Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

Майк Помпео Хойд Солонгост хоригдож байгаа АНУ-ын гурван иргэнийг дагуулж буцах гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын нийслэл Пёньяныг зорьсон тухай мэдээлсэн ба энэ нь нэг сарын дотор түүний хийж байгаа хоёр дахь айлчлал болж байна.

Төрийн департментын мэдээлснээр Помпео удахгүй болох Трамп-Кимийн уулзалтын бэлтгэл ажлаар явж байгаа юм. Тэр уулзалтын хөтөлбөр, цөмийн зэвсгээс ангижрах нөхцлийг тохиролцох гэж байгаа ажээ.

Үүний хажуугаар Помпео Хойд Солонгосын шоронд хоригдож байгаа АНУ-ын гурван иргэнийг дагуулж, нутаг буцах төлөвлөгөөтэй байгааг Өмнөд Солонгосын албаны хүн баталсан байна.

Мөн төрийн нарийн бичгийн дарга Трамп-Кимийн уулзалтын товыг Вашингтонд авч ирэх гэнэ.

Помпео Даваа гарагт Мэрилэнд дэх Эндрьюсийн Агаарын Баазаас хоёр сурвалжлагчийн хамт ниссэн байна. Сурвалжлагчдыг онгоцонд суухаасаа өмнө ямар нэг мэдээлэл тараахыг хориглосон ажээ. Нисэхээс ердөө дөрвөн цагийн өмнө тэдэнд хаашаа аялахыг нь дуулгасан гэнэ.

Тиймээс Помпеогийн аялалын талаар өчигдөр Дональд Трамп анх олон нийтэд мэдэгдсэн юм.

Хойд Солонгост хоригдож байгаа гурван иргэнийг өнгөрсөн долоо хоногт шоронгоос нь зочид буудалд шилжүүлж байрлуулсан тухай Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлж байв. Тэд бүгд Солонгос гаралтай Америкчууд бөгөөд Хойд Солонгост ажиллаж байхдаа тус дэглэмийн эсрэг аюултай ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдаж хоригджээ.

Хэрвээ тэднийг Помпеогийн хамт буцаавал удахгүй болох Трамп-Кимийн уулзалтын үр дүнд сайнаар нөлөөлөх чухал алхам болох юм.

 

Эх сурвалж: Business Insider