Жижиг дунд үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийг дэмжих, чадавхжуулах замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг сайжруулах зорилготой "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөл хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон хөдөөд ямар боломж байгаа талаар тус төслийн зохицуулагч, "Шинэ Хөдөө Булган Бизнес Инкубатор төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Юмжирмаатай ярилцлаа.
-Энэхүү төсөл анх хэзээнээс хэрэгжиж эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?
-"Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөл 2017 оноос Булган аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Тодорхой хувь нь орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн гэдгийг мөн дурдах хэрэгтэй.
Төслөөр мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгдэж байна. Төслийн хувьд тэргүүлэх зорилго нь ажлын байр бий болгох юм. Гэхдээ энэ бол зөвхөн ажлын байр бий болгох тухай асуудал биш. Ард нь иргэдийн эрүүл мэнд, нийгмийн асуудал, эдийн засаг санхүү, хүний амьдрах чадавх зэргээс гадна хотоос хөдөө рүү шилжих хөдөлгөөнийг бууруулах гээд олон зүйл яригдана.
Орон нутагт ажлын байр маш ховор гэж хэлж болно. Сумаар жишээлбэл ЗДТГ-т ажиллаж байгаа төрийн албан хаагчид, үйлчилгээний ажилтнууд, эмч, сувилагч, багш нар гээд төрийн бүтцийн ажлын байр, нэмээд худалдааны байгууллага (дэлгүүр, хоршоо)-ын ажилтнууд гээд ажлын байр зогсчхоод байгаа гэж болно. Тариалалт, ногоо хураах үе гээд хөдөө аж ахуй, мал аж ахуйтай холбоотойгоор түр ажлын байр бий болж байна. Эдгээр ажлын хүрээнд хөдөөд суурьшил бий болгох боломжгүй нь хэн хүнд ойлгомжтой.
Сумын төвд 500 мянган төгрөгийн цалинтай байх, цалингүй байх хоёр асар их ялгаатай. Орон нутагт орлогогүй амьдарч буй хүмүүсийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх ч дам нөлөөллийг бий болгож байна гэж хардаг. Өрхийн орлого ингэж олон асуудлын учир шалтгаан болоод байгаа юм. Тэгэхээр ажлын байр гэдэг бол бүхэлдээ нийгмийн асуудлыг өөртөө багтааж байгаа хэрэг.
"Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөл Монголд мөс хагалж эхэлсний хувьд алдаа, оноо аль аль нь байгаа. Хувь хүн, улс ч гэсэн алдаан дээрээ суралцаж, туршлагаждаг. Бидний хувьд алдаагаа ололт гэж хардаг. Яагаад гэвэл дахиад олон аймаг алдахгүй байх боломжийг олгож байгаа. Ер нь бид сайжруулах чармайлттай байгаад алдаа байгаа бол илүү том эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж байна гэж боддог. Уг төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа юм.
-Төслийн хүрээнд Булган аймагт хэрэгжиж байгаа ажлуудаас дурдахгүй юу?
-Олон ажил хийгдэж байгаа учраас бүгдийг нь энд ярих боломжгүй. Монгол Улсын хүн амын 1/3 нь малчин болон мал бүхий иргэд байдаг. Тэгэхээр мал аж ахуйг хэрхэн сайжруулах, ямар хөрөнгө оруулалт хийх тухайд жишиг байдлаар аймагтаа ажлууд хийж байна.
Малын үүлдэр угсааг сайжруулах тухайд гэхэд Булган аймаг Сэлэнгэ үүлдрийн үхэртэй. Энэхүү брэнд үхрээ эцэг малаар нь сайжруулаад эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа. Анх төсөл эхэлж байх үед Сэлэнгэ үүлдрийн бяруу 500,000-800 мянган төгрөгөөр борлуулагддаг байсан бол эдийн засгийн өөрчлөлт байгаа хэдий ч бярууг 1,500,000 төгрөгөөр, гунжин үхэр 2,200,000 төгрөгөөр борлуулагдаж байгаа буюу хоёр дахин нэмэгдэж, Сэлэнгэ үүлдрийг малладаг 20,000 гаруй малчин өрхийн орлого нэмэгдсэн үр дүн гарч байна.
Мөн мал эмнэлгийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүст тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Зохиомол хээлтүүлгийн багаж тоног төхөөрөмжийг сумдад олгож байгаа ч гэдэг юм уу аль болох л олдож байгаа боломжоороо цогцоор нь салбараа, иргэдээ дэмжээд асуудлыг нэг талд нь гаргаж шийдэхийг зорьж байна.
Дээрээс нь бог малын чанарыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулалтууд Булганд хийгдсэн. Судалгаа хийж, илүү бог мал өсгөх тохиромжтой, боломжтой буюу цөлөрхөг хээрийн бүсэд багтдаг Булган аймгийн урд сумд руу энэ хөрөнгө оруулалтыг хийсэн байх жишээтэй. Харин үхэр үржүүлэх боломжтой газарзүйн байршил, онцлогийг харж, Булганы хойд таван суманд Сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлж байгаа.
Энд дурдахад, төслийн зүгээс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал аж ахуйн тооцоо судалгаанд үндэслэж ажилладаг.
-Таны хувьд ямар зорилгоор хөдөө ажиллах шийдвэрийг гаргаж байсан бэ?
-Миний хувьд МУИС-ийг экологи, байгаль хамгааллын биологичоор бакалавр, биологиор шинжлэх ухааны магистр зэрэг хамгаалсан биологич мэргэжилтэй. Аялал жуулчлалын чиглэлээр 10 орчим жил ажилласан туршлагатай л хүн. Хотод ажиллаж амьдарч байгаад орон нутагтаа ажиллахаар зорьсон. Хотоос хөдөөг зориход олон сонголтоос татгалзаж, тодорхой цаг, зориулалт гаргаж "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр” төсөл дээр ажиллаж байгаа хүний хувьд Булганыг үйлдвэрлэгч аймаг болгохын тулд зорьж байна. Би ганцаараа энэ бүхнийг хийж байгаа юм биш. Өөрийнхөө хүсэл зориг, эрмэлзэл, залуу насыг орон нутагт тэр дундаа Булган аймагтаа зориулж байж миний амьдрал илүү утга учиртай болно гэж боддог л хүн. Хувийн байр суурь талаасаа хотод амьдраад л хөдөөг шүүмжлээд, Монгол хөгжихгүй байна гэж ярихын оронд хөгжлийн суурь болсон баг, сум, аймгийн нөхцөл байдалтай өөрийн биеэр бодитоор танилцах, судлах, ажиллахыг илүүд үзсэн сонголт хийсэн гэж товчхондоо ойлгож болно. Тийм учраас би үнэхээр хөдөөд хувь нэмрээ оруулж чадах эсэх, тэнд нөхцөл байдал ямар байгаа, яаж өөрчлөх тухайд өөрийнхөө олсон туршлагыг бодлого болгож чадах уу гэдгээ үзмээр санагдсан. Сум, аймгаа хөгжүүлээгүй байж Монгол Улсын хөгжил гэж ярих нь утгагүй.
-Орон нутагт ажиллаж байгаа хүний хувьд хөдөө дутагдалтай байгаа зүйлийг юу гэж харж байна вэ?
-Маркетинг менежментийн хувьд дутагдалтай гэж хэлмээр байна. Талх сайн барьдаг, юм гоё оёдог, ногоо сайн тарьдаг чадвар туршлагатай ч хэнд хэдээр зарах, яаж савлах, хүнд хэрхэн хүргэж, одоогийн шатнаас яаж ахих нь тодорхойгүй. Хэрчсэн гурил хийдэг хүн зөвхөн үүнийгээ 10 жил хийгээд байж болохгүй шүү дээ. Бүтээгдэхүүнээ дараагийн шатанд гаргах эсвэл өргөжиж өөр салбар руу шилжих юм уу заавал нэг ахиц дэвшил гарах ёстой.
Орон нутгийн бичил, өрхийн үйлдвэрлэлүүд хөгжихгүй байна. Жижиг болон дунд үйлдвэрүүдийн зарим нэг нь өсөлт үзүүлж, өргөжиж байгаа тохиолдлууд бол байна. Эхлээд орон нутагт амьдарч байгаа хүмүүсийн амьжиргааг сайжруулах тал дээр бодлогоор дэмжих ёстой шүү дээ. Түүнээс биш хотоос хүн аваачаад наанаа амьдар гэвэл дасан зохицохоос эхлээд амьдрах процесс удаан явагдахаас гадна дахиад л ажлын байрны хомсдол үүснэ. Хөдөөг зорьж байгаа гэр бүлийн хоёр хүний нэг нь ажилтай байлаа гэхэд нөгөөд нь ажлын байр байхгүй байгаад байгаа нь хөдөөг сонгохгүй шалтгааны томоохонд тооцогддог гэж харж болно.
Орон нутагт үйлдвэр эрхэлж байгаа иргэд, хоршоо, аж ахуй нэгжүүдэд бойжуулалт хөгжүүлэлтийн шат дамжлаг зайлшгүй хэрэгтэй. Тиймээс бид "Шинэ Хөдөө Булган Бизнес Инкубатор төв" ТББ-ыг байгуулаад дотоод, гадаадын төсөл хөтөлбөр, чиглэлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна . Монгол Улсын топ 100 аж ахуйн нэгж гэж байдаг шиг Булганд бас шилдэг ААН-ийг бойжуулахаар ажиллаж байна.
-Булган аймагт өнөөдрийн байдлаар хэчнээн хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Чадавхжуулах чиглэлээр хэрхэн анхаарч байгаа бол?
-Олон улсын нийт барааны зах зээлийн цаад үйлдвэрлэгчдийн дийлэнх хувь нь хоршооллын хэлбэр байдаг. Булган аймгийн хэмжээнд 146 хоршоо аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн гэрчилгээтэй байна. Гэвч маш сайн зохион байгуулалттай, хөгжсөн хоршоо нь энэ шүү гэж нэрлэхэд хүндрэлтэй. Тиймээс "Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлт PROGRES төслийн бүрэлдэхүүн II"-той бид хамтын ажиллагаатай ажилладаг. Энэ хүрээнд хоршоодыг бүтэц, хууль эрхзүй, стратеги, эдийн засаг, бизнесийн хувьд чадавхжуулж байна.
2023, 2024 онд 20 хоршоог чадавхжуулахыг зорьж байгаа. Одоогоор 13 хоршоотой ажиллаж байна. Хоршоодыг чадавхжуулах сургалтыг одоогоор зөвхөн Булган аймагт хэрэгжүүлж байгаа.
Ажлын байр олдохгүй байна гэдэг. Ажлын байр гэдэг нь хүн авчраад загнаад, тав тухгүй орчинд ажиллуулахыг хэлэхгүй. Талх хийхдээ өндөг, давс, ус, гурил хийдэг жор байдаг шиг хүний нөөц гэдэг нь жор, технологи юм. ААН-үүдийн захирал хүний нөөцийнхөө технологийг ойлгох ёстой. Стратеги, менежмент, хүний нөөц, хууль эрх зүй, брэнд, бизнес төсөл бичих талаарх цогц сургалтуудыг Булган аймгийн иргэд, аж ахуй нэгж, хоршоодод Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн багш нар орж байна.
-Анхны замыг нь та бүхэн татсан учир Шинэ хөдөө нэртэй төслийг өөр аймагт хэрэгжүүлэхэд илүү амар болсон болов уу?
-Мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл дээр улсын төсвийн хөрөнгө оруулалт тавигдаж байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хөрөнгө оруулалт хийх боломжтой зүйлүүдийг баталсан. Ойлгодог болсон. Тиймээс бусад аймгууд Шинэ Хөдөө Хөвсгөл, Шинэ хөдөө Увс гэдэг байдлаар тухайн төслийг батлуулж аймаг аймагтаа хөрөнгө оруулалт суулгаж байгаа. Одоогоор Шинэ хөдөө гэдэг төсөв тавиулсан 12 аймаг, нэг дүүрэг байна. Булган аймаг түүчээлээд төслийг эхлүүлсэн учраас дараа нь хэрэгжүүлэх аймгуудад илүү хялбар болсон гэж болно.
-Асуухгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Мал аж ахуйн экспортын тухайд саяхан та бүхэн шинэ дэвшил нэвтрүүлсэн. Хоёр сарын хугацаанд тэжээж, бусад үед бэлчээрт малласан хурганы амьдын жин 7-8 сарын дараа 38-45 кг хүрсэн талаар мэдээлэл байсан. Махаа экспортолж байгаа юу?
-Манай төсөл үндэсний үйлдвэрлэгч "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэртэй хамтран санамж бичгийн хүрээнд "Хурганы тэжээл" туршилтын төслийг 2022 онд хэрэгжүүлсэн. Булганы урд талын таван сумын хонины аж ахуйгаар ажиллаж амьдрах сонирхолтой, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой нэг нэг малчидтай хамтарч ажилласан юм. Илүү залуу малчдыг сонгох гэж хичээсэн. Хонины аж ахуйг уламжлалт маллагааны аргатай хослуулан шинжлэх ухаанчаар хандаж, хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн амьжиргаагаа сайжруулах, өсөлт үзүүлэх вэ гэдгийг нь туршиж үзсэн гэсэн үг.
Айл бүрээс 100, 100 хурга тэжээх гэж үзсэн. Гэтэл зарим айлаас 70 хурга л гарсан. Зөвхөн эр хурга тэжээсэн болохоор тоо нь ийм байсан гэсэн үг. Хонио гурван настай буюу шүдлэн болгоод шөлний сайхан хонь гээд иддэг зан төрхтэй монголчуудын хувьд. Гэтэл тэр нэг хонийг малчид маань гурван жилийн зуд, зурхан ган гачиг, хулгай, халдварт өвчний эрсдэлийг давж байж борлуулдаг.
Бизнесээр бодох юм бол нэг хонийг гурван жил маллаад 120,000 төгрөг олдог гэж үзвэл малчид дампуурчихсан.120,000 төгрөг олохын тулд эхнэр, нөхөр хоёулаа гурван жил, өдөр бүр ажиллаж байна. Амралтын өдөр гэж байдаггүй. Энэ бүх хөдөлмөрийг нь тооцоод үзэхээр малчид ямар ч ашиггүй ажиллаж байгаа бөгөөд бизнес нь хасах заагаад байгаа юм. Нэмэх рүү орохын тулд "Хурганы тэжээл" туршилтын төслийг хэрэгжүүлсэн гэж хэлж болно.
Үүний ард гурван жилийн бэлчээрийн талхлалт яригдана. 1,500 бог малтай айлаар аваад үзэхэд 500-600 хонь, ямаа нь төллөдөг гэж үзвэл 900 нь зүгээр л бэлчээрийн өвсийг идэж байдаг гэсэн үг. Монголын Улсын нүүрс хүчлийн хийг багасгах хамгийн гол хүчин зүйл нь малынхаа тоо толгойг багасгах шүү дээ. Энэ асуудалд бид бас хувь нэмрээ оруулж байгаа. Дээрээс нь гурван жилийн дараа нэг хониноос 120 мянган төгрөг олох, долоогоос найман сарын дараа олох хоёр асар их ялгаатай.
500 хонио банканд барьцаанд тавиад 10 гаруй сая төгрөгийн зээл авна. Зээлээ төлж чадахгүй бол 10 хэдэн сая төгрөгийн төлөө бүх малаа өгнө гэдэг нь үнэхээр харамсалтай.
Харин үүний оронд эдийн засгийн үр өгөөжөө бодож, эр төлийг 7-8 сарын дотор жинд нь хүргээд, эдийн засгийн эргэлтэд оруулах нь малчид болоод байгаль орчинд өндөр ач холбогдолтой. Нэг малчин өрх 500 эм хонь, сайн үүлдрийн эцэг малтай байлаа гэхэд үзвэл эдгээр хониноос 300 эр, 200 эм хурга гаръя гэж бодъё. Гэхдээ энэ нь мэргэжлийн судалгаа биш. Аман асуулгаар малчдаа асуухаар хүйсийн харьцаа 40:60-тай байдаг гэж ярьдаг.
300 эр төлийг төрөөд 14 хоногтойгоос нь эхлээд хоёр сарын хугацаанд уураг, эрдэс, амин дэмээр баялаг тэжээлээр тэжээхэд амьдын жин нь 38-45 кг-д хүрч болж, тухайн жилдээ борлуулалт хийж болж байгааг туршилтын төслөөрөө баталсан. Ингээд бид буюу хамтран ажиллаж буй "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэр маань Иран улс руу экспортлоод байна. Олон улсын стандартаар 20 кг-ын гулуузыг шүүслэг, эрүүл, махны бүтцийн хувьд тохирсон гэж үздэг.
-Өөрөөр хэлбэл, малчдын хувьд жилд ямар хэмжээний орлого олох боломжтой гэсэн үг вэ?
-500 хонь төллүүлж 300 хургыг нь зарахад 36 сая төгрөгтэй болно гэсэн үг. Нэг жилийнхээ төлөөр л ийм мөнгө олж болох юм. Гэхдээ энэ мөнгөн дүн тухайн жилийнхээ ханшнаас шалтгаалж хэлбэлзэнэ. Тэгвэл банкнаас 10 сая төгрөг зээлээр авахын тулд 500 хонио барьцаанд тавьдаг. Олон төллөсөн хонио дотоодын зах зээлд нийлүүлээд үлдсэн эм хонио сэлгэж, сайжруулж, сэлбэж байх хэрэгтэй. Эм мал, эцэг мал сайжрах тусам сайн үр төл гарна.
Монгол Улсын стратегийн чухал салбар бол ХАА, тэр дундаа мал аж ахуйн салбар тиймээс Булган аймгийн хувьд түүчээлж, судалсан, ойлгож, мэдсэн, нэвтрүүлсэн "Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төсөлтэй холбоотой аймгуудаас асуусан бүх зүйлийг утсаар эсвэл биечилж очоод хэлж өгдөг.
- Хургыг тэжээхэд малчид хэр хэмжээний зардал гаргах тооцоо гарсан бэ?
-Хоёр сарын хугацаанд тэжээхэд бүтэн жилийн буюу эрчимжүүлсэн мал аж ахуйн зардалтай харьцуулахад малчдаас бага зардал гарна. Хурганууд эхийнхээ сүүнд цаддаггүй юм байна. Тиймээс тамир тэнхээ, өсөлт нь муу бойждог. Тэгэхээр бид товчхондоо хурганы тэжээлийг эхийн сүүтэй адил гэж ойлгоход болно. Эхийн сүүндээ цадсан хүүхдүүд эрүүл, мяраатай байдаг. Яг л ийм хурга гаргах гэж байгаа юм. Ямар нэгэн химийн үйлчлэлээр том болгоод байгаа бол эсвэл бордсон бол гаднынхан авахгүй. Ийм зүйл байхгүй гэдэг нь экспортолж байгаагаар батлагдаж байгаа юм.
Хурга эхээс авах ёстой амин дэм, уургаа цаг хугацаандаа тэжээлээрээ авч байгаа болохоор тамир тэнхээтэй болно. Дээрээс нь гүзээний үслэг нь илүү урт ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэж гүзээний үслэг урт ургаснаар бэлчээрээс идсэн өвсийг сайн боловсруулж, жин нэмэх, махлах процессыг сайжруулдаг юм байна.
Энэ хавар Булган аймгийн Баяннуур сумын 10 айлыг "Хурганы тэжээл" төсөлд хамруулна. Айл тус бүр 100 хурга тэжээх юм. Эдгээр айлд сургалт, чиглүүлэлтийг өгч, өмнөх оны аргазүйгээ улам сайжруулж, цаг хугацааг нарийвчлан төлөвлөж ажиллана. Тэжээлээ арга зүйн хүрээнд өгөх юм. Аравдугаар сарын 30-н гэхэд нядалгаанд оруулж, амьдын жингийн хүйтнээс үүсдэг хорогдол гаргахгүй байх дээр анхаарна. Хүйтнээс шалтгаалж малын амьдын жингийн 30 хувь нь багасдаг гэж эрдэмтэн, судлаачид үздэг. Бид бэлтгэж, нийлүүлж чадвал хурганы мах авах зах зээл их бий.
Кластер чиглэлээр ажиллаж байгаа юм. Бид зөвхөн түүхий эдээ боловсруулж тухайн үеийн зах зээлийн ханшаар нийлүүлж байгаа. Хүчит шонхор зах дээр гулууз болоод ирсэн кг махны үнэ 6,000 төгрөг. Харин бид малчдын хаяанаас нэг кг махыг 6,000 төгрөгөөр борлуулж байгаа юм. "Баялаг Фийд" тэжээлийн үйлдвэр, үйлдвэрийн нядалгаанд оруулж, шинжилгээнд оруулан савлаад экспортод гаргах ажлыг хийдэг.
Малчдын хөдөлмөрийг хөнгөлж, орлогоо тухайн жилдээ олох боломжоор хангаж байна. Булганд хоёрдугаар сард "Махны экспорт" хэлэлцүүлгийг зохион байгуулахаар бид төлөвлөж байна.
-Малын тоо толгойг багасгаж байж нүүрс хүчлийн хий буурна гэж түрүүн ярилаа. Малчид харин эсрэгээрээ малынхаа чанараас илүү тоо толгойг өсгөхөд анхаараад байх шиг санагддаг?
-Манай улс мянгат малчин гэдэг цол олгодог. Энэ цол бидэнд эдийн засгийн өгөөж өгөх үү эсвэл эрүүл мэндээ хамгаалах уу, илүү урт хугацаанд мал аж ахуйн салбарыг оршин тогтнуулах уу? Ийм цол өгөөд байгаа болохоор малчид мянгат болох гээд зүтгээд байна. Малчин хүний хамгийн дээд үнэлгээнүүдийн нэг нь мянгат малчин байхад хэн ч байсан энэ цолыг авахыг хүснэ. Тэднийг буруутгах аргагүй. Залуу мянгат малчнаас тодруулахад жилдээ 20 орчим сая төгрөгийн борлуулалт хийдэг гэж байна. Залуу гэхээр оюутан хүүхэдгүй гэсэн үг. Хэрвээ оюутантай бол энэ мөнгийг оюутан хүүхдийнхээ нэг жилийн сургалтын төлбөр, хэрэглээнд зориулаад л таарахаар байгаа биз.
-Та бүхний хувьд өөр ямар төсөл хөтөлбөр аймагтаа хэрэгжүүлж байна вэ?
-Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр төслийг яаж илүү үр дүнтэй, иргэд ээлтэй арга зүйгээр хэрэгжүүлэх вэ? гэж олон талаас нь үзэж байгаагийн нэг нь төслийн нээлттэй сонгон шалгаруулалт буюу нийтийн сайн мэддэгээр Шарк танк хэлбэрээр Булганд зохион байгуулж, эхний шатанд 152 төсөл, хоёрдугаар шатанд 80 төсөл шалгарч, түүнээс 47 төсөл аймгийн хэмжээнд шалгаруулсан. Сумынхаа онцлог, хэрэгцээ, шаардлага, өөрийн чадвар, нөөц дээр тулгуурлаад санаачилга гаргаад орж ирсэн буюу талхны цех яагаад барих гэж байгаагаа ойлгосон хүнийг дэмжихийг зорьсон юм. Талхны цехийн үйл ажиллагаа эрхлээч гээд хүсэлт тавивал хүн олдохгүй. Гэтэл төслийн сонгон шалгаруулалтад бизнес хийе гэж байгаа хүн орж ирнэ. Урьд нь мэргэжлийн бодлогын байгууллага болон сумдын удирдлагын санал авдаг байсан бол бид иргэдийнхээ саналыг авсан гэсэн үг. Бидний зүгээс бизнес эрхлэгчдэд гурван ажлын байр бий болгох шаардлага тавьсан. Энэ нь эхнэр, нөхөр, ээж, аав битгий байгаач гэдгийг хүссэн юм. Сумынхаа нийгмийн ажилтантай холбогдож, ажил хэрэгтэй байгаа хүнийг ажилтай болгох хэрэгтэй гэдгийг зөвлөсөн ийм энгийн шалгуур үзүүлэлтэй байсан гэж ойлгож болно.
Шарк танкын хэлбэртэй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтын үеэр 152 төсөл уншсан, энд сайн муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг сайн, саар зүйлс байсан юм. Юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр бизнесийн төсөл гэдгээ өөрөө ч сайн ойлгоогүй, судлаагүй төслүүд ажиглагдсан юм. Ийм учраас улсын хэмжээнд хамгийн тэгш хүртээмжтэй олгосон сум хөгжүүлэх сангийн зээл төдийлөн үр өгөөжөө өгч чадаагүй гэж хардаг. Харин манай төслийн зүгээс Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих PROGRES төслийн бүрэлдэхүүн II хамтарч ажилласан. Ингэснээр анхан шатнаас нь төслийг нь өөрөөр нь бичүүлдэг болж байгаа. Талхаа сайн хийдэг ч бичиг баримт боловсруулахад мэдлэг дутах хүн бий. Хажууд нь бичээч суулгаж туслуулах шаардлага ч гардаг. Эдгээр хүнтэй нэг бүрчлэн ажилладаг гэсэн үг. Тухайн хүн бизнесээ хэрхэн эрхлэхийг анхнаас нь ойлгож байгаа болохоор бизнес нь дампуурахгүй байх боломжтой. Нөгөө талаар ашиггүй гэдгийг нь судалж, эрсдэлийг нь тооцоогоор нотлоод зарим хүнд бизнес эрхлэхээ болихыг зөвлөдөг. Олон жилийн хүч хөдөлмөр, цаг хугацаагаа дэмий зүйлд зарцуулахаас нь сэргийлж байгаа гэсэн үг.
Уг бизнесийн цогц сургалтын тусламжтайгаар тухайн хүнийг бизнесээ удирдах ухаанд сургаж байгаа. Мөн брэнд бүтээгдэхүүн бий болгоход анхаарна. Брэнд гэдэг технологи руу орно гэсэн үг. Бизнес гэдгийг миний хувьд хүүхэд гэж хардаг. Нэг сартай хүүхдээ 10 настай хүүхэд шиг гүй гээд байж болохгүй. Тэгэхээр бид уужуу байх хэрэгтэй. Суурьтайгаар технологид тулгуурлан бүгдийг дүрэм журам, номынх нь дагуу хийх гээд зүтгээд байгаа юм. Хүмүүс нь бизнесээ хэрхэн арчлах вэ гэдгээ ойлгодог болж байгаа. Энэ ажил тийм амар биш. Нэг аж ахуйн нэгжтэй гурван цаг ярих хэрэг гарна заримдаа (инээв). Тухайн хүний зорилго юу юм, бизнестээ үнэхээр дуртай юу, зөвхөн мөнгө олоход чиглэж байна уу, эх орондоо өөрийнхөө хөдөлмөрийг шингээж баялаг бүтээх гэж байна уу гэх мэтээр ярилцаж, өөрийг нь тодорхойлохыг хичээдэг.
Булганд шилдэг 100 аж ахуйн нэгж бий болгож чадна гэдэгт итгэлтэй байгаа. Зарим хүн намайг залуу насныхаа эрч хүчээр мөрөөдөмтгий, гэнэн байна, хэцүү шүү дээ гээд шоолж байгаа ч хүн бий. Гэхдээ би боломжгүй гэж харахгүй байгаа.
-ЖДҮ-ийн хөрөнгө оруулалт, зээлүүд зөв хүндээ очихгүй байна гэсэн шүүмжлэл их байдаг. Энэ нь ямар шалтгаантай гэж таны хувьд харж байна вэ?
-Зээлтэй юу, байртай юу гэдэг шаардлагаас эхлэлтэй болов уу гэж хардаг. 100 сая төгрөгийн барьцаа хөрөнгөтэй юм бол яах гэж 50 сая төгрөгийн зээл хөөцөлдөх вэ дээ. 50 сая төгрөгөөр өрхийн бизнесийг бага багаар хөгжүүлж, өөртөө болоод өрөөлд ажлын байр бий болгох боломж байгаа ч зээлийн шаардлага өндөр, бичиг баримт бүрдүүлэлт нь ярвигтай. Орон нутгийн бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд ЖДҮ болон бусад зээлд хамрагдах боломж, чадамж үнэхээр тааруу байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлого боловсруулж байгаа хүмүүс хөрсөн дээрээ ажиллаж үзээгүй болохоор учир дутагдалтай шийдвэр гаргадаг гэж л хардаг даа. ЖДҮ-г хөгжүүлэхэд сум, аймгийн онцлогт тохирсон оновчтой бодлого шийдвэр шаардлагатай байгаа.
Одоо улсын хэмжээнд Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн болох Хүнсний хувьсгалын төлөвлөлтийн ажлууд хийгдэж байна. Энэ хөдөлгөөн манай хөтөлбөр төслийн агуулгатай нэг гэж хэлж болно. Хөрс эрүүл бол Хүнс эрүүл, Хүнс эрүүл бол Хүн эрүүл гэдэг. Хүнс үйлдвэрлэгч нар эрүүл, чанартай хүнс үйлдвэрлэвэл улсынхаа үндэсний аюулгүй байдалд онцгой хувь нэмрээ оруулж байгаа юм. Эсрэгээрээ муу, чанаргүй хүнс үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа гэж ойлгож байх хэрэгтэй. Иймд “Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр” төслийн зүгээс үйлдвэрлэгч нартаа эрүүл, органик , эко, чанартай, хөдөө аж ахуйн зохистой дадлыг мөрдөж, байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх шаардлага тавьж ажиллаж байна.
"Шинэ Хөдөө Булган Хөтөлбөр" төслийн хүрээнд сургалтаар бизнес төслөө боловсруулж, хөрөнгө оруулалт татах бүхий л боломжийг эрж, хайж байгаа юм. Урт хугацааны хичээл зүтгэл, бодлого, чиглэл, хөрөнгө оруулалтын үр дүнд нь бид бизнес эрхлэгчдээ бойжуулж, үйлдвэрлэгч аймаг болох боломжтой.