжээ.

Улмаар Аргентинчуудын татгалзах магадлал өндөр болох үед хэрэг явдал дээд түвшинд хүрч, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Аргентины ерөнхийлөгч Маурисио Макритай утсаар ярьж, тоглолтыг цуцлахгүй байхыг ятгасан байна.

Гэвч Макри тухайн үед өөрийгөө эцсийн шийдвэрийг гаргахгүй гэдгийг Нетаньяхуд хэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Уг нь тоглолтыг анх Израйлийн Хайфа хотын цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч Израйлийн эрх баригчид Иерусалемд шилжүүлсэн юм байна. Хайфагийн цэнгэлдэх хүрээлэн Иерусалемынхаас илүү том, олон суудалтай байсан нь Израйлийн эрх баригчид уг тоглолтыг үзэл суртлын зорилгодоо давхар ашиглах санаатай байсан гэх сэжиг төрүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Russia Today