Зураг
Зураг
Индэр    
Зураг
2022 оны 6 сарын 1
Зураг
iKon.mn сэтгүүлч

Монгол хүүхдүүдийн АМЬД ЯВАХ ЭРХ яаж ЗӨРЧИГДӨЖ байна вэ?

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд бид ихэвчлэн хүүхэд багачуудаа баярлуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулан өнгөрүүлдэг. Гэвч энэ нь "Хүүхдийн эрхийг хамгаалах" гэдэг маш том асуудлын өчүүхэн хэсгийг л эзэлдэг билээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдрийг угтан бид тэдний хамгийн гол эрх болох АМЬД ЯВАХ эрхийг зөрчиж, амиа алдахад хүргэж буй шалтгаануудад анхаарах цаг ирснийг сануулж, тоо баримтыг бэлтгэлээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн улирал бүр гаргадаг хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийн тайланд дурдсанаар, 2021 онд 10-14 насны нас барсан хүүхдүүдийн 58 хувь, тав хүртэлх насны эндсэн хүүхдүүдийн 11.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байсан гэжээ.

Иймд эцэг эхийн хараа хяналт 100 хувь шаардлагатай байдаг буюу 0-14 насны хүүхдүүд ямар осол гэмтэлд голлон өртөж, улмаар амиа алдаж байгаа шалтгааныг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тандалтын тайлангаас гурван насны ангиллаар авч үзлээ.



2021 онд улсын хэмжээнд гэмтэл хордлого, гаднын шалтгаант нас баралтын 3,026 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 7.7 хувийг нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

Тодруулбал, өнгөрсөн онд 0-15 хүртэлх насны 234 хүүхэд осол гэмтлийн улмаас амиа алджээ. Энэ нь өмнөх онд бүртгэгдсэн тохиолдлоос буурсан үзүүлэлт хэдий ч насны ангиллаар авч үзвэл 0-4 насны хүүхдүүдийнх 26.6 хувиар буурч, харин таваас дээш насныхны осол гэмтлийн шалтгаант эндэгдэл нэмэгдсэн байгаа юм.

График №1: 0-14 насны хүүхдийн 2021 оны осол гэмтлийн шалтгаант нас баралтын тоо

Гэмтэл, ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн шалтгааныг ангилж харвал,

  • Зам тээврийн ослын улмаас -67
  • Усны ослоор-38
  • Амьсгал боогдож-32
  • Хордож-19
  • Амиа хорлож-17
  • Түлэгдэж-14
  • Унаж гэмтсэний улмаас-10
  • Бусад осол гэмтлийн шалтгаанаар 37 хүүхэд тус тус амиа алджээ. Ингэхдээ 0-4 насныхад амьсгал боогдох шалтгаан тэргүүлж байгаа бол 5-15 хүртэлх насныхад зам тээврийн осол хамгийн өндөр хувийг эзэлж байгаа юм.

(0-14 насны хүүхэд ямар осол, гэмтлийн шалтгаанаар голлон амиа алдаж байгааг дараах зургаас харна уу)

зураг
 

Мөн 2021 онд улсын хэмжээнд санамсаргүй хордох, хорт бодист өртөх шалтгаант нас баралт 1,018 бүртгэгдсэний 1.8 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлж байна.

Хүүхдүүдийн ослын тэргүүлэх шалтгаан болсон зам тээврийн ослын улмаас 2022 оны эхний дөрвөн сард л гэхэд 193 хүүхэд гэмтэж, 21 хүүхэд амиа алджээ.

"Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа, эсвэл автомашинд буруу тээвэрлэсний улмаас амиа алдаж байна"

“Зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл нийслэлд явган зорчигч байдлаар замын хөдөлгөөн оролцож байгаад мөргүүлсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг.

Харин орон нутагт зорчигч хэлбэрээр явж байсан буюу тухайн хүүхдүүдийг хамгаалах бүс, зориулалтын суудалгүй зэргээр буруу тээвэрлэсний улмаас амиа алдсан байна” гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч Г.Ариунгэрэл мэдээлсэн юм.

Хүн амын дунд бүртгэгдсэн нийт осол гэмтлийн дийлэнх хувийг 0-4 хүүхдүүд эзэлж байна

Түүнчлэн улсын хэмжээнд осол гэмтэлд өртсөн иргэдийн дийлэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Тодруулбал, өнгөрсөн онд осол гэмтлийн нийт 142,442 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг насны бүлгээр нь ангилж үзвэл 41,541 нь 0-15 насны хүүхдүүд байгаа нь нийт осол гэмтлийн тохиолдлын 29.1 хувийг дангаараа эзэлж байна. Ялангуяа 0-4 насны 20,243 гэмтсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Насны бүлгээс хамааран осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан харилцан адилгүй. Харин өнгөрсөн оны тухайд бүх насны бүлэгт уналт буюу санамсаргүйгээр унаж бэртсэн тохиолдол нэгдүгээр шалтгаан болсон байна. 10-14 насны хүүхдүүдийн ослын шалтгааны хоёрдугаарт зам тээврийн осол бичигджээ.

Мөн 0-19 насныхны гэмтэж бэртэх зонхилох таван шалтгаанд уналт буюу унасны улмаас бэртэх тохиолдол элбэг байдгаас гадна зам тээврийн осол, түлэгдэх, хүчирхийллийн улмаас гэмтсэн тохиолдлууд осол, гэмтлийн зонхилох таван шалтгаанд нэрлэгдэж байна.

Дээрх шалтгаануудын хамгийн өндөр хувийг эзэлж буй унасны улмаас гэмтэж бэртсэн тохиолдлуудыг насны бүлэг, шалтгаанаар нь харахад улсын хэмжээнд уналтын шалтгаант өвчлөлөөр 59,839 хүн эрүүл мэндийн байгууллагад тусламж үйлчилгээ авсны 34.4 хувийг 0-15 хүртэлх насныхан дангаараа эзэлсэн байна.

Тодруулбал,

  • 15.4 хувийг 0-4 насныхан,
  • 10.4 хувийг 5-9 насныхан,
  • 8.5 хувийг 10-14 насныхан тус тус эзэлж байгаа нь унаж бэртсэн тохиолдлуудын хамгийн өндөр үзүүлэлт юм. 
Хүүхдүүдийн унаж гэмтсэн тохиолдлыг орчноор нь ангилбал 0-4 насны хүүхдийн 3.8 хувь нь, 5-14 насны хүүхдийн 13.8-14 хувь нь тоглоом ба спортын талбайд гэмтсэн байгааг албаны эх сурвалжийн тоо баримтууд харуулж байна.
зураг
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Мөн насны хүүхдүүдийн гэмтэж бэртэж буй гол шалтгааны нэг болсон зам тээврийн осолд өртөх үедээ аль насны бүлэг ямар тээврийн хэрэгслээр зорчиж байсныг судлахад тав хүртэлх насныхан машинд явж байх үедээ зам тээврийн осолд өртсөн тохиолдол хамгийн их бүртгэгдсэн байгаа бол 5-9 насны хүүхдүүд явган явж байх үедээ тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн тохиолдол нэгдүгээр шалтгаан болж байгааг анхаарах хэрэгтэй.

Түүнээс гадна ердийн хөсөг буюу морь, тэмээнээс унаж гэмтсэн тохиолдол 10-14 насныхны тэргүүлэх шалтгаан болсоор байгааг албан судалгаанд дурдсан байна.

Мөн 2021 онд 10-14 насны гэмтэж бэртсэн нийт хүүхдийн 3.5 хувь, 15-19 насныхны 10.6 хувь нь хүчирхийллийн улмаас осол, гэмтэлд өртжээ.

Хүүхдийн осол гэмтлийн дийлэнх хувь нь гэртээ эсвэл тоглоомын талбай, сургуулийн орчинд байдаг талаар мэргэжлийн байгууллагынхан мэдээлдэг. Энэ нь нэг талаараа гэрийнхээ ойролцоо гараад тоглож байгаа ч хүүхдэдээ эцэг, эхчүүд хэзээд анхаарал хандуулж, санаа тавих шаардлагатай болохыг харуулсаар ирсэн билээ.

Хэдийгээр гэмтлийн улмаас нас барсан нийт хүүхдийн тоо өмнөх оны мөн үеэс буурсан нь сайн хэрэг ч санаагаа амрааж, хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулж болохгүй.

Учир нь хүүхэд заавал ямар нэг байдлаар гэмтэх эсвэл хохирогч болж байх албагүй. Бидний ирээдүйг гэрэлтүүлэх бяцхан үрс аль ч орчинд айдасгүй, аюулгүй байх ёстой. Хүүхэд гэдэг бол нийгэмд ямар нэг байдлаар бие даан хариуцлага хүлээх чадамжгүй иргэн. 

Ялангуяа, өсвөр насныхан эцэг, эхээрээ тэврүүлэхгүй, байнгын хараан дор нь байхгүй ч өөрийгөө бүрэн төлөөлөх чадамжгүй гэдгийг мартаж болохгүй. Тийм ч учраас асран хамгаалагч гэдэг чухлаар тавигддаг. 

Байгалийн нөлөөт хүчин зүйлсээс бид эрүүл мэндээ хамгаалж чадахгүй ч осол, гэмтэл бэртлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах боломж үргэлж байсаар байдаг.

Тиймээс хүүхдэдээ тавих хяналтаа сайжруулж, анхаарах халамжаа нэмэгдүүлж, хамгийн наад захын эрүүл, амьд явах эрхийг нь зөрчихгүй байхыг сануулж байна.