Сүүлийн үед хүмүүс хөдөө амьдрах боломжуудын талаар судалж, хотоос холдохыг илүүд үзэж байна. Учир нь агаарын бохирдол, замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал нь хотын төвлөрлийг сааруулах бодлогоос илүүтэй иргэдэд түлхэц өгч байгаа юм.
Эдгээр шалтгаанаас гадна цалин хангамжаараа хэрэглээгээ хангаж дийлэхгүй байгаагаас ихэнх нь цэвэр агаарт, орлогоо нэмэх ажил олж, бухимдалгүй амьдрахыг сонгохоор ийнхүү судалж эхлээд байна. Энэ талаар цахим сүлжээний 10 мянга гаруй гишүүнтэй "Хөдөө амьдарцгаая" фэйсбүүк групп-т иргэд бичиж эхэлжээ. Зөвхөн цахим орчинд гэлтгүй хотод төвлөрөх хүсэлтэй иргэдийн хандлага харьцангуй өөрчлөгдөж буй.
Гэвч хөдөө амьдрах гэхээр ажлын байр, хэрхэн орлого олж, аж амьдралаа залгуулах вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Тэгвэл хэрхэн орлогын бүтцээ өөрчилж, хөдөө аж ахуйн салбарт өндөр үр ашигтай ажиллах гарц шийдлүүдийн талаар өмнөх ярилцлагуудаас эмхэтгэн хүргэж байна.
Монголын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарт асар их боломж бий. Манай улс энэ онд 71.1 сая толгой мал тоолуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон. Харин бид ийм их баялагтай хэрнээ үр ашгийг нь хүртэж чадаж байгаа бил үү?
"Бизнесээр бодох юм бол нэг хонийг гурван жил маллаад 120,000 төгрөг олдог гэж үзвэл малчид дампуурчихсан. 120,000 төгрөг олохын тулд эхнэр, нөхөр хоёулаа гурван жил, өдөр бүр ажиллаж байна" гэдгийг "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төслийн зохицуулагч Б.Юмжирмаатай ярилцах үеэр хэлж байв.
Тэгвэл үр өгөөжөө бодож, эр төлийг 14 хоногтойгоос нь хоёр сарын хугацаанд тэжээхэд, 7-8 сарын дотор амьдын жин нь 38-45 кг-д хүрч, эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болох юм байна. Ингэснээр тухайн жилдээ борлуулалт хийж болж буйг Булганчууд баталжээ. Улмаар "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэр Иран улс руу экспортолсон байна. Олон улсын стандартаар 20 кг-ын гулуузыг шүүслэг, эрүүл, махны бүтцийн хувьд тохирсон гэж үздэг аж.
Гурван жилийн зуд, ган гачиг, хулгай, халдварт өвчний эрсдэлийг давж байж борлуулдаг малаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах ийм нэг боломж байна. Хоёр сарын хугацаанд тэжээхэд бүтэн жилийн буюу эрчимжүүлсэн мал аж ахуйн зардалтай харьцуулахад малчдаас бага зардал гарна.
Одоогоор Булган аймгийн Баяннуур сумын 10 айлыг "Хурганы тэжээл" төсөлд хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Айл тус бүр 100 хурга тэжээх юм байна. Зөвхөн Булган гэлтгүй бусад аймгийнхан, орон нутгаас хөдөөг зорих иргэд энэхүү тэргүүн туршлагыг хэрэгжүүлж, ашиг шим хүртэх боломж байгаа юм.
Товчхондоо бол орон нутагт хамгийн ашигтай бизнес нь мах. Гэхдээ уламжлалт мал аж ахуйд шинжлэх ухаанчаар хандаж, тогтсон технологийн дагуу ажиллаж чадвал таван хошуу малаас хүртэх ашиг шим арвин. Үүний нэг жишээ нь саяхан монголчууд гантигласан адууны мах Япон руу экспортлоод байна.
Тэд туршилтын журмаар 10 орчим адуу худалдаж аваад, зориулалтын тэжээлийг өгөөд 3-6 сарын хугацаанд бордоход анх 250 орчим килограмм жинтэй байсан монгол адуу өдөрт нэг килограмм жин нэмжээ. Улмаар 180 хоногт 200 орчим килограмм нэмэгдэж, 450 килограмм болсон байна. 450-500 килограмм жинтэй монгол адуу гэж үгүй ажээ. 3-6 сарын хугацаанд тайван, дулаан орчинд адууг бордохоор мах нь зөөлөн болдог юм байна.
Битүү туурайтай гэдгээрээ адуу нь салаа туурайтны өвчин тусдаггүй давуу талтай. Хонь, үхрээс шүлхий өвчин тусахгүй гэсэн үг. Тийм болохоор адуу нь эрүүл амьтанд тооцогддог. Шүлхийг дарах 3-4 жилийг хүлээхгүйгээр адууны махыг экспортолж болно гэсэн үг гэдгийг эдийн засагч Д.Ангар онцолж байв.
Адууг бордсоноор олох ашгийн тухайд Япончуудаас тавих шаардлага их байдгийн хэрээр үнэ нь ч бас өндөр юм байна.
Гантигласан махны тухайд "Нэг кг үхрийн мах АНУ дахь Япон дэлгүүрт 700,000-800,000 төгрөгийн үнэтэй зарагддаг. Манай нэг бүтэн бярууны үнээр гэсэн үг. Япончууд тооны хойноос биш чанарын хойноос явжээ. Үнэтэй үхрийн махаараа дэлхийг хангаж байна шүү дээ. Японы малчид гэж тасархай баян хүмүүс байна" гэдгийг Д.Ангар эдийн засагч цахим хуудсандаа бичжээ.
Түүнчлэн тэрбээр махнаас гадна өөр ямар экспортын боломжууд бий талаар "Миний харсан хэд хэдэн бүтээгдэхүүн бий. Манай улс тэмээтэй. Арабын улс орнуудад ингэний хоормог маш үнэтэй байдаг. Нэг литр нь 30 ам.доллар буюу 100 мянган төгрөг. Гэтэл Монголд ингэний хоормог литр 8-9 мянган төгрөг байдаг. Ингэний хоормогоо үнэ цэнэд оруулах боломж байна. Үнээний сүү шингээж чаддаггүй, сүүнээс харшилтай хүмүүст ямааны сүү сайн таардаг юм байна.
Ямааны сүүг экспортод гаргаснаар ховор учраас үхрийн сүүнээс 10 дахин их үнэтэй зарж болно. Хятадад зөвхөн чинээлэг иргэд нь л ямааны сүү хэрэглэж байна. Тиймээс энэ улсад ямааны сүү, тухайн сүүгээр хийсэн бяслаг зарах боломж байна" гэдгийг өмнөх ярилцлагад дурдаж байв.
Түүнчлэн тэрбээр мал аж ахуйн салбарын боломжууд үнэхээр хязгааргүй юм гэдгийг онцлоод гагцхүү малын өвчнөө л дарчихвал Монгол Улс аравхан жилийн дотор өндөр хөгжилтэй улс болно гэж байлаа. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 40-50 мянган ам.долларт хүргэх боломжтой аж.
АНУ 20-30 жилийн өмнө хонины мах иддэггүй байсан бол сүүлийн 15 жилийн хугацаанд хэрэглээ нь өсөж байна. Гэтэл дэлхий дээр хонины мах нийлүүлдэг Австрали, Шинэ Зеланд гээд цөөхөн улс бий. Бусад нь зөвхөн өөрийнхөө хэрэгцээг хангадаг.
Хонины мах АНУ-д нэг килограмм нь 100-180 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь Шинэ Зеланд хонины мах юм байна. Харин Монголд хонины мах килограмм нь 6-7 мянган төгрөг байгаа. Энэ боломжоо л бид харах ёстойг эдийн засагч Д.Ангар ярьж байлаа. Хонины махаа 30 дахин өндөр үнэд хүргэх боломж байна.
Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг.
Монголчууд мал аж ахуйд суурилсан экспортыг хөгжүүлж чадвал өрхийн орлого сайжирч, эдийн засгийн өндөр үр өгөөж хүртэх боломжтой. Гэвч саад болж нэг гол зүйл нь малын шүлхий өвчин. Төр дангаараа чадахгүй бол хувийн хэвшилд даатгаж, энэ өвчнөөс л салгаад өгвөл экспорт илүү нэмэгдэнэ.
"Шүлхий өвчний вакцины сүүлийн 30-50 жилийн хооронд дэлхий нийтэд байсан зүйл. Франц, АНУ, ОХУ, Европын холбоо уг вакциныг хөгжлийнх нь дээд шатанд хүргэж, хамгийн сайныг нь олоод тогтоочихсон. Монгол Улс өнөөдөр шүлхий ярьж байгаа нь үнэхээр ичгүүртэй зүйл. Тэрбум, тэрбум ам.долларын хөгжлийн гарцыг малын өвчин хааж байна" гэдгийг эдийн засагч онцолсон.
Экспортын энэхүү боломжуудыг алдалгүй өнгөрөөхгүйн тулд мал аж ахуйн болон боловсруулах үйлдвэрүүдийг орон нутагт барьж, төрөөс бодлогоор дэмжин, илүү нарийн төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байна.
Нэрс, үхрийн нүд, хармаг жимсийг зарим аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээнд экспортолж байна. Чацаргана экспортлох зах зээл бий. Жимс жимсгэнэ тариалалтын 80 гаруй хувь нь чацаргана байна. Энэ талаар "Цаашид боловсруулаад гаргах боломж байна. Тогтвортой нийлүүлэлттэй байх гэсэн үндсэн шаардлагыг экспортын бүтээгдэхүүн авах орнууд тавьдаг. Энэхүү шаардлага одоохондоо хангагдаагүй.
Монголын онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг л экспортлох боломжтой. Түүнээс биш массаар тариалах бүтээгдэхүүний хувьд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж байгаа" хэмээн ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ ярьж байв.
Түүнчлэн төрөлжиж, кластер бий болж байж ногоо, жимсний үйлдвэрлэл хөгжинө. Үрийн аж ахуй гэж нэг байдаг ч юм уу. Эсвэл зөвхөн үрсэлгээ бойжуулдаг мэргэшсэн аж ахуй байх хэрэгтэй. Чанартай үрсэлгээ ашиглавал цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэж, өндөр ургац авах боломжтой болно. Гарч ирсэн үрсэлгээг талбайд бий болгоход техник технологийн асуудал бий. Энэ асуудлыг болон хураалтыг хоршиж хийвэл үр дүнтэй. Хүн хүчээр хийдэг ажлуудыг илүү механикжуулах шаардлагатай гэдгийг ч дурдсан юм.
Өдөрт 6-8 литрийн сүү гардаг, хоёр жилд гурван удаа төллөх боломжтой Альпин үүлдрийн ямааг Францаас Монголд оруулж ирээд байгаа. Тус ямаанууд энэ хавар төллөх бөгөөд бэлчээрийн үхэртэй харьцуулахад зардал бага хэрнээ ашиг шим өндөртэй гэдгийг "Нарго грийн" ХХК-ийн зөвлөх Б.Наранцацралт хэлж байв.
Тэрбээр энэ хавраас сүүгээ эхлээд дотоодын зах зээлд борлуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн эр ишгээ малчдад зарах бодолтой байгаа аж.
Ямааны фермийн үйл ажиллагаа эрхэлснээр малчид сүүний гарц сайтай эрлийз ямаатай болох боломжтой. Тухайн ямаа нь монгол орны нөхцөлд дасан зохицох чадвартай. Заавал дулаан байр шаардахгүйгээр өсгөж болно. Саалийн хугацааны тухайд 297 хоногтой гэж ярьдаг байна.
Нэг эр ишгийг гурван сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ. Нэг ямааг 700 орчим евро буюу 2.5 сая орчим төгрөгөөр оруулж ирсэн байна. Цаашид төрөөс бодлогоор дэмжвэл 5-10 жилийн дотор манай улс БНХАУ-ын 14 тэрбум ам.долларын сүүний зах зээлд том тоглогч болж чадна гэдгийг Б.Наранцацралт онцолж байлаа.
Ямааны сүүний бяслагийг нэг килограммыг нь 160,000 төгрөгт хүргэх боломжтой аж. Бяслаг үйлдвэрлэвэл сүүнээсээ 10 дахин илүү үнэтэй бүтээгдэхүүн болгож борлуулж чадна. Хуурай сүү болгоод хүүхдийн тэжээл үйлдвэрлэвэл илүү ашигтай юм байна. Моносын сүлжээгээр Франц улсын хүүхдийн сүү 800 грамм нь 130,000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна.
Дэлхийн зах зээл дээр ямааны сүү үхрийнхээс илүү үнэтэй тул энэ чиглэлээр бизнес эрхэлж, цэвэр агаарт, өндөр орлоготой амьдрах боломж байгаа юм.
Тариаланчид технологи, сортоо сайжруулбал маш сайн ашигтай ажиллаж чадна. Монголчууд хүнсний ногоо, жимсээ өөрсдөө тарихын зэрэгцээ Япон, БНСУ руу экспортлох боломжтой талаар БНСУ-ын иргэн, судлаач Ким Сун Чултай хэлж байлаа. Түүний хувьд 20 гаруй жил судалгаа хийж, дөрвөн улиралд ургах боломжтой усан үзэм Монголд тарьсан хүн юм.
Сонгино, ногоон сонгино, тарвас, амтат гуа, эрдэнэ шиш, хулуу, гүзээлзгэнэ зэрэг 20-30 төрлийн сортыг бий болгожээ. БНСУ-аас 1,600 орчим тонн хүнсний ногоо, жимс монголчууд импортолжээ.
Монголд ногоо тарьдаг хүмүүс их байна. Гэхдээ технологи нь сайн биш. Технологи сайн, муу нь хамаагүй, ургаж байгаа учраас зүгээр гэж боддог. Буруу технологиор нэг хүлэмжид ногоо тарихад 300-500 килограммыг алддаг аж. Ногоо тарьдаг хүмүүст эхлээд сайн үр, технологи хэрэгтэй. Ингэвэл монголчууд эрүүл хүнс хэрэглэж, ногоочид санхүүгийн боломжид хүрнэ.
Долоо, найм, есдүгээр сард сэрүүхэн байдаг үед төмс таривал хамгийн сайн ургац авна.
Төмс тарих технологийг Ким Сун Чул судлаачаас сурсан хүн гурван жил маш сайн ургац авчээ. Тэрбээр аймаг, сум болгон заавал Улаанбаатараас авахгүйгээр өөрсдийн тарьсан хүсний ногоогоо хэрэглэдэг байгаасай гэж хүсэж яваа тариаланч. Эх орондоо ашигтай ажиллавал гэр бүл салахгүй, хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, гадаадыг зорих шаардлагагүй гэдгийг ч мөн хэлж байсан юм.
Солонгос судлаачаас суралцаж, технологийн дагуу ажиллаж чадвал газар тариалангийн салбараас өндөр үр ашиг хүртэж болох юм.
90 хоногт цагаан будаа тарьж болно. Цагаан будааны хэрэглээ өссөөр байгаа ч Монголд үйлдвэрлэл байхгүй хэвээр байна. Уг будааг 100 хувь импортоор авч байгаа бөгөөд зөвхөн дулаахан газар ургадаг гэж боддог. Гэвч хүйтэн газар ч ургуулж болдог. Энэхүү сортыг Монголд тариад 6-7 болж байна. Судалгаа байнга хийдэг.
Баруунхараа бага зэрэг хүйтэн болохоор цагаан будааг гүйцэд болгоход 15 хоног дутаад байгаа. Харин Дорноговь, Өмнөговь, Ховд, Увс, Завхан аймгийн Дөрвөлжин сум гээд цагаан будаа тарихад тохиромжтой газар бий. Температур халуун байвал будаа хурдан болдог" хэмээн дээрх судлаач өгүүлсэн юм.
Манай улсад 17,000 өрх хүнсний ногоо тариалж байгаа гэсэн статистик судалгаа байна. 40 орчим төрлийн хүнсний ногоо тариалж байгаа аж.
Энэ бүхнээс дүгнэхэд, хөдөө аж ахуйд өрхийн орлогоо сайжруулах, цаашлаад улс даяараа чинээлэг амьдрах томоохон боломж арвин байна. Гагцхүү бид бизнес болгож, илүү сайн судалж хэрэгжүүлэх л үлдлээ. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх чиглэлийн эдийн засгийн үр ашгийг таниулсан сургалтыг хөдөөд зохион байгуулж, төрөөс нэгдсэн бодлогоор дэмжих нь чухал байна. Малчид малын тоо толгойд биш чанарт анхаарч хоршоолж, хамтарч ажиллах нь зүйтэй гэдгийг эдийн засагч, судлаачид онцолсоор байгаа юм.
Малын мах бэлтгэдэг, сүү цагаан идээ боловсруулдаг үйлдвэрүүдийг орон нутагт барьж, байнгын ажиллагаатай байлган, боловсон хүчнээр хангамаар байна. Боомтын хөгжил, тэр дундаа мал аж ахуйн экспортыг нэмэгдүүлэхэд дорвитой анхаарна уу. Түүнчлэн экспортын гацаа болсон шүлхий өвчнийг элдэв попрол, мафигүйгээр дараад өгөөч. Ингэвэл бид баян улсын иргэн болж төрсний хэрэг гарч, үр шимээ хүртэнэ.
Газар тариалангийн тухайд технологи, сортоо сайжруулж, зөв арга барилаар ажлаа эхлүүлбэл өндөр үр ашиг хүртэж чадах нь. Түүнчлэн төрөөс шаардлагатай эх үүсвэр, тоног төхөөрөмж, хүлэмжийг бага хүүтэй зээлээр олгож, сургалтыг тогтмол зохион байгуулах хэрэгтэй байна. "Суусан цэцнээс явсан тэнэг дээр" гэсэн ардын зүйр цэцэн үг бий. Ямартай ч төр, хувийн хэвшил, иргэн гурав хамтарч хөдөө аж ахуйн боломжоо ашиглавал илүү сайхан амьдрах үүд нээлттэй байна.