Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгост хоригдож байгаа Америкчуудыг шоронгоос зочид буудалд шилжүүлсэн тухай мэдээ ирсэн гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын шоронд АНУ-ын иргэн гурван хүн хоригдож байгаа. Тэд бүгд солонгос гаралтай Америкчууд юм. Өнөөдөр ерөнхийлөгч Трамп тэдгээр хоригдлуудын талаар нэгэн мэдэгдлийг твиттер хуудсандаа бичжээ.

“Манай өмнөх засаг захиргааныхан Хойд Солонгосын шоронд байгаа гурван иргэнээ суллуулахаар удаан хугацаанд ажиллаж байсныг бүгд мэднэ. Гэхдээ үр дүнд хүрээгүй. Харин одоо анхаарлаа хандуулна уу!” гэж тэр бичсэн юм. Удахгүй сайн мэдээ дуулдана гэдгийг тэр ингэж мэдэгдсэн байна.

Ким Хак Сон, Ким Сан Дук, Ким Дон Чул гэх эдгээр гурван иргэний хоёр нь 2017 онд Трампыг ерөнхийлөгч болсны дараа баривчлагдсан.

Тэгвэл Өмнөд Солонгосын хүний эрхийн төлөө тэмцэгчид эдгээр гурван хүнийг шоронгоос гаргаж, Пёньяны ойролцоох зочид буудалд шилжүүлсэн тухай мэдээлэл авсан гэнэ.

Гурван иргэнийг тусад нь байрлуулж, эмчилж, сайн чанарын хоол хүнсээр хангасан тухай мэдээллийг Хойд Солонгосоос авсан гэжээ.

Гэхдээ Пёньян дахь дипломат эх сурвалжууд энэ мэдээллийг баталж чадаагүй байна.

АНУ-ын төрийн департмент бас энэ мэдээллийг батлах боломжгүй байгаагаа мэдэгджээ. Гурван иргэний асуудлыг АНУ-ын шинэ төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео саяхан Пёньянд айлчлахдаа Хойд Солонгосын талтай ярилцсан гэдэг.

Хоригдож байгаа иргэдийн нэг Ким Дон Чул Виржиниа мужийн харьяат бөгөөд 2015 оны аравдугаар сард тагнуул хийсэн хэргээр баривчлагдаж, хүнд хөдөлмөрийн хорих ангид 10 жил хоригдох ял авсан юм.

Тэрээр Хойд Солонгосын Расон эдийн засгийн тусгай бүсэд худалдаа, зочид буудлын бизнес эрхэлж байжээ.

Ким Сан Дук нь 2017 оны дөрөвдүгээр сард Пёньяны нисэх буудлаас баригдсан. Тэр Пёньяны Шинжлэх Ухаан, Технологийн их сургуульд багшлахын хажуугаар өнчин хүүхдүүдийн асрах төвд сайн дураар ажиллаж байсан гэдэг. Түүнийг Хойд Солонгосын төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсанд буруутгасан юм.

Гурав дахь иргэн Ким Хак Сон 2017 оны тавдугаар сард мөн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр баригджээ. Тэр Пёньяны Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн хөдөө аж ахуйн судалгааны фермд судлаачаар ажиллаж байв. Ким Хак Сон нь Хятадад төрсөн солонгос гаралтай хүн. Калифорнид дээд боловсрол эзэмшсэн тэрээр 2000-аад оны үед АНУ-ын иргэн болж байжээ.

 

Эх сурвалж: AFP