Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/25-НД НИЙТЛЭГДСЭН

Юлия Скрипаль: Халдлагаас хойш миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн

Э.Мөнхзаяа
2018 оны 5 сарын 25
MorninigNews.mn
Зураг зураг

Юлия Скрипаль аллагад өртөөд амьд гарсан билээ. Их Британийн засаг захиргаанаас энэхүү халдлагын гол буруутныг Орос гэж үзсэн. Гэвч Оросын хамгийн алдартай тагнуулчдын нэг Сергей Скрипалийн охин халдлага өртсөн хэдий ч цаашид эх орондоо эргэж очно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. “Энэ нөхцөлд мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн гэдэг нь цочирдуулж байна” хэмээн Тойтерс  агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр өгүүлсэн Юлия Скрипаль цааш нь “Миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн” хэмээжээ.

Британийн тусгай албанд Оросын хэдэн арван тагнуулчийн тухай мэдээллийг дамжуулсан Улсын тагнуулын газрын ажилтан асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд Английн Солсбери хотод гудамжны сандал дээр ухаангүй байдалтайгаар олдсон билээ.

33 настай Юлиягийн хувьд 20 хоногийн турш ухаангүй байсан юм.

"20 хоног ухаангүй байгаад сэрэхдээ л би аавтайгаа хоёулаа хордсон болохоо мэдсэн” хэмээн халдлагад өртсөний дараа хэвлэлд мэдээлэлд өгсөн анхны ярилцлагадаа дурджээ. Тэрбээр Британийн цагдаагийн газрын тусламжтайгаар “Ройтерс" агентлагтай холбогдсон байна.

Скрипаль Лондонд энэхүү ярилцлагаа өгсөн бөгөөд яг хаана байрлаж байгаагаа нууцалсан байна. Учир нь тэрбээр Их Британийн хамгаалалтад байгаа юм. Юлия Солсбери дэх эмнэлгээс халдлагад өртсөнөөс хойш таван долоо хоногийн дараа гарч, саяхныг болтол хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөгүй билээ.

“Биднийг хөнөөх гэсэн оролдлогоос амьд гарч чадсандаа үнэхээр азтай. Бие эрүүлжиж тэнхрэх үйл явц удаан, маш их өвчин зовуурьтай байна” хэмээн тэрбээр мэдэгдэлдээ өгүүлжээ.

“Одоо бол би амьдралдаа гарсан гайхам өөрчлөлтөд бие, сэтгэл санааны хувьд дасан зохицохыг хичээж байна. Би өнөөдрөөрөө амьдрахыг хичээж, эцгийгээ бүрэн эдгэртэл тус болох бодолтой байгаа. Цаашид би гэртээ, эх орондоо харина гэж найдаж байна" хэмээжээ.

Скрипаль оросоор ярьсан бөгөөд орос, англи хэлээр өөрөө бичсэн гэх мэдэгдлийг өгчээ. Тэрбээр мэдэгдэл хийснийхээ дараа энэхүү хоёр хэл дээрх баримтад гарын үсэг зурсан байна.

Скрипаль камерт мэдэгдэл хийснийхээ дараа асуултад хариулахаас татгалзжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Скрипалийн аав охин хоёрыг мэдрэл сэтгэцэд нөлөөлж, үхэлд хүргэдэг “Новичок” хэмээх бодист хордсон гэж өмнө нь мэдэгдсэн билээ. Уг бодисыг 1970-1980-аад онд ЗХУ-д боловсруулжээ. Мэй энэхүү халдлагад Оросыг буруутгасан байна.

Уг халдлага нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европын газар нутагт цэргийн ангиллын мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх бодис ашигласан нь ил болсон хамгийн анхны тохиолдол юм. Европ, АНУ-ын холбоотнууд үүнтэй холбогдуулан Мэйгийн талд зогсож, хүйтэн дайнаас хойш Оросын дипломатчдыг бөөнөөр нь баруунаас хөөсөн.

Орос ч мөн хариу арга хэмжээ авч, барууны дипломатчдыг гаргаснаар барахгүй халдлагад хамааралтай гэдгээ үгүйсгэж, Британийн тусгай албыг баруунд Оросын эсрэг хийрхэл үүсгэх зорилгоор зориудаар ийм зүйл зохион байгуулсан гэжээ.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Юлия Скрипалийг дарамт шахалт дор мэдэгдэл хийсэн гэж таамаглаж байна. ОХУ-ын төлөөлөгчид одоо ч түүнтэй уулзаж, холбоо тогтоож чадахгүй байгаа аж.

Оросын ГХЯ-ны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэхдээ Москвагийн зүгээс Скрипальтай холбогдох гэсэн оролдлогууд амжилтгүй болж байгаа гэжээ.

Тэрбээр “Бид Оросын ГХЯ, Лондон дахь ОХУ-ын ЭСЯ Юлия Скрипальтай холбогдох гэж оролдоогүй нэг өдөр ч байхгүй гэдгийг тэр мэдээсэй гэж хүсч байна. Бидний гол зорилго бол түүнийг хүчээр барьж байна уу, түүний өмнөөс өөр хүн түүний болон эцгийнх нь эрүүл мэндийн тухай мэдээллийг хүргэж байна гэдгийг мэдэх юм” хэмээснийг “Интерфакс” дамжуулсан байна.

Хэн ч миний өмнөөс ярих ёсгүй

Британи дахь ОХУ-ын Элчин сайд Александр Яковенко Юлияг хордсон мөчид Оросын иргэнтэйгээ уулзахыг нэг бус удаа хүссэн юм. “Би Оросын ЭСЯ-нд тусламж үзүүлье гэсэнд нь талархаж байна. Гэвч яг энэ мөчид би тусламжийг авахад бэлэн биш, хүсэхгүй байна” хэмээн Скрипаль мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр “Би өмнөх мэдэгдэлдээ ч хэлсэн. Хэн ч миний болон эцгийн минь өмнөөс ярих ёсгүй. Бид хоёроос бусад хэн ч” гэжээ.

Халдлага үйлдэгдсэн асуудалд нэлээд олон зүйл оньсого таавар мэт хэвээр байгаа юм. Тухайлбал, халдлагын шалтгаан тодорхойгүй, Оросын өнгөрсөн үе Зөвлөлтийн үеийг санагдуулах сэтгэц мэдрэлд нөлөөлөх өвөрмөц бодис хэрэглэсэн зэрэг нь тайлагдаагүй байна.

Оросын эрх бүхий албан тушаалтнууд Орос улс өршөөгдөж, 2010 онд Кремлиэс тагнуулчид солилцооны хүрээнд Британийн талд шилжүүлсэн өндөр настай дүрвэгчдэдээ яагаад халдсан болохыг ойлгохгүй байгаа гэжээ.

Оросын Ерөнхийлөгч, өмнө нь Улсын аюулгүй байдлын хорооны тагнуул байсан Владимир Путин энэ сарын эхээр мэдэгдэхдээ хэрвээ үнэхээр цэргийн зориулалтын мэдрэл, сэтгэцэд нөлөөлөх бодис байсан бол Скрипаль өдийд амьд байхгүй байсан гэж хэлжээ.

Юлиягийн эцэг Сергей Скрипаль энэ сарын 18-нд эмнэлгээс гарсан байна. Эмч нар энэ хоёр өвчтөнийг тархины эргэн сэргэхээргүй гэмтэлтэй болох вий гэж эмээж байв. Тэгвэл одоо Сергей Скрипалийн эрүүл мэндийн байдлыг тийм ч ноцтой биш гэж Солсбергийн эмнэлгээс мэдээлж байна.

Юлия ба Сергей Скрипаль нарын талаар

Юлия фэйсбүүк хуудсандаа 1991 онд №63 дугаар сургуульд элсэж, 2001 онд буюу Путиныг Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн дараа Оросын улсын хүмүүнлэгийн их сургуульд элссэн гэж бичжээ.

2004 оны арванхоёрдугаар сард Холбооны аюулгүйн албанаас түүний эцгийг улсаасаа урвасан, Британийн МИ6-д нууц мэдээлэл дамжуулсан хэмээн баривчилсан юм.

Британийн тагнуулд элссэн Скрипаль Испанид хэсэг хугацаанд байж байгаад АНУ-д саатуулагдсан Оросын 10 тагнуулчийг Москва руу буцаах үед солилцоогоор Их Британид ирэх боломж бүрдсэн билээ.

Юлия Их Британид Оросоос ирсэн юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд Лондоны Хитроу нисэх онгоцны буудалд газардаж, аавтайгаа уулзсан боловч маргааш нь Солсберид ухаангүй байдалтайгаар олдсон.

“Миний хувьд хамгийн ойр дотно газар болсон Солсбери дэх эмнэлэг, тэдгээрийн гайхалтай, эелдэг ажилтнуудад талархаж байна. Түүнчлэн би халдлага болох үед гудамжинд бидэнд тусалсан хүмүүст маш их баярлалаа гэдгээ илэрхийлье" хэмээжээ.

Зураг