Сүүлийн өдрүүдэд гарч буй зам тээврийн осолтой холбоотойгоор жолооч нарын хариуцлага, жолооны курсүүдийн чанарын асуудал хөндөгдөх болсон.
Иймд жолооны курсүүдийн чанарт хяналт тавьдаг байгууллага буюу ХНХЯ-ны ХНХ-ын Сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэгээс энэ талаар тодрууллаа.
- Өнөөдрийн байдлаар хэчнээн жолооны курс зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна вэ. Тэдгээрт үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ямар шалгуураар олгодог вэ?
- Жолооч бэлтгэх сургалтын байгууллагад бүртгэлийн гэрчилгээ буюу зөвшөөрөл олгох үйл ажиллагаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХНХ-ын Сургалт, үнэлгээ, судалгааны институт буюу манай байгууллага дээр шилжиж ирсэн.
Харин энэ үйл ажиллагаа нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.5, 14.6-аар зохицуулагддаг бөгөөд ХНХ-ын сайд болон БШУ-ны сайдын хамтарсан тушаалын хүрээнд сургалт эрхлэх зөвшөөрлийг олгодог.
Одоогоор улсын хэмжээнд 400 жолооч бэлтгэх сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 154 нь нийт 71 салбартайгаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бол орон нутагт 175 жолооч бэлтгэх сургалтын байгууллага зөвшөөрөлтэйгөөр ажиллаж байгаа.
Мөн тэдгээрийн 55 нь мэргэшсэн жолооны байгууллага байгаа юм.
- Сургалтын чанарт нь хэрхэн хяналт тавьдаг юм бэ?
- Бид тухайн сургалтын төвийн сургалтын үйл ажиллагаа нь чанартай зохион байгуулагдаж байгаа эсэх болон сургалтын орчинд байнга хяналт тавьдаг. Тухайлбал, суралцагчдын дадлага хийж байгаа дром нь хангалттай стандартын түвшинд байна уу гэдгийг нь байнга хянадаг гэсэн үг.
Ер нь жолооны курсүүдийн стандарттай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хяналтыг байнга тавьж ирсэн. Сүүлд 2022 оны нэгдүгээр сарын 4-нд хөндлөнгийн ажлын хэсэг гарч, шалгалт хийгээд нийт 49 байгууллагын сургалтын зөвшөөрлийг нь цуцалсан бөгөөд энэ шалгалтыг бид хагас жил тутамд байнга тогтвортой хийхийг зорьж байна.
Уг нь энэ оны гуравдугаар улиралд хяналт шалгалт хийх байсан ч төрийн байгууллагуудын олон давтамжтай шалгалт түр зогссон байгаа учраас зохион байгуулж чадаагүй. Харин оны дараа уг асуудлыг илүү нямбай зохион байгуулахаар төлөвлөж байна.
Жолооны курсүүдийн сургалтыг чанартай болгох, хөдөлгөөнд аюулгүй оролцох тал дээр мэргэжлийн зөвлөлүүдтэйгээ хамтран ажилладаг.
Хамгийн сүүлд бид 2016 онд Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын MNS:2016 стандартыг баталсан бөгөөд одоо тухайн стандартын хүрээнд сургалтын байгууллага суралцагчдыг чанартай бэлтгэж байгаа эсэхэд шалгуур тавьж, хянадаг гэж ойлгож болно.
Жолооч бэлдэх нь эргээд замын хөдөлгөөний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, амь настай холбоотой, эрсдэлтэй үйл ажиллагаа учир аль аль талын оролцоог хангаж, маш сайн зохион байгуулалттай хийх ёстой. Иймд бид байнга сургалтын чанарт нь анхаардаг.
Гэхдээ хамгийн гол нь тухайн сургалтын байгууллагыг суралцаж, төгссөнийхөө дараа замын хөдөлгөөнд аюулгүй оролцох нь суралцагчийн өөрийнх нь хариуцлагын асуудал гэдгийг хэлье.
Мэдээж цаашид сургалтын байгууллагуудыг сайжруулах ёстой маш олон зүйл бий.
- Тэгвэл Та бүхэн сайжруулах тал дээр нь ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
- Сүүлийн хоёр жилд цар тахалтай холбоотойгоор сургалт онлайн буюу цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байсан бөгөөд дээрх байгууллагуудаас мэргэжлийн дромтой нь асар цөөн байна.
- Мэргэжлийн дромтой байгууллага яг хэдэн байгууллага байдаг гэсэн үг вэ?
- Үүнийг судалж байна. Өмнө нь мэргэжлийн дром дээр томоохон салбар сургуультай байгууллага нь жижиг буюу цөөн хүнтэйгээ сургалт явуулдаг байгууллагуудад цаг тохирч, гэрээгээр ашиглуулах хэлбэрээр явж ирсэн.
Гэвч жолоочийн дадлага гэдэг нь өөрөө сайн жолооч бэлтгэх хамгийн суурь, үндсэн шаардлага учраас цаашид мэргэжлийн стандартын шаардлага хангасан дромтой сургалтын байгууллага олон болсноор сургалтын чанар илүү сайжирна гэж харж байгаа. Тиймээс үүнийг мэргэжлийн зөвлөлтэйгөө хамтран үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
- Жолооны курсүүдийн багш нарын ур чадварын асуудалд хэрхэн анхаардаг вэ?
- Жолооны багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг бид БШУЯ-тай хамтран зохион байгуулдаг. Тодруулбал, жолооч бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөрийг БШУЯ-тай хамтран батлаад, тэр хүрээндээ багш нарын сургах зүйн сургалтыг зохион байгуулдаг гэсэн үг. Ингээд тухайн жолооны курсийн сургах багшийн үнэмлэхийг БШУ-ын сайдын тушаалаар баталж, олгодог.
Харин жолооны шалгалтын зохион байгуулалтыг ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв хариуцдаг буюу тухайн суралцагч нь жолооч болоход тэнцэх эсэхийг ЦЕГ-аас шалгаж, үнэмлэх олгодог гэсэн үг. Энэ мэтээр жолооны курсийн сургалтын үйл ажиллагаа нь маш олон талын хамтын үр дүнд бий болдог.
Мөн сүүлийн үед жолооны курсүүдийг ангиллаар нь төрөлжүүлэх асуудал саналын түвшинд яригдаж байгаа.
- Сүүлийн жил сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор шинээр бий болох жолооны курсүүд олон болж байгаа гэх мэдээлэл байна. Энэ жил тухайлбал хэчнээн жолооны курс шинээр зөвшөөрөл авсан бэ?
- Он гарсаар 59 байгууллага жолооны курсийн ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байна. Харин өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор шинээр жолооч бэлтгэх сургалтын байгууллагад зөвшөөрөл олгоогүй.
- Хяналт, шалгалтаар энэ жил 49 байгууллагын зөвшөөрлийг цуцалсан талаар Та дурдсан. Ямар тохиолдолд зөвшөөрлийг нь цуцалдаг юм бэ?
- Хяналт шалгалтаар стандарт, шаардлагад нийцээгүй байгууллагын эрхийг цуцлахаас гадна суралцагчдын зүгээс тухайн жолооны курст мөнгөө төлж сурсан ч өөрийгөө хангалтгүй сургалт авсан талаарх гомдлыг манайд ирүүлэх тохиолдол байдаг.
Өөрөөр хэлбэл, бид суралцагчдаас ирсэн гомдлыг хүлээж аваад мэргэжлийн зөвлөл болон ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвтэй хамтран хөндлөнгийн шалгалт явуулаад зөрчил илэрвэл эрхийг нь цуцалдаг. Өнгөрсөн сард гэхэд яг суралцагчийн гомдлын дагуу шалгаад, нэг байгууллагын эрхийг цуцалсан.
Манай байгууллагын албан ёсны веб сайтад жолооч бэлтгэх сургалтын байгууллагатай холбоотой гомдол хүлээн авах хэсэг бий. Үүгээр бид суралцагчдаас гомдол хүлээн аваад гомдлынх нь дагуу шалгалт явуулж, хөндлөнгийн хяналтыг тавиад явдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|