Индэр    
2022 оны 11 сарын 9
Зураг
iKon.mn сэтгүүлч

Д.Есөн-Эрдэнэ: Нэрс, үхрийн нүд, хармаг жимсийг зарим ААН бага хэмжээнд экспортолж байна. Чацарганын хувьд зах зээл бий

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт, экспортын боломжийн талаар ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Алслагдсан аймаг, сумын иргэд Улаанбаатар хотоос ногоо, жимсээ авах биш өөрсдөө тариалдаг болох боломж бидэнд бий юу? 

-Энэ бол маш чухал асуудал. Төмс хүнсний ногооны хувьд өрхийн үйлдвэрлэл дээр тулгуурлаж байгаа. Алслагдсан аймгууд болон тариалангийн бүсэд ихэвчлэн иргэд хашаандаа хүсний ногоо, жимс жимсгэнэ эрчимтэй тариалж байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр үр олгох хэлбэрээр дэмжлэг үзүүлж байна. Тариалах арга технологийг нь зааж сургах ажил явагдаж байгаа. 

Өрхийн тариалан эрхлэгчид өөрийн үйл ажиллагаагаа бүртгүүлэх шаардлагатай. Өрхийн үйлдвэрлэлийг бойжуулах чиглэлээр технологийн сургалтуудыг явуулж байгаа. Алсдаа бол хорших зайлшгүй шаардлагатай. Газар тариалангийн цахим бүртгэлийн нэгдсэн системд өрхийн үйлдвэрлэлээ бүртгүүлэх хэрэгтэй. 

Талбайн түүх, бүтээгдэхүүнээ борлуулсан талаарх мэдээллийг цахимаар авдаг болсон. Ингэснээр санхүү, үйл ажиллагааны түүхтэй болно. Энэхүү түүхийг хараад үйл ажиллагаа явуулж буйг нь баталгаажуулах тул банк, санхүүгийн байгууллага хөнгөлөлттэй зээл олгох боломж нэмэгдэнэ. 

10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариаланг дэмжих зээл олгоход ихэвчлэн том аж ахуйн нэгжүүд хамрагдсан. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нар авч чадахгүй байсан. Тиймээс төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, газар тариалан гээд хоёр салгасан. Энэ тохиолдолд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдах процесс нэмэгдэж байна. Ногоочид өөрсдийн зарцуулж буй зарлага, орлого, технологийн ажлуудаа бүртгүүлэх нь ач холбогдолтой. Зарим аж ахуйн нэгжүүд үнэхээр үр ашигтай үгүйг нь мэдэхгүйгээр ногоо тариад байдаг. Эхлээд тооцооллоо хийх нь чухал юм. 

-Манай улсад одоогийн байдлаар хэчнээн иргэн төмс хүнсний ногоо тарьж буй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-17,000 өрх хүнсний ногоо тариалж байгаа гэсэн статистик судалгаа байна. 40 орчим төрлийн хүнсний ногоо тариалж байна. Төмсний хувьд сортуудаараа мөн ялгаатай.

-Монголд ургах боломжтой хүнсний ногоо, жимс тариалалтыг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ? 

-Ургамал газар тариалангийн хүрээлэн дээр судалгааны ажил хийгдэж байгаа. Төмсөн дээр гэхэд бичил булцуу үржүүлээд түүнээс гаргасан шинэ сортуудыг тариаланчдад хүргэх ажил хийгдэж байна. 

Төмс хүнсний ногоо тарьж буй 973 иргэн, аж ахуйн нэгжид 28 тэрбум, газар тариалангийн 460 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай гурван хувийн хүүтэйгээр олгосон. 

Зорилтот техникийн үнийн 50 хувийг төрөөс хөнгөлөх талаар яригдаж байгаа

-Тэгвэл техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулахад ямар дэмжлэг үзүүлж байгаа бол? 

-Дэвшилтэт техник технологи худалдаж авахад нь нэмэгдсэн өртгийн албан татварыг чөлөөлж байна. Энэ нь тодорхой хэмжээний дэмжлэг болж байгаа. Улсын төсөв болон гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр техникүүдийг аваад, урьдчилгаа төлбөртэй, урт хугацаатай зээлээр олгох, хоршиж ажиллах чиглэлээр дундын үйлчилгээний төвүүдийг байгуулахад дэмжиж байсан. 

Цаашид төмс хүний ногоо тариалахад ашиглах техникийг худалдан авахад урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, лизингийн үйлчилгээг илүү нэвтрүүлнэ. Мөн тодорхой хэмжээний зорилтот техник дээр төрөөс 50 хувийг нь хөнгөлөх зэрэг боломжийн талаар яригдаж байна. 

-Орон нутагт тарьсан ногоо, жимсээ хадгалах агуулах савын хүрэлцээ муу байгаа нь тулгамдсан асуудал болж буй талаар тариаланчид хөнддөг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Төмс хүний ногооны үйлдвэрлэл орон нутагт их явагддаг. Хадгалалтын агуулах барих нь нэг талаар өндөр өртөгтэй байдаг. Тиймээс хоршоолсон хэлбэрээр агуулах барихад, агуулах барьсан аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор төлөвлөж байна. Хавар шаардлагатай тоног төхөөрөмж үрээр нь хангаад, намар ургацаар нь тооцож авах хэлбэрээр зээл олгох ажил ирэх жилээс хийгдэнэ. 

-Ургацаа хураасны дараа хэрхэн борлуулах вэ гэдэг нь том асуудал байх? 

-Хамгийн чухал зүйл бол хадгалалт, борлуулалтын асуудал юм. Борлуулалтын олон суваг байгаа ч тарьсан бүтээгдэхүүн нь үнэгүйдэхгүй байх хэрэгтэй. 

Ногоочид болгон борлуулалтаа өөрсдөө хийдэг. Харин хоршоолсон хэлбэрээр худалдаагаа хийдэг болмоор байна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ жил гэхэд 30 гаруй газрын хүнсний ногооны борлуулалтыг дэмжиж ажиллалаа. Мөн аймаг болгон үзэсгэлэн худалдаа хийж ажилласан. Тариаланчдаас хэрэглэгчдийн гарт хүргэх ажил хүргэлтийн хэлбэрээр мөн хийгдэж байна.

Хүнсний ногооны борлуулалтыг төрөл бүрээр дэмжиж байгаа. Нөгөө талаас хэрэглээ бий болгох нь чухал. Амин дэм бүхий төмс хүнсний ногоогоо хүнсэндээ түлхүү хэрэглэх шаардлагатай. 

-Зөвхөн тариалангаа эрхлэх биш нэгнээсээ туршлага судлах, судалгааны чиглэлд өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг яаж олгох вэ? 

- Судалгаа хөгжлийн төв ажиллаж байгаа. Тодорхой ажлууд хийгдэж байна. Гаднын байгууллагуудын хөрөнгөөр төслүүд хэрэгжиж байна. Тухайлбал, "Монгол ногоо", Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр "Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй", хоршоолсон ногооны аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн төсөл хэрэгжиж байгаа. Мөн бусад сангуудаас олон төсөл хэрэгжиж байгаа. Технологийн шинэчлэл хийсэн төслүүд сайн хийгдэж байгаа. 

-Хүнсний ногоо, жимс тариалалтын хөгжлийг яамны зүгээс хэрхэн харж байна вэ?

-Төрөлжиж, кластер бий болж байж ногоо, жимсний үйлдвэрлэл хөгжинө. Үрийн аж ахуй гэж нэг байдаг ч юм уу. Эсвэл зөвхөн үрсэлгээ бойжуулдаг мэргэшсэн аж ахуй байх хэрэгтэй. Чанартай үрсэлгээ ашиглавал цаг хугацаа, хөрөнгө санхүү хэмнэж, өндөр ургац авах боломжтой болно. Гарч ирсэн үрсэлгээг талбайд бий болгоход техник технологийн асуудал бий. Энэ асуудлыг болон хураалтыг хоршиж хийвэл үр дүнтэй. Хүн хүчээр хийдэг ажлуудыг илүү механикжуулах шаардлагатай. 

Импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох шаардлагатай

-Тарьсан бүтээгдэхүүнээ экспортлох боломж бидэнд ер нь хэр байдаг вэ? Цаашид энэ боломжийг хэрхэн нэмэгдүүлэхээр зорьж байгаа бол? 

-Манай улс жилд 19,000 орчим тонн хүлэмжийн ногоог импортоор авч байна. Тухайлбал, 2021 онд өргөст хэмх 1,052 тонн, чинжүү, навчит ногоо, бууцай, салат навч гээд 17,288 тонн гээд нийт 19,588 тонн хүнсний ногоо импортоор авч байгаа юм. Харин дотоодод хэрэглэж байгаа жимс, жимсгэний хувьд 2-3 хувийг л бид өөрсдөө үйлдвэрлэж байна. Тиймээс импортыг орлох үйлдвэрлэлийг бий болгох шаардлагатай. Экспортын асуудал цаашид яригдаж магадгүй. Гэхдээ эхний ээлжид дотоодын үйлдвэрлэлийн хэрэгцээгээ хангана.

Зорилтот чиглэсэн экспорт байхыг үгүйсгэхгүй. Ялангуяа чацаргана экспортлох зах зээл бий. Жимс жимсгэнэ тариалалтын 80 гаруй хувь нь чацаргана байна. Цаашид боловсруулаад гаргах боломж байна. Тогтвортой нийлүүлэлттэй байх гэсэн үндсэн шаардлагыг экспортын бүтээгдэхүүн авах орнууд тавьдаг. Энэхүү шаардлага одоохондоо хангагдаагүй. Нэрс, үхрийн нүд, хармаг жимсийг зарим аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээнд экспортолж байна. Ийм төрлийн Монголын онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг л экспортлох боломжтой. Түүнээс биш массаар тариалах бүтээгдэхүүний хувьд дотоодын хэрэгцээг хангахад чиглэж байгаа.

Ургамлын гаралтай биш газар тариалангийн бүтээгдэхүүнийг шууд экспортлохын тулд хоёр улс хоорондоо хорио цээрийн нөхцөлөө тохирдог. Бэлэн гэхээсээ илүү боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортлох боломж байна. 

-Эцэст нь асуухад жилийн дөрвөн улиралд хүлэмжийн аж ахуй эрхлэх боломж ер нь хэр зэрэг байгаа вэ?

-Монос ХК гэхэд 2 га талбай, Түмэн сүрэг ХХК нэг га талбайн шилэн хүлэмжтэй. 110 га талбайд хүлэмжийн тариалан эрхэлж байгаа. Үүнээс 30 га талбайд нь дөрвөн улиралд тариалах хүлэмж ашиглаж байна. Үлдсэнд нь зөвхөн зуны улиралд буюу тавдугаар сараас эхлээд 10 сар хүртэл тариалалт хийдэг. Хүлэмжийн аж ахуй эрхэлдэг 350 аж ахуйн нэгж, 2,650 иргэн бий. Нийлэг хальсан, нарлаг, шилэн гээд хүлэмжийн хийц олон янз байдаг. Ихэвчлэн шилэн хүлэмжийг ашиглан өвлийн улиралд ногоо тарьж байгаа. 

Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн дэмжлэгийн хувьд тавдугаар сараас эхлээд аравдугаар сарын 15-н хүртэл цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа. Мөн жил болгон хүнсний ногооны үрийг 80 хувь хөнгөлж олгодог. Түүнээс гадна сургалт, технологи, хөдөө аж ахуйн зохистой дадал, нэвтрүүлэх ажил хийгдэж байгаа. Цаашид хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд урт хугацаатай зээл олгохоор төлөвлөж байна.  

Барьцаа хөрөнгө хүрэхгүй тохиолдолд батлан даалт олгох зэрэг байдлаар шийднэ.