Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн эхнэр, ерөнхийлөгчийн ээж эмэгтэй 92 насандаа таалал төгслөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Буш өчигдөр 92 насандаа таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь мэдээллээ.

Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн (том Буш) гэргий, мөн ерөнхийлөгч асан Жорж Бушийн (бага Буш) ээж байсан юм.

Барбара хатагтай Жорж Буштай 73 жил ханилжээ.

Америкийн түүхэнд ердөө хоёр эмэгтэй нэгэн зэрэг ерөнхийлөгчийн гэргий, бас ээж байсан юм. Барбарагаас гадна Абигэйл Адамс нь ерөнхийлөгч Жон Адамсын эхнэр, ерөнхийлөгч Жон Күинси Адамсын эх байжээ.

Тэр 1945 онд Жорж Буштай гэрлэж, зургаан хүүхэд төрүүлсний нэг нь ерөнхийлөгч асан “бага” Жорж Буш, Флорида мужийн захирагч Жэб Буш нар юм. Тэд бас Америкийн түүхэнд хамгийн удаан ханилсан ерөнхийлөгчийн гэр бүлд тооцогддог.

Барбара Буш олон нийтийн дунд гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориулагч, сайн ханийн дүрээр хоногшжээ. “Цагаан ордон дотор чамайг хайрлах, чамайг агуу хүчирхэг болохыг хэлж өгдөг сайн найз хэрэгтэй” гэж тэр 1992 онд нэгэн ярилцлагадаа хэлж байв.

Цагаан ордныг нөхрийн хамт орхин явснаасаа хойш найман жилийн дараа Барбара хүү Бушийнхаа тангараг өргөх ёслолд эргэн ирж байсан юм. Мөн дөрвөн жилийн дараа дахин хүүгийнхээ тангарагийн ёслолд ирж байв.

Тэрээр энэ түүхээрээ Америкт давтагдашгүй нэгэн болсон юм. Учир нь дээр дурдсан Абигэйл Адамс нь хүүгийнхээ ерөнхийлөгч болохыг үзэж чадаагүй гэдэг.

 

Эх сурвалж: Associated Press