Индэр    
2023 оны 5 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

ТОЙМ: "Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалтын эргэн тойронд

Зураг

Япон улсын Хирошима хотноо "Их Долоо" бүлгэмийн орнуудын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 19-21-нд болов.

Цөмийн зэвсгийн асуудал хурцаар хөндөгдөх болсон энэ цаг үед Хирошима хотод хүчирхэг эдийн засагтай орнуудын удирдагч, олон улсын байгууллагуудын тэргүүн нар чуулсан нь уулзалтын гол утга агуулга, илэрхийлэх санаа нь байлаа.

Зохион байгуулагч орны хувьд Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хүндэт зочдоо Хирошима хотын дурсгалын музейд албан ёсоор угтан авсан. Тэд цаг орчмын хугацаанд музейтэй танилцаж, дурсгалын дэвтэрт үг бичсэн юм.

Сонирхуулбал, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден "Энэхүү музей дэх түүх энх тайван ирээдүйг бүтээх бидний бүх үүргийг сануулж байна. Дэлхийг цөмийн зэвсгээс үүрд мөнхөд ангижруулж чадах тэр өдөр рүү хамтдаа ахиц дэвшил гаргацгаая. Итгэл үнэмшлээ хадгалъя" гэж бичжээ.

Харин Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Нагасаки болон Хирошимагийн иргэдийн мэдэрсэн уй гашуу, зовлон гунигт харамслаа илэрхийлсэн бол Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак "Хирошима болон Нагасакигийн иргэдийн зовлон шаналлыг тодорхойлж хэлэх үг олдохгүй байна. Гэхдээ бүхий л зүрх сэтгэлээрээ одоо хэлж чадах зүйл бол дахин ийм зүйл хэрэггүй" гэж бичжээ. 

Ийнхүү дурсгалын музейтэй танилцаж, сэтгэгдлээ илэрхийлэн бичсэн төрийн тэргүүнүүд цөмийн бөмбөгт өртөн амиа алдагсдын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Тэр өдрөө "Их Долоо" бүлгэмийн удирдагчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх үзэл баримтлалаа гаргасан билээ. Үүнд "Цөмийн зэвсэг оршин байгаа нь зөвхөн хамгаалалтын зорилготой бөгөөд түрэмгийлэл, дайныг таслан зогсоох үзэл баримтлалд суурилдаг" гэдгийг онцолж, "Их Долоо" бүлгэмийн удирдагчид цөмийн зэвсэггүй, бүгдэд аюулгүй, хариуцлагатай дэлхийг бий болгох эцсийн зорилготойгоо дахин нотолсон байдаг. 

Мөн Оросын Холбооны Улс (ОХУ)-ын цөмийн зэвсгийн талаарх бодлогогүй яриа нь зэвсгийн хяналтыг алдагдуулж байгаа, Беларусь улсад цөмийн зэвсэг байрлуулах тус улсын санаархал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл болохыг мэдэгдсэн юм.

Онцгой зочин

"Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалтыг сурвалжилж буй олон улсын сэтгүүлчид International Media Center(IMC)-д ажиллацгааж, албан ёсны шууд дамжуулалтуудыг ажиглацгааж байв. Гэнэтхэн л нэг дэлгэц рүү бөөнөөрөө гүйх нь тэр. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Хирошимагийн нисэх буудалд газардаж буйг Японы телевиз мэдээлсэн нь тэр байв. 

Ерөөсөө л энэхүү дээд хэмжээний уулзалтын гол дүр нь "Их Долоо"-гоосоо илүү Володимир Зеленский байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Тэр ирсэн цагаасаа л дэлхий нийтийн анхаарлын төвд байв. 

"Их Долоо" бүлгэмийн удирдагчидтай тусдаа ярилцаж, дараа нь уригдсан улсын тэргүүн нартай уулзахдаа ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийг уриалсан юм. 

Украины ерөнхийлөгч Зеленский уулзалтуудынхаа дараа буюу тавдугаар сарын 21-ний 20:00 цаг орчимд хэвлэлийн хурал хийхээр зарласан. Уг хурлыг сурвалжлах сэтгүүлчид тусгай холбоосоор бүртгүүлж, хэвлэлийн төв рүү автобусаар явцгаасан юм. Унаа хүлээх өрөөнд ороход анх суух суудалгүй байсан бол удалгүй зогсох газаргүй болтол хэвлэлийнхнээр дүүрч байв. Энэ нь түүнийг хэр анхаарлын төвд байгааг илтгэх мэт санагдаж байлаа. 

Володимир Зеленский "Их Долоо" бүлгэмийн чуулганаар АНУ-аас $375 саяын зэр зэвсгийн шинэ тусламж, F-16 сөнөөгч нисэх онгоц, үүнд зориулан нисгэгчдээ бэлдүүлэх амлалттай буцсан. Мөн Их Британи улсын засгийн газар Оросын алмаас эрдэнэ, зэс, хөнгөн цагаан, никелийн импортыг хориглох шийдвэрээ зарласан билээ.

Одоогоор АНУ-ын засаг захиргаа Оросын 22 иргэн, 104 байгууллагыг эдийн засгийн хоригоор шийтгэсэн бол Европын Холбоо 11 дэх удаагийн хориг арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцэж байна.

Хиймэл оюун ухаан санаа зовоох асуудал болов

Техник технологийн дэвшил хүн төрөлхтөнд олон талаар үр өгөөжөө өгч буй ч сөрөг талаа ч харуулсаар байна. 

Ялангуяа хиймэл оюун ухаан сүүлийн үед анхаарал татаж байгаа юм. "Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн онцлох нэг асуудал нь энэ талаар байлаа. Тэд хиймэл оюун ухааны стандартуудыг тогтоох хэрэгтэй хэмээн санал нэгдээд байгаа. 

Иймд тавдугаар сарын 30-нд буюу маргааш "Их Долоо" бүлгэмийн улс орны холбогдох албан тушаалтнууд хиймэл оюун ухааны талаар ажлын уулзалтаа хийнэ. Энэ үеэр оюуны өмчийг хамгаалах, худал мэдээлэл тараах, технологийг хэрхэн зохицуулах зэрэг асуудлыг авч үзэхээ Японы Харилцаа холбооны сайд Такэаки Мацүмото мэдэгдээд байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтыг Япон улсын Гадаад Харилцааны Яамны урилгаар Монгол, Аргентин, Мексик, Шри Ланка, Казахстан, Саудын Араб, Өмнөд Африк, Турк, Филиппин, Күүкийн арлууд гэсэн 10 улсын сэтгүүлч сурвалжиллаа.

"Их Долоо" бүлгэмийн дээд хэмжээний уулзалттай холбоотой мэдээллүүд: