Дэлхийн банкны судалгаагаар дэлхийн хэмжээнд 100,000 хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас барж байна. Гэтэл Монгол Улсад энэ тоо 21 буюу бүс нутгийн хэмжээнд энэ төрлийн нас баралтаар дээгүүр бичигдэж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулжээ.
Энэ бол манай улсад зам тээврийн осол "ГАМШГИЙН" хэмжээнд хүрснийг илтгэж буй үзүүлэлт юм.
Мөн осол гэмтлийн улмаас амиа алдсан 0-19 насны хүүхдүүдийн тэргүүлэх шалтгаан нь зам тээврийн осол гэдгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаанаас харж болно.
Зам тээврийн осол ихэнхдээ жолоочийн буруутай үйлдлээс буюу хурд хэтрүүлсэн, гэрлээ шилжүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэргээс эхлээд ямар нэг байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, аюулгүй байдлаа хангаагүйгээс шалтгаалдаг тухай албаны эх сурвалжууд мэдээлдэг.
Өөрөөр хэлбэл, хэн нэгний санамсар болгоомжгүй эсвэл дүрэм зөрчсөн, буруутай үйлдлээс үүдэж бусдын амь нас, эрүүл мэнд хохирсоор байна.
Тэгвэл осол гаргагч жолооч нар үнэхээр замын хөдөлгөөний дүрмээ МЭДДЭГГҮЙ учраас зөрчдөг үү? эсвэл мэддэг ч ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА НЬ СУЛ БОЛОХООР ЗӨРЧИХӨӨС ЭМЭЭДЭГГҮЙ ЮУ? гэдэг нь анхаарах ёстой асуудал болоод байна.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр, он гарсаар эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн 16,966 осол бүртгэгдэж, ослын улмаас 2,145 хүн бэртэж, 426 хүн амиа алджээ. Энэ нь цар тахалтай байсан өнгөрсөн хоёр жилийн мөн үетэй харьцуулахад огцом өссөн үзүүлэлт бол 2019 оны мөн үеэс 0.9 хувиар буурсан тоо баримт юм.
Харин өнгөрсөн есөн сард алба хаагчдын гудамж, замын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн тоо өмнөх гурван жилээс өндөр хэмжээнд нэмэгдсэн гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч Б.Энхболд хэллээ.
Тэрбээр "2022 оны эхний есөн сард бүртгэгдсэн зам тээврийн ослын тоо цар тахлын өмнөх жилээс буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч эсрэгээрээ хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тоо харьцангуй нэмэгдсэн байна. Ер нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн тоо өсөхөд эсрэгээрээ гарсан ослын тоо буурах явдал ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтаар аливаа зөрчлийг илрүүлж, болзошгүй эрсдэлийг таслан зогсоодог гэсэн үг" хэмээн тайлбарлав.
Тухайлбал, энэ оны эхний есөн сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 42,760 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн нь 2019 оны мөн үеэс 69.1 хувиар өссөн үзүүлэлт байна. 2019 оны эхний есөн сард энэ зөрчил 25,289 бүртгэгдэж байсан аж.
Манай улсад жил бүр тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсоноос үүдэн 100-150 хүн амиа алддаг гэх сэтгэл өвтгөм тоо баримт бий. Гэвч он гарсаар эхний есөн сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дээрх 42,760 зөрчлөөс 8,340 хүнийг шүүхээр баривчлуулжээ.
Энэ нь эхний есөн сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн 19.5 хувь нь буюу 8,340 нь огт жолооч биш эсвэл өмнө нь яг ийм үйлдэл гаргаад эрхээ хасуулсан мөртлөө согтууруулах ундааны зүйл хэрэглээд дахин тээврийн хэрэгсэл жолоодож байгаад 7-30 хоног саатуулагдсан гэсэн үг юм.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7-д заасны дагуу, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эхний тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.
Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоног баривчлах арга хэмжээ авдаг юм.
Түүнчлэн дээрх хугацаанд эрүүл хэдий ч жолооч биш эсвэл жолоодох эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон 23,834 зөрчлийг илрүүлжээ.
Энэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эсвэл өөр ямар нэг шалтгаанаар жолоодох эрхээ хасуулсан болон огтхон ч жолооч болоогүй хүмүүс хуулийн шийтгэлээс "хаширдаггүй" буюу хуулийг олон дахин зөрчсөөр байгааг илтгэж байна.
Энэ тухай ТЦА-ны Урьдчилан сэргийлэх албаны ахлах зохицуулагчаас тодруулахад, эрүүл хэдий ч эрхээ хасуулсан хүн эсвэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд адил шийтгэл оногдуулдаг буюу тээврийн хэрэгслийг нь журамлаад, жолоочийг 200,000 мянган төгрөгөөр торгодог. Энэ зөрчил хэрэв хоёр дахь удаагаа давтагдвал дахин дээрх арга хэмжээг авна хэмээн ярилаа.
Жолоочийн эрхгүй хүн осол гаргаагүй тохиолдолд ₮200,000 төлөөд л жолооны ард суух боломжтой хуулийн заалт үйлчилж байгааг анхаарч, чангаруулах шаардлагатай.
Харин дээрх байдлаар осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулбал Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар хорих ял шийтгэдэг гэдгийг энд дурдах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, жолоочийн эрхгүй хүн зам тээврийн осол гаргаагүй тохиолдолд 200,000 төгрөг төлөөд л жолооны ард дахин дахин суух боломжтой хуулийн заалт манай улсад үйлчилж байгааг анхаарч, чангаруулах шаардлага нэгэнт үүсжээ.
Тэгвэл манай улсад сүүлийн хоёр жилийн хугацаанд 96,217 хүн шинээр жолооч болжээ.
Мөн 2021 онд Өршөөлийн тухай хууль батлагдаж, өмнө нь эрхээ хасуулаад байсан 60,183 хүн жолоодох эрхээ буцаан сэргээсэн тухай ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвийн тасгийн дарга Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Түүний хэлснээр, улсын хэмжээнд өдөрт 200-300 хүн онолын буюу замын хөдөлгөөний дүрмийн шалгалт өгдгөөс 40-50 хувь нь тэнцдэг бол авто дромын шалгалтыг өдөрт 150-200 хүн өгдгөөс 70-80 хувь нь тэнцдэг байна. Харин хотын жолоо буюу замын хөдөлгөөний жолоодлогын шалгалтыг өдөрт 150-250 хүн өгч, 50-60 хувь нь тэнцдэг ажээ.
Мөн 2021 онд 32,155 хүн тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ хасуулсан бол 2022 оны эхний есөн сард 39,612 хүн эрхээ хасуулжээ.
Түүнчлэн 2021 онд Өршөөлийн тухай хууль батлагдсанаар 60,183 хүн буцаан эрхээ сэргээсэн байна. Харин энэ оны эхний есөн сард 6,149 хүн жолоодох эрхээ буцаан сэргээжээ.
2021 онд 43,963 хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шинээр авсан бол 26,460 хүн жолоочийн ангилал нэмсэн байна. Харин 2022 оны эхний есөн сард 52,254 хүн шинээр жолоодох эрхийн үнэмлэх авсан бол 25,390 жолооч ангилал нэмсэн байгаа юм.
Мөн жолоодох эрхтэй ч хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх, эгнээгээ буруу эзлэх зэрэг зөрчлөөс үүдэн осол гарах тохиолдол бий.
Энэ талаар ТЦА-ны мэргэжилтнээс асуухад "Бид хяналт шалгалтыг зохих хэмжээндээ сайн хийдэг. Гэсэн хэдий ч жолооны курсүүдийн жолооч бэлтгэж байгаа сургалтын систем хоцрогдсон байна уу, эсвэл суралцагчид нь үнэхээр жолооч болно гэсэн итгэлээр сурч, төгсөхгүй байна уу гэдэг нь зам тээврийн осол гарах нэг шалтгаан.
Наад зах нь зам тээврийн осолд өртсөн жолооч цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгөхөө мэдэхгүй эсвэл цагдаагийн алба хаагч дохио өгөөд зогсооход яаж зогсоод, ямар бичиг баримт шалгуулах ёстой вэ гэдгээ ч мэдэхгүй байх тохиолдол олон гардаг.
Мөн замын хөдөлгөөний ямар дүрэм зөрчвөл ямар шийтгэл хүлээх талаар болон хүн мөргөхөд эсвэл автомашин шүргэх үедээ яах вэ гэдгээ ч мэдэхгүй жолооч олон ажиглагддаг" хэмээн ярилаа.
Харин энэ тал дээр Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос "Жолооны сургалтын чанар муу гэдэг нь өрөөсгөл бөгөөд мэдлэг, ур чадваргүй хүн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжгүй. Иргэд хууль тогтоомжийн хүрээнд тодорхой цагийн сургалтад хамрагдаж, урьдчилсан болон улсын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны эрхийн үнэмлэх авдаг. Жолооч хүний замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн ур чадварын асуудал нь цаг үргэлж мэдлэг ур чадвараа сайжруулж байх ёстой үргэлжилсэн үйл ажиллагаа бөгөөд энэ нь хувь хүнээс хамаардаг" хэмээн мэдэгдсэн.
Мөн жолооны сургалтын төвүүдэд зөвшөөрөл олгодог субъект болох ХНХ-ын Сургалт, үнэлгээ, судалгааны институтээс өгсөн мэдээллээр, улсын хэмжээнд 400 гаруй жолооны сургалтын байгууллага зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Жолооны курсүүдийн стандарт, чанарын хяналтыг ХНХЯ-наас байнга хянаж байгаа гэв.
Энэ тухай тус байгууллагын захирал Б.Батцэцэг хэлэхдээ "Сүүлд 2022 оны нэгдүгээр сарын 4-нд хөндлөнгийн ажлын хэсэг гарч, 49 жолооны байгууллагын сургалтын эрхийг нь цуцалсан бөгөөд уг шалгалтыг хагас жил тутамд нэг удаа буюу тогтвортойгоор хийхийг хичээдэг.
Бид жолооны сургалтын төвүүдийг чанаржуулах асуудал дээр мэргэжлийн зөвлөлүүдтэй хамтран ажилладаг төдийгүй тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шалгуурыг хангаж байна уу гэдэгт хяналт тавьж, сайжруулах чиглэлд анхаардаг. Хамгийн гол нь суралцагч нь төгссөн хойноо замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход өөрийнх нь хариуцлагын асуудал ч мөн нөлөөлдөг" хэмээн ярьсан юм.
Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироохгүй, дүрмээ баримтлаад явах нь 100 хувь жолоочийн үүрэг.
Жил ирэх тусам манай улсын хүн ам, автомашины тоо улам нэмэгдэж, тэр хэрээр хөдөлгөөний нягтаршил, эрчим ч нэмэгдсээр байгаа. Гэтэл жолооч болсон хариуцлагаа ухамсарладаггүй, дүрмээ мэддэггүй, эсвэл мэдсээр байж зөрчдөг жолооч нараас болж хэн нэгэн дотны хүнээ, хүүхэд багачуудаа амь насаар нь хохироогоод, чимээгүй хараад суухыг хүссэнгүй.
Иймд одоогийн жолооч нараас шалгалт авч, тэнцэхгүй хүмүүсийг тэнцтэл жолоодох эрх олгохгүй байхыг нийтээрээ шаардмаар байна.
Үүнээс гадна согтуугаар, эсвэл жолоодох эрхгүйгээр бөх зүрх гарган жолооны ард сууж байгаа ухамсаргүй хүмүүст тооцох хариуцлагыг чанга хатуу болгож яагаад болохгүй гэж. Зэвсэг барьснаас ялгаагүй ийм хүмүүсийн гарт эрүүл мэнд, амь насаа алдахыг хэн ч хүсэхгүй биз ээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
73 СЭТГЭГДЭЛТЭЙ
|