Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: ШХАБ-т элсэх асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдье

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөдөлмөрийн Үндэсний Намаас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Б.Найдалаа "Та бүхэн мэдэж байгаа сүүлийн үед Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх, энэ шийдвэр нь зөв үү буруу юу гэх маргаан мэтгэлцээн өрнөж байна. Энэ асуудал дээр бид удаан хугацаанд ажиглалт хийсний үндсэн дээр уриалга гаргаж байна.

Бидний зүгээс ШХАБ-ын үйл ажиллагааг дүгнэх, сайн муу гэж ялгах зорилгогүй. Мөн Монгол Улсын гадаад бодлого тийм, ийм байх ёстой гэх маргаанд оролцохгүй.

Хамгийн гол нь Монгол Улсын 50 магадгүй 100 жилийн хөгжлийн замыг тодорхойлох энэ асуудлыг маргалдсаар байгаад, үндэсний зөвшилцөлд хүрч чадалгүй цөөхөн улстөрчид хаалттай хуралдаанаар шийдвэрлэх нь осолтой. Яаж ч шийдсэн байсан цаашдаа үндэсний эв нэгдэлд нөлөөлж, маргааны сэдэв болохгүй явна гэж та бүхэн итгэж байна уу. Тиймээс Үндсэн хуульд заасны дагуу ард нийтийн санал асуулгыг хийе" хэмээн уриаллаа.

ХҮН-ын зүгээс гаргасан уриалгаа уншиж танилцуулсны дараа тус намын Удирдах зөвлөлийн дага Ц.Доржханд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

- ШХАБ-д элсэх нь ямар эрсдэлтэй, бас ямар давуу талтай байж болох талаар мэдээлэл өгөөч?

- ШХАБ-ын хөтөлбөр тодорхойгүй байгаа. Энэ нь бодлого тодорхойлдог манай хоёр хөрштэй холбоотой. Нэг хөрш маань улс төр цэргийн асуудал дээр хамтрах сонирхолтой бол нөгөө нь эдийн засгийн салбарт хамтаръя гэдэг. Ийм зарчмын зөрүүтэй ойлголтууд байгаа. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд саяхан "Нэг бүс, нэг зам" санаачилгыг цаашид хэрэгжүүлж явах хамгийн том платформ бол ШХАБ байна хэмээн зарласан. Ингээд хоёр хөршийн сонирхол зөрчилдөөд байгаа. 

ШХАБ-ын хүрээнд 2050 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагаа байхгүй гэж заасан ч түүнээс цааш нөхцөл байдал  өөрчлөгдөх магадлалтай. Тэр үед Монгол Улсын эрх ашиг юу байх вэ, бид ШХАБ-д орсноороо ямар эдийн засгийн давуу талуудыг бий болгох вэ.

Манайх шиг байгалийн баялаг, эрдэс ихтэй орны хувьд түүнийгээ яаж гаргах гэдэг асуудал маш чухал байгаа. Тэгэхээр эдийн засгийн боломжууд нээгдэнэ гэвэл бид цааш нь судалмаар байна. 

Иргэн хүний хувьд бид Монгол Улсад ШХАБ-д элссэнээр ямар үүрэг хүлээх, ямар эрсдэл байгаа гэдгийг эхний ээлжинд мэдэж, дүгнэлт хиймээр байна. Ингээд олон нийтийн санал асуулгаар асуудлыг шийдье гэж байгаа юм. Энэ бол чухал шийдвэр тиймээс цөөн тооны улстөрчдөөр шийдүүлмээргүй байна.

- ШХАБ-д элссэн байгууллагуудад эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсан талаар жишээ байгаа юу?

- Бидний судалснаар яг одоогийн байдлаар бол тодорхой төсөл хэрэгжсэн зүйл байхгүй. 2025 он хүртэл эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллахгүй гэсэн тохиролцоотой ч цаашдаа магадлалтай.

Өмнөх Засгийн газруудын хувьд эдийн засгийн чиглэлээр хамтарч ажиллая. Харин улс төр, цэргийн асуудлаар ажиглагчийн байр суурьтай байх бодлогын залгамж халаа байсан. Одоо гэнэт энэ асуудал сөхөгдөөд ирмэгц ЗГ ганц өдөр хуралдаж шийдвэр гаргаад, түүнийг нь Ерөнхийлөгч барьж очоод санал тавих нь зохисгүй юм. 

ХҮН-аас гаргасан уриалга /Бүрэн эхээрээ/

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТУХАЙ УРИАЛГА

Эх орныхоо ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ЭВЛЭЛДЭН нэгдсэн бид Монгол Улсын алс ирээдүйн хөпкил. үндэсний эрх ашиг. тусгаар тогтнол, эв нэгдлийг эрхэмлэн төр засаг, нам, улс төрийн хүчнүүд, нийт Монголчууддаа хандан уриалга гаргаж байна.

Монгол Улс олон улс, бус нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудад, тэр дундаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д нэгдэн ҮҮРЭГ хүлээж, бусад улсуудтай хамтран ажиллах нь нээлтэй билээ. Гэсэн хэдий ч ШХАБ-д элсэх эсэх тухай асуудал иргэдийн анхаарлыг татаж, буруу зөруү мэдээлэл тархан төөрөгдүүлж, нийгэмд талцал үүсгэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар энэхүү чухал асуудлыг онцгойлон анхаарч, олон талаас нь харгалзан, тулхтай шийдвэр гаргах ёстой гэж үзэж байна.

Иймээс ШХАБ-д элсэхтэй холбоотой зсуудлыг нэмж судлах, Монгол Төрийн зүгээс иргэддээ ШХАБ-д элссэнээр Монгол Улсын бие даасан гадаад бодлого, олон улсын нэр хүндэд ямар давуу болон сөрөг тал бий болох, эдийн засаг, хөрөнгө оруулалтын яг ямар нөхцөл, боломж, давуу тал үүсэх, элсэхгүй бол ямар боломж хаагдах гээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч, ойлголтын зөрүү, маргаангүй шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна.

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН)-ын зүгээс ШХАБ-ын зорилго сайн мууг шинжлэн дүгнэх, асуудлын шийдлийг чиглүүлэх, Монгол Улсын гадаад бодлогыг шүүн хэлэлцэх зорилгогүй. Гагцхүү энэхүү шийдвэр Монгол Улсын ирээдүйг олон жилээр тодорхойлж явах нөлөөтэй, түүхэн чухал шийдвэр тул Монгол Улсын өнөөгийн Төр засаг судалгаа, итгэл үнэмшил муутайгаар, богино хугацаанд яаран энэ шийдвэрийг гаргах ёсгүй гэж үзэж байна. Учир нь,

  1. Энэ шийдвэр бол нэг байгууллагад гишүүн болох төдий асуудал биш. Монгол Улсын хөгжлийн бодлого, хөгжлийн арга замд шууд нөлөөлөх асуудал,
  2. Монголчуудын эуун зуун жилээр хүсч тэмүүлж, амиа зориулж, тэмцэж олсон тусгаар, бие даасан байдалд ямар нэг байдлаар тусгалаа олох, цаашид нөлөөлж болох асуудал,
  3. Ийм чухал асуудлыг одоо засаг барьж байгаа эрх баригчид, цөөн улс төрчид иргэдээсээ мэдээлэл нуун, хаалтай хуралдаанаар шийдвэр гаргах нь цаашид Монголчуудын дунд үл итгэлцэл, хардалт, хагарал үүсгэж олон жил үргэлжилж болох хортой үр дагавартай үндэсний эв нэгдэлд харш үйлдэл,
  4. Улс орны ирээдүйн олон арван жилийн өнгийг тодорхойлох чухал асуудлыг өнөөгийн дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон ард олны дунд нэр хүнд нь илт унасан намууд, улс төрчдөөр шийдүүлэх, итгэл хүлээлгэх боломжгүй онц чухал асуудал.

Дээр дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлсийг үндэслэн, улс орны хойч ирээдүй үндэсний эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэн үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн 16-д зааснаар ШХАБ-д элсэх эсэх тухай асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж, эцэслэн шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их хурал, Засгийн газарт хандан уриалж байна.

Энэхүү уриалгыг дэмжиж, Монголчууд нэгэн тал болж эх орныхоо ирээдүйн хөгжил, сайн сайхны төлөө идэвхтэй хамтран ажиллахыг нам, улс төрийн хүчнүүд, эх нутаг болон гадаадад оршин суугаа нийт Монголчууддаа уриалж байна.

Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр